“АНУ-ын 20 мянган монголчуудын тал нь бүртгэлтэй”

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

“АНУ-ын 20 мянган монголчуудын тал нь бүртгэлтэй”

Парламентын сэтгүүлчдийн холбооны шугамаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр АНУ-ын Сан-Франциско хотод очиж Ерөнхий консул Н.Анхбаяраас дараах тодруулгыг авсан юм.

УИХ-ын 2011 оны тавдугаар сарын 19-ний 23 дугаар тогтоолоор тус Ерөнхий консулын газар байгуулах талаар шийдвэрлэж энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс үйл ажиллагаагаа эхэлсэн байна.

-Танайх хэдэн орон тоотой, ямар хэмжээний газар нутаг хамаарч ажиллаж байгаа вэ?

-Манай Консулын газар Ерөнхий консул, консул, дэд консул, худалдаа, аж ахуй эрхэлсэн таван орон тоотой. Одоогоор дөрвөн хүн ажиллж байгаа. Удахгүй нэг хүн ирнэ. Манай  консулын тойрогт АНУ-ын 17 муж багтдаг. Энэ нь АНУ-ын  газар нутгийн хоёрны нэг, муж улсуудын гуравны нэгийг хамаардаг гэсэн үг юм.

-АНУ-д Монгол Улсын хэчнээн иргэн байдаг вэ. Хэд нь танай харьяанд багтдаг бол?

-АНУ-д 20 гаруй мянган монголчууд ажиллаж, сурч, амьдардаг. Үүний яг тал нь ЭСЯ-даа,  үлдсэн тал хувь нь Сан-Францискогийн  консулын тойрогт харьяалагддаг. АНУ-ын зүүн хэсэгт амьдардаг монголчууд ЭСЯ-даа, баруун тал, баруун эргийн хотуудын монголчууд манай ерөнхий Консулын газарт харьяалагддаг. Ерөнхий консулын газар байгуулаагүй байхад ЭСЯ дангаараа энэ их ажлыг хариуцдаг, их хүндрэлтэй байсан.

Монгол Улысын иргэний шинэчилсэн бүртгэл хийхийн тулд манай Ерөнхий консулын газрын ажилтнууд монголчууд олон­той хотуудад биечлэн очиж ажилласан. Монгол Улсын 1973 иргэнийг шинэчилсэн бүртгэлд хамруулс­наас Лос-Анжелест 263, Сан-Францискод 1200 иргэн бүртгүүлсэн. Ерөнхий консулын газар нээгдээд удаагүй ч 157 хүүхдэд төрсний гэрчилгээ, 17 хүнд буцах үнэмлэх, 110 гаруй хүнд иргэний үнэмлэх бичүүлж, 100 гаруй иргэний визийг сунгуулах, гурван гэр бүл шинээр бүртгэх зэрэг ажил хийлээ.

-Энэ жил гадаадад байгаа монголчууд анх удаа сонгуульд саналаа өгнө. Үүнд яаж бэлтгэж байгаа вэ?

-Төрийн ажил явдгаараа явах ёстой. УИХ-ын сонгуулийн санал хураалтаас 15 хоногийн өмнө Монгол Улсын иргэд нам, эвслийн нэрээр санал өгнө. Энэ ажилд Ерөнхий консулын газрынхан бэлтгэж байна. Заавал дипломат төлөөлөгчийн газартай хотод биеэрээ ирж саналаа өгнө гэдэг нь жаахан бэрхшээл учруулж байна. Алслагдмал хот сууринд суугаа монголчууд хүрч ирж саналаа өгөхөд зардал мөнгөнөөс өгсүүлээд саад бэрхшээл бий. УИХ-ын сонгуулийн саналыг зөвхөн Дипломат төлөөлөгчийн газартай хотод авна гэснээс болж өргөн уудам газарт, олон хотод тархан суусан монголчууд баруун хэсгийнх нь Сан-Францискод, зүүн хэсгийнхэн Вашингтон хотод очиж саналаа өгнө гэдэг хүндрэлтэй асуудал гарч байгаа.

-АНУ-д байгаа монголчуудад өөр бэрхшээлтэй ямар асуудал байдаг вэ?

-Нэг төвөгтэй асуудал байдаг нь хуулиар хориглосон ч хэрэг дээрээ хоёрдмол харьяалалтай  иргэн олширсон байна. АНУ-ын хуулиар тус ул­сын газар нутаг дээр төрсөн хүүхэд АНУ-ын харьяат болж, 18 нас хүрээд татгалзах эсэхээ шийддэг. Гэтэл Монголын хуулиар эцэг эх хоёулаа монгол бол хүүхэд Монгол Улсын харьяатад тооцогддог. Ингээд хоёрдмол харьяалалтай хүүхэд олшрох төлөвтэй байгаа нь нэг бэрхшээл болж байна. Нөгөөтэйгүүр АНУ-д төрж өссөн монгол хүүхдүүд эх хэлээ мэддэггүй, харь сэтгэлгээ, соёлтой болж байна. Монголоо гадаадад таниулах талын төсөв хөрөнгө тааруу. Америкийн монголчууд улсын их баяр наадмаар бүс бүсээрээ наадам хийдэг болсон нь улс орноо үнэгүй сурталчлахад багагүй нэмэр болдог.

Өөр нэг бэрхшээлтэй асуудал нь АНУ-д ажиллаж байгаа монголчууд хөдөлмөрийн гэрээгүй. Эхний ирсэн хүмүүс тэтгэврийн насанд хүрэх гэж байгаа. Гэтэл тэдэнд даатгалд төлсөн мөнгө байхгүй. Энд төрсөн анхны хүүхдүүд 20 хүрч байна. Иргэншлийн асуудал гарч ирдэг.

Гэхдээ  энэ бүхнийг болгох, бүтээхийн төлөө ажиллах болно гэлээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж