Чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг дэмжиж байгаа

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг дэмжиж байгаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолуныг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.

-Хөрш орнууд гэдэг утгаараа Хятад, Монгол хоёр улсын харилцаа олон жилийн түүхтэй. Харин сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаанд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Сүүлийн жилүүдэд ма­най хоёр орон маш олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн. Үүний нэг нотолгоо нь хоёр улсын хооронд хийгдэж буй төрийн дээд хэмжээний айлчлалын тоо нэмэгдэж, тогтмол болж байгаа явдал. Мөн Хятад, Монголын гадаад худалдааны хэмжээ ихэссэн. Түүнчлэн аюулгүй байдлын талаарх харилцан үндэслэлийг нягтлан судалж, гүнзгийрүүлэн авч үзсэн. Энэ бүхнээс гадна хамгийн чухал нэг зүйл бол соёл, хүмүүжлийн холбогдолтой солилцооны ажлууд идэвхжиж байгаа нь юм.

-Тухайлбал, ямар ажил хийгдэж байна вэ?

-Өнгөрсөн жилүүдэд хоёр орны Засгийн газар хоорондын солилцоогоор суралцаж буй оюутнуудын тоо нэг саяас хол давсан. Одоогийн байдлаар Хятад улсад суралцаж буй монгол оюутан 6000 орчим бий. Энэ бүхэн нь хоёр орны ард түмэн харилцан ойлголцож, соёл, хүмүүнлэгийн салбар дахь харилцаагаа өргөжүүлэхэд тус дэм болж байна.

-Хятадын Засгийн газ­раас Монголд өгсөн 300 сая ам.долларын зээлийн хэрэгжилтийн тухай сүү­лийн үед нэлээд онцолж үзэх болсон. Энэ талаар ямар нэгэн тодорхой санал гарч байгаа болов уу?

-Энэхүү зээлтэй холбоотой зарим төсөл хэдийнэ хэрэгжээд эхэлчихсэн. Бусад ажлын хувьд хоёр тал харилцан хүчин чармайлт гаргаж, үйл явцыг нь хурдасгахын төлөө хичээж байгаа. Хятадын талаас зээлийн хэрэгжилттэй холбоотой төслүүдийг бүгдийг нь аль болох богино хугацаанд эхлүүлэх сонирхолтой байна.

-Хоёр улсын хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулах талаар албаны хүмүүс ярилцаж байгаа. Энэ асуудал одоо ямар шатандаа явж байна вэ?

-Монголын талаас энэ тухай саналыг анх гаргасан. Хятадын тал ч дэмжиж байгаа. Өнгөрсөн онд Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао Монголд айлчлах үеэр Чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг нэлээд нухацтай авч үзэж, энэ асуудлаар боломжийн судалгаа хийхээр болсон. Чөлөөт худалдааны гэрээ байгуулахын гол зорилго нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг бүх талаар нь хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

-Сүүлийн үед Монголын уул уурхайн салбар дахь Хятадын сонирхол ихэслээ хэмээн хэвлэлүүдээр бичих боллоо. Тухайлбал, кокосжсон нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлж буй Тавантолгойн ордод хөрөнгө оруулах сонирхолтой компаниуд дундаас Хятадын “Шинхуа” группийг нэлээд хүчтэй өрсөлдөгч гэж үзэж байгаа. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Уул уурхайн салбарын хөгжил Монгол Улсын ирээдүйд чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Энэ утгаараа манай улстай хийж буй гадаад худалдаанд ч томоохон байр суурь эзлэх болсон. Өнгөрсөн онд Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябаогийн айчлалын үеэр энэ асуудал мөн л яригдаж байсан. Тухайн үед Хятадын талаас Монгол Улсын дэд бүтцийг хөгжүүлэх, уул уурхайн салбарыг хөгжүүлэх асуудлаар санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах санал дэвшүүлж байв. Үүнийг Монголын тал дэмжиж, талархан хүлээж авч байгаагаа илэрхийлсэн. Энэ утгаараа бид Хятадын аж ахуйн нэгжүүд Монголын талтай нээлттэй хүрээнд нягт хамтран ажиллаасай гэж хүсч байна. Газар зүйн байрлалын хувьд хөрш зэргэлдээ оршдог гэдэг утгаараа Хятад, Монгол хоёр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд олон давуу талтай. Тиймээс бид энэ боломжоо ашиглаж, харилцаагаа сайжруулах, цаашлаад Монгол Улсын хөгжил, эдийн засгийн шинэчлэлд тодорхой хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаа юм.

-Хятадын нүүрсний импортын нэлээд хувийг Монголын нүүрс эзэлдэг гэх тооцоо бий. Ялангуяа сүүлийн үед нүүрсний худалдаагаараа Австралийг гүйцэхэд ойрхон байна гэж яригдах болсон. Энэ салбар дахь хоёр орны харилцаанд ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний  худалдаа ихэсч байгаа гэдэгтэй санал нэг байна. Хятад улс бол  нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг. Манай улс жилд дунджаар 22 их наяд тонн нүүрс хэрэглэж байгаа гэсэн тооцоо бий. Харин Монголоос импортоор оруулж ирж буй нүүрсний хэмжээ өнгөрсөн онд 12 сая тоннд хүрсэн. Тиймээс танай орны хувьд энэ зах зээлд өрсөлдөх боломж их бий. Түүхий эдийн үнэ олон улсын зах зээл дээр өсч, эрэлт нь нэмэгдэж байгаа энэ үед Хятадын зах зээл дэх өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжтой гэсэн үг. Гэхдээ зөвхөн уул уурхайн салбар гэлтгүй, өөр олон талын худалдааг дэмжиж байгаа.

-Тухайлбал?

-Тухайлбал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг нэмэг­дүүлэх. Манай улсын зүгээс Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжиж байгаа. Хятадын Засгийн газраас саяхан боловсруулсан арванхоёрдугаар таван жилийн төлөвлөгөө буюу 2011-2015 онд хэрэгжүүлэх бодлогынхоо хүрээнд АСЕАН-ы орнууд болон хөрш улсуудтай хийх чөлөөт  худалдааг хөгжүүлэх тухай тодорхой асуудлуудыг тусгасан байгаа.

-Монголд байгаа хятад иргэдийн талаар Хятадын Элчин сайдын яам хэр мэдээлэлтэй байдаг вэ. Тухайлбал одоогийн байдлаар яг хэдэн хятад иргэн манай улсад оршин сууж байна вэ?

-Монголд оршин сууж буй хятад иргэдийн тоог нарийвчлан хэлэх боломжгүй байна. Ойролцоогоор 20 мянга орчим байгаа болов уу гэж бодож байна. Энэ талаар Монголын холбогдох байгууллагууд нарийн мэдээлж чадах байх.

-Хятад иргэд хэрэг зөрчил гаргаж, зарим нь визийн хугацаа нь дууссан хэрнээ Монголд амьдарсаар байна гэх мэдээлэл нэлээд гардаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Мэдээж хэрэг, тодорхой тооны тийм хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Визийн зөрчилтэй хүмүүс мэр, сэр байдаг байх. Гэхдээ энэ нь нийт иргэдийн тоотой харьцуулахад маш бага хувийг эзэлнэ. Тэдэнтэй холбоотой асуудлуудыг хуулийн дагуу шийдэж, холбогдох байгууллагуудаас баримт бичгийг нь шалгадаг гэдэгт итгэлтэй байна.

-Сүүлийн үед манайд ирж ажиллаж буй хятад иргэдийн тоо нэмэгдэж байгаа?

-Хоёр орны харилцан хамтын ажиллагаа өргөжиж байгаатай холбогдуулан энэ асуудал мөн л яригдах болсон. Хятад, Монголын Засгийн газар хоорондын хэлэл­цээрээр ажилчин солилцох тухай ид яригдаж байгаа. Энэхүү гэрээ амжилттай болж, холбогдох албаны хүмүүс харилцан гарын үсэг зурвал тэр үеэс эхлэн манай хоёр орны ажиллах хүчний салбар дахь хамтын ажиллагаа бас нэг шинэ шатанд гарах болно. Эдийн засгийн харилцаа өргөжиж байгаа энэ үед энэ нь бас л эерэг үр нөлөөтэй.

-Монгол, Хятад хоёр улс ялтан солилцооны гэрээ байгуулах уу. Хар тамхины хэрэгт холбогдсон Л.Байгалмаа Хятадын шүүхээс хугацаагүй хоригдох ял оноосон. Харин түүнийг ялтан солилцох гэрээ байгуулж, Монголд авчрах тухай асуудлыг нэлээд онцолж байгаа?

-Энэ асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтнууд ярилцаж, судалж үзэж байгаа.

-Японд байгалийн гамшиг нүүрлэсний улмаас атомын цахилгаан станцууд дэлбэрэх аюултай болоод байгаа. Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд цөмийн байгууламжийнхаа тоог цөөлөх санал тавьж эхэлсэн. Хятадын Засгийн газар энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа юм бол?

-Хятадын Төрийн зөвлөл энэ асуудлыг онцгойлон авч үзсэн. Тэгээд дараах шийдвэрийг гаргасан. Үүнд, юуны өмнө, одоо ажиллаж байгаа цөмийн байгууламжуудынхаа үйл ажиллагааг маш сайн шалгаж, нягтлахаар болсон. Мөн атомын цахилгаан станц шинээр байгуулахад тавьдаг стандарт, нормыг чангатгахыг чухалчилж байгаа. Энэ асуудлыг одоо ид судалж байгаа. Тиймээс шинэ стандарт тогтоохоос өмнө ямар ч цөмийн станц байгуулахгүй байх шийдвэр гаргасан. Олон улсын зүгээс энэ асуудалд нэлээд болгоомжтой хандаж, цөмийн байгууламжуудынхаа тоог цөөлөх тухай ярьж байгаа нь үнэн. Гэхдээ Хятадын Засгийн газар аюулгүй байдлыг бүрэн хангасан, эдийн засгийн үр өгөөжтэй цөмийн үйлдвэрүүдийг ашиглаж, эрчим хүч гарган авах ерөнхий чиглэлээ өөрчлөхгүй гэж би бодож байна. Энэ бол аль ч талаас нь аваад үзсэн үр ашгийн хувьд сайн нөлөөтэй.

-Хятадын Засгийн газар ирэх таван жилийн төлөвлөгөөндөө тусгасан хамгийн гол зүйл юу вэ?

-Маш олон асуудал бий. Үүнээс зөвхөн ажиллах хүчний зах зээлд гэхэд ирэх таван жилд нийт 45 сая ажлын байр бий болгохоор төлөвлөж байгаа. Иймэрхүү аргаар хөдөөнөөс хот руу шилжин ирж буй иргэдийг ажлын байраар хангах юм. Мөн 36 сая баталгаат орон сууц барихаар төлөвлөж байна. Ерөнхийдөө иргэдийнхээ хэрэглээ, орлогыг нэмэгдүүлэх замаар дотоодын зах зээлээ өргөжүүлэх сонирхолтой. Үүнээс үүдэн хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспорт гурвын харилцан уялдааг хангасан бодлого баримтлахад хүргэж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд Хятадад 300 сая хүн ядуурлаас гарсан. Энэ бол сайн үзүүлэлт. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн тал хувийг Хятад улс 2009 онд дангаараа бүрдүүлж байсан. Харин өнгөрсөн онд энэ тоо буурч, 20 хувьд хүрсэн.

-Ярилцсанд баярлалаа.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж