Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Орос рокировка

Манайхан  оросуудыг дуурайхаа больсон гэдэг худлаа л  байна даа. Манай  улс болон  хойд хөршид өрнөж  буй олон үйл явдал  дээрх үгийг батлаад байх шиг. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх онд болох юм. Орост  хамгийн  алдар хүндтэй, өндөр  хариуцлагатай албан тушаалын төлөөх нам, эвслийн тэмцэл  дээд цэгтээ хүрч байна. Улстөрчид, ажиглагчид дээрх албан тушаалыг хаших  бэлтгэл, туршлага, зангарагтай хоёр­хон хүн л аугаа их Оросын 270-аад сая ард түмэн  дотор бий гэв. Жирийн орос  Иван  ч  “Нээрэн тэднээс өөр хэн байх вэ дээ” гэлцэж байна. Тэр нь одоогийн Ерөнхийлөгч Дмитрий Медведев, Зас­гийн газрын дарга буюу Ерөнхий сайд Владимир Путин хоёр юм. В.Путин Ерөнхийлөгчийн албыг най­ман жил хашаад арга буюу залгамжлагчдаа шилжүүлсэн. Арга буюу гэдгийн учир нь ОХУ-ын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн албыг зөв­хөн хоёр удаа л улиран хаших заалт бий. Оросууд В.Путинд дэндүү  сайн, түүний рейтинг  бусдаас хавьгүй  илүү  байсан ч  эцэг  хуулиа улайм цайм  зөрчиж, дэлхий нийтийн өмнө ичгүүрт байдалд  хүрэлтэй  нь биш дээ. Тэгээд л  дөчин хэдхэн настай, эрч хүчтэй, хүүхнүүдийн хэлснээр  чам­гүй царайлаг Д.Медведев гэдэг  эр Орос орны толгойд заларсан юм. “Энэ бол жинхэнэ хувь тавилан бай­сан” гэж тэрбээр нэгэнтээ ам алдсан нь бий. Ийн Төрийн тэргүүн нар халаагаа солилцох үеэс эхлээд үнэн, худал нь мэдэгдэхгүй нэгэн явган яриа Оросын өргөн уудам нутгийг бүхэлд нь гүйцээгээд дэлхийн бөмбөрцгийн улс орнуудад  хуурай өвсний түймэр мэт тархсан билээ. Энэ бол В.Путин, Д.Медведев хоёрын тохиролцоо гэх таамаг. В.Пу­тин Д.Медведевт ингэж хэлэв гэнэ. “За Дима минь, нэгэнт би дахин нэр дэвших боломжгүй учир чамайг Ерөнхийлөгчийн өндөр ал­банд суулгахаар шийдлээ. Харин нэг болзол тавья. 2012 онд би Ерөнхийлөгч болно шүү”. Ийм юм ярьсан гэдгээ тэр хоёрын хэн нь ч хэнд ч хэлээгүй. Ус балгасан мэт. Ингэж ярилцаж байсан гэж  нотлох гэрч ч байхгүй. Тийм болохоор итгэхэд бэрх боловч одоо өрнөж буй үйл явц “Тэд ингэж тохиролцжээ” гэдгийг баталж  байна биш үү.

Д.Медведев  хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болох бодолгүй байгаа тухайгаа саяхан мэдэгдэв. Харин В.Путин  2012 онд  Ерөнхийлөгч болох тухай бодож байгаа юм бий гэдгээ тойруу замаар ч гэсэн хэлж байна.    Д.Медведевийг  “В.Путиний утсан хүүхэлдэй”, харин  В.Пу­тинийг “Д.Медведевийн хү­чир­хэг хүмүүжүүлэгч” хэмээн өхөөрдөх, хочлохын завсар нэрлэдэг нь санамсаргүй хэрэг биш биз. Шатарт рокировка буюу сэлгээ гэж нэг нүүдэл байдаг даа. Ноён, тэрэг хоёрынхоо байр солихыг тийн нэрлэж буй юм. Энэ сэлгээ Оросын улс төр, тэр тусмаа  төрийн хамгийн дээд өндөрлөгт болох магадлал нэн өндөр гэх. Володя “ах” Дима “дүү”-гээ Ерөнхийлөгчийн суудалд залаад өөрөө гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон. Одоо “дүү” нь “ах”-даа суудлаа өгөөд  ахынхаа байранд очих гэнэ. Аяганы хариу өдөртөө гэдэг зарчмын үүднээс үзвэл,чухам өнөөх тохиролцоо гэгчийн  үнэнийг энэ мэт үйл явдал бэлхнээ гэрчилж  байгаа юм. Гэтэл ах, дүү хоёр хоорондоо тийм ч эв  түнжинтэй байхаа больсныг тэдэнд ойрхон эх сурвалж олонтаа өгүүлэх болжээ. Өнгөн дээрээ хоёулаа хамт  цанаар гулгаж,    морь унаж, завиар зугаалах  зэргээр   харагдавч цаагуураа түнжин хагарсан гэх. Энэ нь хэн хэнийх нь ирэх онд Ерөнхийлөгч болох хязгааргүй их хүсэл мөрөөдлөөс нь эхтэй аж.  Ингээд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бие биеэ жаахан, жаахан чимхэх нь олширчээ. Бас нэг ноцтой нь одоогийн Ерөнхийлөгч эрх мэдлээ ашиглан Ерөнхий сайдын талынхныг албанаас нь цувуулан халаад эхэлжээ. Кемерово, Тюмень зэрэг  мужийн амбан захирагчаас авахуулаад Татарстан, Халимагийн  Ерөнхийлөгчийг албанаас нь чөлөөлөв.  Оростоо нэр хүнд, албан тушаалын зэрэг зиндаагаар  гуравдугаарт жагсч, Москва хотын мэрийн суудалд завсаргүй 12 жил заларсан  Ю.Лужковыг өнгөрсөн оны эцэст  зайлуулав. Д.Медведев  энэ тухай зарлигтаа халсан шалтгаанаа “итгэл биелүүлээгүй” хэмээн дурьдсан ч учир шалтгаан нь  ихээхэн өөр зүйлд байжээ.  Оросуудын дунд “эрүү малгайт” хэмээн нэрлэгдсэн Ю.Лужков В.Путиний талын хүн байсанд л  хэргийн учир байлаа. Өөрөөр хэлбэл, улс орны зүрх болсон, хамгийн олон сонгогчтой  Москвагийнхны саналыг Ерөнхийлөгчид биш, Ерөнхий сайдад ашигтайгаар  эргүүлчих боломж “эрүү малгай”-д бий гэдгээс ихэд болгоомжлон ийн холдуулсан гэх. Хотын мэрийн насны ойгоор Ерөнхий сайд халуун дотно үгтэй мэндчилгээ илгээж байхад Ерөнхийлөгч таг чиг. Үнэндээ Ю.Лужков Москвагийн хаан байсан гэдэг. Тэгсэн атлаа оронд нь В.Путиний талын С.Собянин хэмээх эрийг аваачиж тавив. Энэ бол  ахтайгаа  илэрхий сөргөлдөөд яахав хэмээн байдлыг зөөлрүүлсэн явдал гэж нөлөө бүхий улстөрчид хэлж байгаа юм. Ийм явдал Орост өмнө нь мөн л болж байв. Одоогоос арав гаруй жилийн өмнө юмдаг. ОХУ-ын тагнуулын алба, холбооны мөрдөх товчооны тэргүүн, Гадаад хэргийн сайд,  Ерөнхий сайдаар ажиллаж байсан Евгений Примаков гэгч өтөл эр Ерөнхийлөгч Б.Ельцинийхээ тойрон хүрээлэгчдийг албанаас нь зайлуулах төлөвлөгөө маягийн  юм гаргасан гэдэг. Тэр ч байтугай, тэдний нэрсийн жагсаалтыг гаргаж, ойр дотнынхонтойгоо зөвшилцөж байсан гэх. Хэдийгээр тэр жагсаалтыг одоо болтол хэн ч олж үзээгүй гэх боловч саяхан болсон нэг үйл явдал үүний  нотолгоо  боллоо гэлцэж байна. Е.Примаков  ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын даргын албанаас чөлөө гуйжээ. Өдгөө 82 настай өвгөнийг ийн чөлөө гуйхад гайхах хэрэггүй баймаар. Гэтэл өнөөх гайтай нэрсийн жагсаалтын талаар хэн нэгэн нь Ерөнхийлөгчид алтан хошуу өргөчихсөн бололтой. 

“Орост найтаахад Монголд ханиад хүрдэг” гэсэн  үг байдаг. Энэ удаа ч Оросын найтаалт манайд ханиад болон дэлгэрч байна. Оросын Төрийн Думд  олонхи бол­сон эрх баригч “Нэгдсэн Орос” намын зарим лидер удирдлагынхаа, тухайлбал, намын дарга, Төрийн Думын дарга Б.Грызлов, Ерөнхий сайд В.Путин нарын баримталж буй бодлого, үзэл баримтлал, явуулж буй үйл ажиллагааг сүрхий шүүмжлэх болжээ. Ю.Лужков мэтийн нэр нө­лөөтэй зарим нь намаа хаяад гарч байна. Сөрөг хүчнийхэн ч энэ байдлыг ашиглан жагсаал цуглаан хийж байна. Нэгэн цагт Оросын төр засагт  томоохон албан тушаал хашиж байсан Б.Немцов, А.Чубайс  мэтийн нэр нөлөөтэй улстөрчид энэ хөдөлгөөнийг манлайлж байгаа юм.  Тэднийг 14 хоног баривчилж шийтгэсэн ч байдал дээрдсэнгүй. “Нэгдсэн  Орос” намын нэр хүнд унасаар байна.

Б.БАТБИЛИГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж