“Эх дэлхийн манлайлагч” бол нэр хүндтэй шагнал

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

“Эх дэлхийн манлайлагч” бол нэр хүндтэй шагнал

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн захирал А.Штайнертай Бразил Улсын Рио де Жанейро хотноо уулзлаа.

Ноён А.Штайнер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид  нэр хүндтэй шагнал хүртэж буйд нь баяр хүргээд, энэ бол НҮБ-ын хамгийн нэр хүндтэй шагнал хэмээн онцоллоо.

“НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн Ноён Ерөнхийлөгч танд энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсонд баяр хүргэж байгааг  албан ёсоор уламжилж байна. НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн хувьд манлайлагчидаа тодруулж зарладаг энэ үйл явдал чухалд тооцогддог юм. Байгал орчныг хамгаалах чиглэлээр та бүхний  гаргаж буй хүчин чармайлт олон үндэстэн, байгууллага, хүмүүсийг нэгтгэж байгааг онцлон хэлэхийг хүсч байна” гэж тэрээр хэлэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, НҮБ “Эх дэлхийн манлайлагч” шагналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид олгохоор шийдвэрлэсэн  нь монголын ард түмнийг үнэлсэн гүн хүндэтгэл юм гэлээ. Тэрээр хэлэхдээ, бид улам бүр олон олон сорил бэрхшээлүүдтэй тулгарч байгаа боловч зөв бодлого хэрэгжүүлж, хүчээ нэгтгэн хамтарч чадвал байгал орчинд ээлтэй  тогтвортой хөгжлийг хангаж чадах юм.

НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй олон төсөл хөтөлбөрүүд үр дүнтэй хэрэгждэгт бид талархаж байдаг.

Манай улсад  цөлжилт эрчимтэй явагдаж, бэлчээр талхлагдаж, гол аж ахуй болсон нүүдлийн мал аж ахуйд аюул учирч, уул уурхай эрчимтэй хөгжихийн хэрээр ус , хөрсний бохирдол ихдэж байна. Байгаль хамгаалахад хууль эрхзүйн үндэс чухал. Энэ чиглэлээр Улсын Их Хурал багц хуулиудыг баталлаа. Тухайлбал  агаарын бохирдлыг бууруулах хууль баталсан.

Монгол бол сэргээгдэх эрчим хүчний “диваажин”. Говь нутагт нар салхины хүчээр эрчим хүч үйлдвэрлэх асар их боломж бий. Энэ чиглэлээр олон орны хөрөнгө оруулагчид сонирхож, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байна. Саяхан 50 мегабайтын хүчин чадалтай салхин цахилгаан станцийг барьж ашиглалтад орууллаа. Говь нутагт Азийн сэргээгдэх эрчим хүчний сүлжээг төвлөрүүлэх санаачилга мөн олон улсын анхаарлыг татаж байгаа” гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  энэ уулзалтын үеэр НҮБ-ын Хүрээлэн буй орчины хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэд хэдэн санал тавилаа. Тухайлбал жил бүр тоо нь цөөрч устах аюулд ойртоод буй говийн баавгай-мазаалайг хамгаалах талаар хамтран төсөл хэрэгжүүлэхийг санал болгов. “Бидэнд амжилтанд хүрсэн туршлага бий. Одоогоос 20 жилийн өмнө устах аюулд ойрхон байсан тахийг нутагшуулсан. Тухайн үед 30 хүрэхгүй тоотой байсан тахь одоо 400 орчим болтлоо үржээд байна. Говийн мазаалай баавгайг хамгаалах талаар та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг хүсч байна” гэлээ. Мөн тэрээр  сэргээгдэх эрчим хүчний нөөцийг  зүй зохистой ашиглах талаар тусгайлан төсөл хэрэгжүүлэх талаар саналаа хэлэв.  Ноён А.Штайнер энэхүү саналыг дэмжиж, ажил хэрэг болгохоо амлав. Энэ зундаа багтааж НҮБ-ын шинжээчдийн багийг монгол руу илгээхээр тохиролцлоо.

Энэхүү уулзалтын үеэр ноён А.Штайнер Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан мод тарих Үндэсний хөдөлгөөн үр дүнтэй хэрэгжиж байгааг талархан онцолж, энэхүү хөдөлгөөнийг хэрхэн дэлхий даяар өрнүүлэх талаар санал солилцож байлаа.

UBS телевизийн санаачилгаар хэрэгжиж буй “Ногоон ирээдүй” төслийн хүрээнд “Эко элч”-тэй болох санаачилга гарсан бөгөөд энэххүү санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж байгаа билээ. Монголын “Эко элч”-үүдийг дэлхийн бусад орны “Эко элч”-үүдтэй харилцан солилцох талаар ярилцав.

Ноён А.Штайнер монголчуудын байгалд ээлтэй ахуйн талаар ихэд сонирхон асууж байсан юм.

“Эх дэлхийн манлайлагчид”-ын “Бодлогын манлайлагч”-аар жирийн малчин айлаас гаралтай лидер Монгол Улсын Ерөнхийлөгч шалгарсанд бахархан талархаж байгаагаа ноён А.Штайнер уулзалтын төгсгөлд илэрхийллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж