Д.Данзанваанчиг баатрын гавьяаг мөнхлөв

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Д.Данзанваанчиг баатрын гавьяаг мөнхлөв

Саяхан Сайншанд хотын "Дорноговь цогцолбор" талбайд нэгэн хөшөө сүндэрлэлээ.

Энэ нь миномётын мэргэн бууч, 1945 оны чөлөөлөх дайны баатар тус аймгийн уугуул Дашийн Данзанваанчигийн мохошгүй баатарлаг үйлсийг мөнхлөн дээдэлж босгосон хөшөө юм.

Цэрэг хүний хоёр дахь амь хэмээн нэрийддэг галт зэвсгийн нэг миномётоо үүрэн зогсож буй түүний баатарлаг дүр төрхийг илтгэсэн гэрэлт хөшөөний нээлтэд Улсын баатар Дампилийн хүү Октябрь, Дүүдэй баатарын хүү Д.Батмөнх, Улсын баатар Хаянхярваагийн охин Х.Оюунцэцэг, Улсын баатар Ж.Лхагвасүрэн жанжины дүү Ж.Лхагваа, мөн ардын жүжигчин Г.Хайдав, С.Самбуу, Ө.Баярмагнай, А.Очирбат МУГЖ Ц.Алтанцэцэг нарын урлаг соёлын ахмад зүтгэлтнүүд, аймаг орон нутгийн удирдлагууд оролцож хүндэтгэл үзүүлж үг хэлсэн юм.

Данзанваанчиг баатарын хүү МУ-ын СГЗ Д.Ухнаа хэлсэн үгэндээ "Эр зориг авхаалж самбаа шалгасан дайны талбарт миний аавын халуун амь бүлээн цусаараа бүтээсэн гавьяаг эл хөшөөнд мөнхөлж буй нь ахмад үеийнхэний хөдөлмөрч дайчин уламжлалыг хойч үеийнхэн маань бүтээлчээр үргэлжлүүлэх учиртайг энэхүү хөшөөний нээлтийн арга хэмжээ бат сануулж байна" гэж онцлоод энэ сайхан хөшөөг бүтээсэн барималч Б.Мөнхтөр, С.Оюунтуяа нарт баярласан талархснаа илэрхийлж тэдэнд дурсгалын зүйл гардуулсан юм.

Д.Данзанваанчиг баатар энх цагийн үйлсэд ч гавьяатай нэгэн гэдгийг тэмдэглэж тус аймгийн төв номын сангийн тулгын чулууг тавилцаж байсан түүхтэй хүн гэдгийг аймгийн нийтийн номын сангийн эрхлэгч Л.Цэнд-Аюуш дурсан өдгөөгийн номын сангаа цаашид баатарын нэрэмжит таван давхар, таван ханатай номын цагаан өргөө болгон өргөтгөж, таныхаа 100 жилийн ойдоо бэлэг барьж хамгийн гэгээлэг буянтай үйл бүтээх ирмүүн хүсэл зорилготой байгаагаа дуулгаад амжсан юм.

Энэхүү хүндэтгэл ёслолын арга хэмжээний төгсгөлд нийслэлээс хүрэлцэн ирсэн урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд ая дууны мялаалга өргөсөн.

Ийнхүү Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчигийн эх оронч баатарлаг үйлсийг цаг хугацааны үргэлжлэл болгон сайн санаат хүмүүсийн зүтгэл бүтээлээр гэрэлт хөшөөнд мөнхөлсөн нь чухамхүү түүхэн гавьяат эл хүний үйл хэрэг мөнхөд гэрэлтэхийн утга учир үүнд оршиж байна гэж их говийн зоригтны өлгий нутгийн түмэн олон сэтгэл хангалуун хүлээж авсан юм.

Б.Пэрэнлэй (Дорноговь)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж