”Үндэснийхээ хувцсаар гоёх дуртай”

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

”Үндэснийхээ хувцсаар гоёх дуртай”

“Торго” салоны захирал Б.Ачтуяамаа: Хаана ч явсан үндэснийхээ хувцсаар гоёх дуртай

Жил бүр уламжлал болгон зохиогддог “Торго” шоу өөрийн гэсэн үзэгчтэй болжээ. 10 жилийн хугацаанд чамгүй олон загвартай болсон байх даа?

Монголын үндэсний хувцсыг орчин үеийн хэв маягтай хослуулан гаргадаг “Торго загвар” компани маань 10 жилийнхээ ойг “Mongol Premium” нэртэйгээр хийсэн билээ. Энд загварын ертөнцийн сор болсон топ моделиуд бидний урласан 200 гаруй загварыг танилцууллаа. Монгол үндэсний хувцас сүүлийн үеийн загварын чиг хандлагаас хоцрох ёсгүй гэж үздэг учраас жил бүр энэ шоуг хийдэг. Торго салоны нэг онцлог нь загваруудад  маш нарийн оёдол шаарддаг, маш их хөдөлмөр ордогоороо ялгардаг болов уу. Бүгдийг гараар оёх шаардлага гарна гээч. Тэгэхээр түүнийгээ үзэгчдэд хүргэх нь хамгийн чухал гэж үздэг. Ерөнхийдөө загваруудаа өдөр тутмын, гоёлын, авангард гэсэн гурван хэсэгт хувааж байгаа. Өнөөдөр  “Торго” шоу маань өөрийн гэсэн үзэгчидтэй болж чадсанд баяртай явдаг.

Торго салоны хувцсыг гадаадууд их сонирхдог уу. Хувцас хэр их хийлгэдэг бэ?

Гадаадынхан манай загварыг монголчуудаас илүү хүлээж авдаг. Нэлээд хэдэн жилийн өмнө соёлын яамны сайдыг дагаж ирсэн Австрийн 20 гаруй хүмүүст зориулж Баянгол зочид буудалд загвараа үзүүлсэн юм. Тэгсэн тоглолтын дараа бүгдээрээ бидэнд үндэснийхээ хувцсыг хийж өгөөч гэсэн хүсэлт тавьсан л даа. Нөгөөдөр нь явах ёстой байсан болохоор тэр оройдоо хэмжээг нь аваад маргааш нь пирмеркийг нь өмсүүлээд хойноос чинь өгч явуулъя гээд үлдсэн. Явсных нь дараа хувцсыг нь бэлэн болгоод Австрийн консуль Сэргэлэнгээр өгч явуулж байлаа. Тэгсэн “Ийм богинохон хугацаанд ийм чанартай хувцас хийчихэж байгаа юмуу” гээд л гайхаад байсан гэсэн. Энэ нь бидэнд үнэхээр сайхан санагдсан. Тэгээд биднийг Австрийн соёлын өдрүүдэд урьж байлаа. Тэгээд нэг Австри эмэгтэй нь манайхаар дахин үйлчлүүлэхээр бүр зорьж ирсэн. Тайландаас торгоо аваад, манайхыг зорьж  ирсэн байсан. Энэ бүхэн манай хамт олонд маш их урам зориг өгсөн.

Чамгүй үнэтэй хэр нь шоуны маргааш ихэнх нь зарагдчихдаг гэж сонсож байсан. Хамгийн үнэтэй нь ямар загвар байсан бэ?

Шоуны маргааш үзсэн хүмүүс орж ирээд худалдаад авчихдаг. Мэдээж авангард загварын хувцсыг бол үгүй л дээ. Тэгсэн хэр нь хамгийн үнэтэй гардаг нь авангард загварын хувцаснууд. Материал их орно, зарим нэгд нь хорин хэдэн метр торго ордог. Хэдэн жилийн өмнөх Хархорин загварынхаа малгайн чимэглэлийг уран дархан хүнээр хийлгэсэн бүтсэн үнэ нь л гэхэд гурван сая орчим төгрөг болж байлаа.

Бүжигчин байсан хүн яаж яваад загварын ертөнцөд хөл тавих болсон бэ?

УАДБЧ-д бүжигчин байхдаа тоглолтон дээр монгол үндэстэн ястны хувцас их өмсдөг байлаа. Манай эмээ их уран хүн байсан болохоор их гоё хувцас хийж өгнөө. Энэ бүхэн хамгийн их нөлөөлсөн байхаа. Хобби маягаар анх эхэлж байснаа яваандаа өргөжүүлж, өөрсдийн хийсэн бүтээснээ хүмүүст хүргэе гэдэг үүднээс анх удаа загварын шоу хийсэн нь маш амжилттай болж, жил болгоны гурван сард уламжлал болгон зохиодог болсон. “Торго” шоу тэр жилийнхээ үндэсний хувьцасны өнгө төрхийг тодорхойлдог байгаасай гэж хүсдэг.

Таныг “Чоно” группын Ерөнхийлөгчийн гэргий гэдгийг мэдэх юм байна. Бизнесээ өнөөдрийн өндөрлөгт хүргэхэд нөхрийн тань нөлөө байсан биз.

Мэдээж байлгүй яахав. Анхны хүүгээ төрсний дараа нөхрийнхөө зөвлөсний дагуу урлагийн ажлаа орхиж, нэг компанид нь ажиллах болсон. Тэр үеэс өөрийн гэсэн бизнестэй болох санаа төрсөн л дөө. Нэлээд удаан бодсоны эцэст торгоор хувцас хийх санаагаа олсон. Тухайн үед торгоны нэртэй ганц хоёрхон дэлгүүр байдаг. Торгоор гэж дагнаж хийдэг салон байгаагүй. Тэгээд нөхөртөө хэлтэл дэмжсэн. Ингээд бизнесээ эхэлсэн дээ. Эхлээд нэг оёдолчин, нэг худалдагчтай л эхэлж байлаа. Хүн цөөтэй байсан болохоор, нэг харахад өрөөгөө цэвэрлээд, нэг харахад торгоо метрлээд, нэг харахад өөрөө загвар гаргачихсан байдаг байлаа. Өөрөө мэргэжлийн бус хүн учраас чадахгүй. Тэгээд л нэг сайн дизайнер, оёдолчинтой больё гэж шийдээд сайн хамт олон бүрдүүлж чадсан. Өнөөдөр “Торго” салоныг мэдэхгүй хүнгүй болжээ. Т.Ариунаагийн хэд хэдэн клипнийх нь хувцсыг манайх хийсэн. “Торго”-ын хувцсыг амилуулдаг өөрийн загвар өмсөгчид бэлтгэдэг агентлагтай болсон гээд бидний хийсэн ажил нэлээдгүй байна.

Одоо бол нөхрөөсөө зөвлөгөө авахаа больсон юмаа даа?

Бид хэн хэн нь их ажилтай байдаг болохоор ажилд нь тэр бүр оролцоод байж чаддаггүй. Мэдээж зарим асууж зөвлөх юм байлгүй л яахав. Би нөхрийнхөө зарим бизнесийн талаар сайн мэдэхгүй. Хааяа нэг орж ирэхээрээ эмэгтэй хүний нүдээр хараад “Энийгээ ингэсэн бол” гэж хараад түүнийгээ хэлдэг.

Таныг үе үе тайзан дээрээ гардаг гэж сонссон юм байна?

Манайхан чинь 20 жил болоод тэтгэвэртээ гардаг. 2004 онд манай чуулгын нэг бүжигчин эгч санаачлаад бид “Эргэн дурсахуй” төвд нэг тоглолт хийсэн юм. Арван хэдэн хоног бэлтгэл хийгээд тоглоход зритель их сайхан хүлээж авсан. Арван хэдэн жил бүжиглэхгүй байж байгаад буцаад хамт олон дундаа орсон чинь буцаад 18-тай болчихсон юм шиг л санагдаж билээ. Тэрнээс хойш нэг их тайзан дээр гараагүй ээ.

Эхнэр хүн бизнес хөөгөөд эхлэхээр эзэгтэй үүрэг нь орхигддог байх?

Аль болох ажлаа эрт дуусгаад харихыг хичээдэг. Өөрийгөө халамжтай ээж гэж боддог шүү. Хөвгүүд маань ч гэсэн тэгж дүгнэдэг. Багадаа жаахан оройтвол хэзээ ирэх вэ гээд утасдах жишээтэй. Ээж нь гадагшаа гурван сар хэлний курст сураад ирье гэхэд зөвшөөрдөггүй, явбал хамт явна гэдэг байлаа. Магадгүй нэг хэсэг ээжээсээ хол байсан болохоор одоо салахыг хүсдэггүй байх.

Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг. Танай гэрийнхэн үндэсний хувцсаа өмсөнө биз?

Надаас бусад нь өмсдөггүй. Хөвгүүд маань ерөнхийдөө ээжийнхээ хийж байгаа зүйлийг үнэлдэг ч дээл бол өмсдөггүй. Сар шинээр би л ганцаараа л үндэсний загвартай хувцас өмсөнө. Үндэсний хувцас гээд тэрлэг өмсөөд байхгүй л дээ.  Торгоор хийсэн пальто ч юмуу, дотуураа ууж, эсвэл хослол өмсдөг. Гарч байгаа загваруудаас харж байгаад, жилдээ ямар ч байсан хоёр шинэ загвар хийлгэчихдэг болохоор үндэсний хувцсаар баян шүү. Ялангуяа гадны оронд явж байхдаа үндэсний хувцсаа өмсөөд явах нь үнэхээр сайхан байдаг юм. Би бусдын адил үнэтэй брэндийн хувцас өмссөн байлаа ч хүн тэр бүр мэдэхгүй шүү дээ. Харин үндэсний хувцсаа өмссөөд явж байхад , захын хүн хараад үндэсний хувцас нь юм байна гээд мэднэ шүү дээ.

                                          А.Тэлмэн
ЭХ СУРВАЛЖ: WWW.TOPMEDEE.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж