Оюутнууд баарнаас холдох хугацаа ойртож байна

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Оюутнууд баарнаас холдох хугацаа ойртож байна

Нийслэл хотыг их, дээд сургууль, оюутнуудаас “чөлөөлөх” ажил шуударч эхэллээ. Налайхын Шивээтийн хөндийд их, дээд сургууль, эрдэм шилжилгээ, худалдаа үйлчилгээний цогцолбор байгуулах тухай Засгийн газрын шийдвэр хэт холын мөрөөдөл мэт сонсогдож байсан бол зураг төслийн ажил нь ерөнхийдөө дуусч ирэх тавдугаар сарын 1-нээс барилгын бэлтгэл ажлыг нь эхлүүлэхээр болсон байна. Оюутны хотхоны архитектурын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт “Говь трэвэль” компани шалгарсан. Энэ компани хариуцсан ажлаа өнгөрсөн хугацаанд шуурхай хийж, шинэ хотхоны дүр зургийг тодорхой болгожээ.

Оюутны хотхонд аль нэг сургуулийн эзэмшил газар гэж байх ёсгүй. Харин техник технологи, нийгмийн шинжлэх ухаан, мэдээлэл, технологийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны бүс гэх зэргээр төрийн өмчит таван их, дээд сургуульд тулгуурлан бүсчилсэн загвар боловсруулсан байна. Шинэ хотхонд биеийн тамирын иж бүрэн цогцолбор, бөхийн өргөө, театр, номын сан, эмнэлэг гээд бүхий л төрлийн үйлчилгээний байгууллага байх аж. Гэхдээ эдгээр байгууламж нь зай талбайн хувьд хангалттай том. Жишээ нь, зөвхөн театр л гэхэд Улсын драмын эрдмийн театраас том.  Номын сан барих газар нь Сүхбаатарын талбайгаас хоёр дахин том байхаар төлөвлөлтөд тусгажээ. Түүнчлэн  оюутнуудаас гадна багш, ажилчдад зориулан 200 га газарт орон сууц барина. Нэгэнт энд оюутнуудаас гадна багш, ажилчид байнга оршин суух учраас орон сууцны хорооллын ойр орчимд дунд сургууль, цэцэрлэг, ясли, худалдаа үйлчилгээний төв, автомашины гарааш зэргийг барихаар төлөвлөсөн байна. Энэ том бүтээн байгуулалтад эхний ээлжинд 300 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий.  Тиймээс санхүүжилтийн эх үүсвэрийг зөвхөн төрөөс бус, хувийн хэвшлийнхэнтэй хамтран бүрдүүлэх юм. Ингэхдээ сургуулиудын хичээлийн байр, лаборатори, эрдэм шинжилгээний хүрээлэн, номын сан, биеийн тамир спортын цогцолбор болон бусад дэд бүтцийг барьж байгуулах зардлыг төсвөөс гаргана. Харин багш, оюутны орон сууцыг хувийн компаниуд барьж байгуулах боломжтой гэж үзжээ. Эдгээр ажлыг бага зардлаар гүйцэтгэхийн тулд барилгын компаниудад орон сууц барих газрыг үнэгүй өгөх нь зөв хэмээн шийдвэрлэжээ.

Өдгөө оюутны байр гэхээр 4-5-уулаа нэг умгар өрөөнд чихэлдсэн, бараг л бүх зүйлээ дундаа хэрэглэдэг тарчиг амьдрал санаанд ордог. Ер нь “Оюутны амьдрал…” гэсэн ойлголт нэгэнт бий болчихсон шүү дээ. Харин шинэ хотхоны оюутны дотуур байр дээрх тогтсон ойлголтыг халах хэмжээний зохион байгуулалттай байх гэнэ. Оюутнууд хүсвэл ганцаараа ч нэг өрөөнд амьдрах боломжтой. Гэхдээ зохих түрээс төлнө. Орчин үеийн хотхонд, шинээр барьсан тохилог сууцанд амьдарч, сурч боловсорч байгаа хүн зохих хэмжээний түрээс төлөх нь зүй ёсны хэрэг. Ерөнхийдөө оюутны шинэ хотхоныг олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалтын шинэ шийдэл, орчин үеийн залуусын амьдралын шинэ хэв маягаар төсөөлж болохоор байна. Мөн шинэ хотхоныг “Хүний хэрэгцээ цөм багтсан…” хэмээн тодорхойлж болох ч нэг л зүйл тэнд огт байх ёсгүй. Тэр нь баар цэнгээний газар. Оюутны хотхоны ашиглалтын өмнөх захиргаа ажлынхаа үндсэн чиглэлд дээрх зарчмыг хатуу баримталж байгаа. Засгийн газар ч бодлогын шийдвэр гаргахдаа энэ талыг нь анхнаасаа харгалзаж үзсэн юм. Оюутнуудыг архи, согтууруулах ундааны үйлчилгээнээс холдуулж, Монголын ирээдүйг оюунлаг, эрүүл саруул хүн болгон төлөвшүүлэх энэ зорилгыг Төрийн тэргүүн, олон нийт ч нэгэн дуугаар дэмжиж байгаа.

Шинэ хотхонд 150 мянга гаруй хүн ам суурьшина гэж төлөвлөсөн бөгөөд энд өөрийн гэсэн байртай захиргааны хоёр байгуллага байна. Нэг нь орон нутгийн захиргаа, нөгөө нь их сургуулиудын удирдах газрын захиргаа.

Оюутны хотхонд ямар нэгэн үйлдвэр огт барихгүй учраас хаягдал усаа Европ технологиор цэвэршүүлээд ахуйн зориулалтаар дахин ашиглах боломжтой. Түүнчлэн цэвэршүүлсэн усаараа хотын ойр орчмын нуур, цөөрмийг сэргээж, ногоон бүс байгуулахаар тооцжээ. Харин тээврийн дэд бүтцийн хувьд Улаанбаатараас Шивээтийн хөндий хүртэл найман эгнээ хурдны зам барихаар төлөвлөсөн байна. Замын ажлыг барилгын ажилтай нэгэн зэрэг энэ хавар эхлүүлэх юм. Мөн авто замаас гадна төмөр зам чухал үүрэг гүйтгэнэ гэж тооцсон байна. Улаанбаатар хотоор дайран өнгөрч байгаа төмөр замыг энэ жилээс Богд уулын урдуур явдаг болгох ажлыг ч  эхлүүлэх юм. Тиймээс хот дундуур өнгөрдөг хуучин төмөр замаа оюутны хотхон руу зорчих зам болгон ашиглана. Энэ замыг нийслэлийн баруун зүгт байрлах 61-ийн гармаас Шивээтийн хөндий хүртэл ашиглахаар төлөвлөсөн байна. Энэ нь оюутны хотхонд тогтмол амьдрах боломжгүй багш, ажилчдыг тээврийн үйлчилгээгээр хангах бодлого аж.

Энэ их бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Ерөнхий сайд ахалж байгаа. Тиймээс Ерөнхий сайд хэр самбаатай, хурдтай ажиллана энэ ажил тэр хэрээр урагшлах юм. Мөн түүний дараагийн эрх мэдэл бүхий хүн нь Оюутны хотхоны ашиглалтын өмнөх захиргааны дарга Ц.Энхболд гэх эрхэм. Тэд “Эхний ээлжинд Мэдээллийн их сургууль болон Барилга архитектур, инженерийн их сургуулийн байрыг барь” гэсэн үүргийг холбогдох албаныханд өгөөд, хамтдаа БНСУ-г зорьсон. Айлчлалынхаа явцад дээрх бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө санхүү, техник технологийн зарим асуудлыг шийдэх юм гэсэн.

Шинэ хотхон 10 жилийн дараа гэхэд жинхэнэ утгаараа хот болчихсон байна. Харин бүтээн байгуулалтын нийт зардалд 19 их наяд төгрөг хэрэгтэй юм. Шивээтийн хөндий дэх бүтээн байгуулалт ирэх есдүгээр сараас ид өрнөж эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд нийслэлд ч гэр хорооллыг барилгажуулах их ажил өрнөнө. Тэгэхээр хөрөнгө санхүүгийн асуудал хамгийн чухлаар тавигдах нь тодорхой. “Нийслэлд одоо үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудын байрыг худалдан борлуулж, шинэ хотхоны санхүүжилтэд нэмэрлэнэ. Энэ ажлыг Төрийн өмчийн хороо гардан гүйцэтгэнэ” гэсэн мэдээлэл сүүлийн үед дуулдах болсон. Харин Төрийн өмчийн хорооны мэргэжилтнүүд “Засгийн газар шийдвэр гаргаагүй байхад бид ямар ч сургуулийн байрыг зарахгүй” гэдгийг хэлж байна. Засгийн газрын тэргүүн болон Оюутны хотхоны ашиглалтын өмнөх захиргааныхан ч их, дээд сургуулиудын байрыг худалдан борлуулах гэж яарахгүй гэв. Гэхдээ нэгэнт оюутны арми хотоос гарах учраас хуучин сургуулиудын байрыг ч зарах нь тодорхой. Харин МУИС болон МУБИС-ийн төв байрыг “Монгол Улсын Оюутны өргөө” гэсэн агуулгаар нь үлдээж, ямар нэгэн өөр зориулалтаар ашиглахгүй гэсэн шийдвэр гаргажээ.   

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж