Замын-Үүдийн боомтод гацаа үүсэхийг сануулав

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Замын-Үүдийн боомтод гацаа үүсэхийг сануулав

Манай улсын гадаад худалдааны алдагдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 дахин ихэсчээ. Үүний гол шалтгааныг нефтийн үнийн өсөлттэй холбоотой хэмээн Монголбанкныхан  тайлбарласан юм. Гадаад худалдаа алдагдалтай гарах болсон шалтгаан нь импортолж байгаа бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь уул уурхайн тоног, төхөөрөмж байгаагаас үүдэлтэй аж. Учир нь эдгээр тоног төхөөрөмжийн үнэ маш хурдацтай өсч, харин манайхаас экспортолж байгаа бүтээгдэхүүний үнэ төдийлөн өсөхгүй байгаа юм байна. Гэхдээ “Монгол Улсын хөрөнгө оруулалтын данс ашигтай ажиллаж байгаа учир гадаад худалдааны алдагдлыг хааж чадаж байгаа” хэмээн Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал өчигдөр болсон Монголбанкны ээлжит  хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.  Тухайлбал, эдгээр хөрөнгө оруулалтуудын ихэнх нь уул уурхайд чиглэсэн хөрөнгө оруулалт учир ирээдүйд экспортын бүтээгдэхүүн гаргах хэлбэрээр дээрх алдагдлыг бууруулах боломжтой аж. Тиймээс нэг хэсэгтээ гадаад худалдаан алдагдалтай үе байх нь зайлшгүй хэмээсэн. Харин энэ маягаар импорт удаан хугацаанд “хүчээ авбал” үйлчилгээний хэсгийн алдагдлаас болж бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэл байгааг сануулсан юм.  Тухайлбал, 2007, 2008 онд Замын-Үүдийн гааль дээр сарын хугацаанд бараа дамжин өнгөрч чадахгүй, “гацах” тохиолдол гарч байсантай  ижил тохиолдол бо­лох магадлалтай бай­гааг Зас­гийн газарт сэрэмж­лүүлж, зохи­цуулалт хийх хэрэг­тэйг анхаа­рууллаа. Энэ та­лаарх мэдээллийг эр­дэм­тэн, судлаа­чид сар бүр авах боломжтой бол­сон аж. Учир нь Монгол­банкнаас улирал тутам гаргадаг байсан төлбө­рийн тэнцлийн мэдээг энэ оноос эхлэн сар бүр гаргахаар болжээ.

Н.ЗОЛЖАРГАЛ: МОРГЕЙЖИЙН ЗЭЭЛ НЭВТЭРСНЭЭР БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮ ААЖМААР БУУРНА

Энэ үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргалаас зарим асуултад хариулт авсан юм.

-Хөгжлийн банкинд зориулж 800 тэрбум төгрөгийн бонд гаргах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Үүний үр өгөөжийг хэрхэн харж байна?

-Засгийн газрын бонд буюу өрийн бичиг, Засгийн газрын баталгаатай өрийн бичиг гэсэн хоёр төрөлтэйгөөр гарах юм шиг байна. Бондын эрэлт нийгэмд хангалттай байгаа учир бондоос санхүүжилт босгож чадна гэсэн судалгаа гарсан.  Цаашид эдийн засгийн хэрэгцээнээс хамаараад энэ төрлийн үйлчилгээ улам илүү нэвтрэх байх.

-Ерөнхий сайд орон сууцны зээлийн хүүг зургаан хувь болгох шийд гаргасан. Үүнийг бодит амьдрал дээр хэрэгжих боломжгүй хэмээн салбарынхан нь сануулж байгаа. Гэхдээ хэрэгжиж эхэлбэл арилжааны банкуудын орон сууцны зээлийн хүү буурах уу?

-Засгийн газрын 800 тэрбум төгрөгийн бондын үр ашгийг иргэдэд хүртээх зорилгоор зургаан хувийн хүүтэй моргейжийн зээлийг нэвтрүүлэхээр болсон. Хэрэв ямар нэгэн зардал, хүүний зөрүү гарвал улсын төсвөөс санхүүжүүлэхээр болсон учир энэ зээл хэрэгжих бүрэн боломжтой. Энэ нь дунд хугацаанд инфляцитай тэмцэх Монголбанкны бодлоготой нийцэж байгаа учир бидний зүгээс дэмжиж байгаа. Манай улсын хувьд  моргейжийн зээл гэж бараг байхгүй гэж хэлж болно. Моргейж бол зээлээс гадна  хуримтлал юм. Тэгэхээр энэ маягаар ямар нэгэн хөнгөлөлт үзүүлж байж зээлийн хүү буурна. Үүнийг дагаад дунд хугацаанд банкуудын орон сууцны зээлийн хүү буурна гэж хэлэх байна.

-Ямар шаардлагыг хангасан хүмүүс моргейжийн зээлд хамрагдах боломжтой юм бэ?

-Одоогоор энэ бүхнийг эцэслэн шийдээгүй учир яг ийм шаардлага хангасан иргэд дээрх зээлд хамрагдана гэж хэлж мэдэхгүй байна. Ирэх сарын дундуур тодорхой шийд гарна.

-Тэгвэл энэхүү шийдвэрийг гарахаас өмнө орон сууцны зээлд хамрагдсан хүмүүс моргейжийн зээлд “шилжих” боломжтой юу?

-Моргейжийн зээл хэрэгжиж эхэлснээр арилжааны банкуудын орон сууцны зээлийн эрэлт буурч, яваандаа зээлийнх нь хүү буурах боломжтой. Харин одоогоор зээлд хамрагдаад орон сууц худалдаж авсан иргэд моргейжийн зээлд шилжих боломжтой юу гэдгийг тодорхой шийд гарсны дараа мэдэгдэх байх.

-Банкны тухай хуульд арилжааны банкууд андрайтер хийх эрхтэй гэж оруулж өгсөн байсан. Ингэхээр хөрөнгийн зах зээл банкны системтэй холилдчих юм биш үү?

-Монголын эдийн засгийн 95 орчим хувь нь банкны салбараас хамааралтай. Гэтэл энэ бүхнийг хөрөнгийн зах зээлээс ангид байлгаад  байх  нь  харин зөв үү гэдэг асуулт гарна. Тусдаа байлгаад байвал хөрөнгийн зах зээл хөгжихгүй шүү дээ. Харин гадаадынхан л манай хөрөнгийн зах зээлд оролцдог болж хувирна. Тэгэхээр арилжааны банкуудад  андрайтер хийх эрх олгосон нь буруу биш. Тухайлбал, банкууд ч үүнийг маш эергээр хүлээн авч байгаа юм билээ. Санхүүгийн зохицуулах хороонд  одоогоор 3-4 банк энэ үйлчилгээнд оролцох хүсэлтээ тавьсан байгаа гэсэн. Хамгийн гол нь оролцож байгаа хэмжээг нь маш сайн хянаж, эрсдэлийг тооцоолж байх ёстой. Нэг ёсондоо  лиценз олгож байгаа Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкны хяналт шалгалтын газрынхны үүрэг, хариуцлага илүү нэмэгдэж байна гэсэн үг.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж