Сөүл дэхь монголчуудыг бүртгэж эхлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Сөүл дэхь монголчуудыг бүртгэж эхлэнэ

Хилийн чанадад байгаа иргэдийг Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх нээлтийн ажиллагаа өчигдөр  БНСУ-ын  Сөүл хотноо эхэллээ.  Нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд,   Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар болон албаны бусад зочид, төлөөгчдөөс гадна тус улсад ажиллаж, амьдарч байгаа зарим иргэд оролцсон байна. Нээлтийн үеэр Ерөнхий сайд С.Батболд  хилийн чанадад дахь болон тус улсад ажиллаж, амьдарч буй иргэддээ хандаж бүртгэлд идэвхитэй хамрагдан иргэнийхээ үүргээ биелүүлж, эрхээ эдлэхийг уриалсан аж.  Мөн  Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар энэ үеэр Монгол Улсад иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг хэрхэн зохион байгуулж явуулсан талаар болон гарах  үр дүн, ач холбогдлын талаар,  мөн  гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх эрх зүйн акт,   бүртгэхэд үндэслэх баримт бичиг, бүртгэлд бүртгэх үйл ажиллагаа зэргийг хэрхэн хийж ажиллах талаар танилцуулжээ. Тэрбээр мөн  Монгол Улсын Засгийн газраас иргэдээ эх орондоо болон хилийн чанадад амьдарч байгааг үл харгалзан иргэний шинэчилсэн бүртгэлд адил тэгш бүрэн хамруулж Монгол Улсын Хүний хөгжил сангаас олгож буй хувь хишиг ,мөн ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 хувийн хувьцааг  иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн  иргэдэд нэрийн данс нээж эзэмшүүлэхээр заасантай холбогдуулан   хилийн чанадад амьдарч байгаа.  Монгол Улсын иргэдийн дээрх эрхийг эдлүүлэх  зорилгоор иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг гадаадад  зохион байгуулж байгааг онцлон хэлж байсан юм. Монгол Улсын иргэний бүртгэлийн давхардал, зөрчлийг арилгах зорилгоор  Улсын бүртгэлийн Ерөнхий газар Монгол улсын хэмжээнд Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулж Монгол Улсад анх удаа иргэдээ биеийн давхцахгүй өгөгдлийн мэдээлэл дээр суурилсан иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах чухал ач холбогдолтой, өргөн хүрээний ажлыг  орон даяар  амжилттай  зохион байгуулж дуусгасан билээ.Өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдвэл зохих насанд хүрсэн иргэдийн 94,9 хувь буюу нэг сая 794479 иргэн хамрагдсан байна.  Үүнээс нийслэлийн хэмжээнд 93,3 хувь буюу 750797 иргэн, орон нутгийн хэмжээнд  96,0 хувь буюу 1043682 иргэн бүртгэлд хамрагдаад байна.  Мөн 16-аас доош насны 752373 хүүхэд  бүртгэгдээд байна. Хилийн чанадад дахь Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг гадаадад эхлүүлснээр   нийт иргэний төрсний, иргэний үнэмлэхийн болон байнга оршин суугаа газрын бүртгэлийг баталгаажуулж, иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн мэдээллийн нэгдсэн сантай болох үр дүн гарч, улмаар иргэдэд мэдээ мэдээлэл, лавлагааг чирэгдүүлэхгүй олгох, цаг завыг нь хэмнэх  олон давуу талтайгаас гадна төрийн байгууллагууд  хоорондоо мэдээллээ чөлөөтэй солилцох шуурхай нөхцлийг бүрдүүлэх, бүртгэлийн мэдээллийн сан үүсгэх, иргэний бүртгэлийн давхардал арилах, цаашид бүртгэлийг төгөлдөршихөд чухал алхам болж байгаагаараа  ихээхэн ач холбогдолтой. Түүнчлэн Монгол Улсын иргэн  “Хүний хөгжил сан”-аас хишиг, хувь хүртэж, нэрийн данс нээлгэн хувьцаа эзэмших эрх нь нээгдэж байгаа юм. 

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж