Хөлбөмбөгийн үүх түүх арвинтай ч Европын аваргын цом өргөж үзээгүй Английн шигшээ багт “Евро-2012”-ын өмнө гэмтэл бэртлийн асуудал их байна. Багийн хагас хамгаалалтын ноён нуруу Фрэнк Лампард, Гарет Бэрри нарын тоглогчид гэмтлийн улмаас Европын аваргыг өнжих болсон бол багийн анд Жон Территэй хослон төвийн хамгаалалтад оролцохоор яригдаж байсан Гари Кэхилл Польш, Украйныг зорих боломжгүй болсон байна. Кэхиллийн хувьд өнгөрсөн амралтын өдөр Бельгийн шигшээтэй хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр эрүүндээ гэмтэл авснаар талбайг чөлөөлсөн юм. Гэтэл Английн хөлбөмбөгийн холбооноос Гэри Кэхилл “Евро-2012”-ыг өнжинө гэдгийг албан ёсоор мэдэгджээ.
Харин багийн менежер Рой Ходсон түүнийг орлуулан “Ливерпуль”-ийн Мартин Кэллиг шигшээ багт дуудсан байна. Ингэснээр 14 дэх удаагийн Европын аваргад “Гурван арслан”-г төлөөлөөн Мерсисайдын “Улаанууд”-аас зургаан тоглогч оролцохоор боллоо. Гэсэн ч шигшээ багт нэгэн сайн мэдээ байна. “Челси”-гийн ахлагч Жон Терри бага зэргийн гэмтэлтэй байгаа хэмээн яригдаж байсан ч түүний бэртэл нь бүрэн эдгэрсэн хэмээн Английн хөлбөмбөгийн холбооноос мэдэгдэж байна.
Eagle News TV