Эх орон, тусгаар тогтнол, эх үрсийн элбэрэл сэдвээр бичсэн 170 орчим уран бүтээлчдийн бүтээл ирсэнээс хоёрдугаар шатанд 76 найрагчийн бүтээл шалгарсан ч эцсийн шатанд 21 найрагч үлдсэн байна. Сүүлийн шатанд үлдсэн найрагчид шүлгээ найрагчийн задгай талбайд уншлаа.
Ингээд яруу найрагч О.Цэнд-Аюуш “Миний бүтээсэн бүх юм хийгээд хэзээ ч бүтээж чадахгүй нэг юм” шүлгээр тэргүүн байрыг хүртсэн бол Төрийн шагналт, “Болор цом”-ын эзэн, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Д.Төрбат “Хороо орох зам”, яруу найрагч Б.Баттулга “Одоо л” шүлгээрээ тус тус эзэллээ. Наадмын тусгай байрын шагналыг яруу найрагч С.Ууганбаяр “Хөх нүдэн бүсгүйчүүд”, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа “Ижий улирал” шүлгээрээ эзэллээ. Наадмын тэргүүн байрын бүтээлийг нэг сая төгрөг, удаах байруудыг 800 мянга, 500 мянган төгрөгөөр урамшуулсан байна.
Наадмыг Ардын уран зохиолч П.Бадарч, Болор цомын эзэн, Д.Нацагдоржийн шагналт А.Эрдэнэ-Очир, Б.Ичинхорлоо, утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор Д.Галбаатар, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун нар наадмыг шүүн явуулсан бөгөөд урлагийн гавьяат зүтгэлтэн, МҮОНТ-ын нэвтрүүлэгч Бямбаа хөтлөн найрагчийн “Би хаана төрөө вэ?”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” алдарт бүтээлүүдийг уншиж хурсан олны сэтгэлийг мялааж байв. Мөн Ардын дууч, СТА Бурмаа их найрагчийн “Дуу минь, дуу минь”, “Туулын урсгал шөнөдөө сайхан” дуугаар дууны цацал өргөлөө.
Энэхүү наадмын анхны түрүүг МЗЭ-ын шагналт, яруу найрагч Б.Баттулга хүртэж байсан аж. Тэрбээр энэ жил ч айргийн тавд багтаж сүүлийн шатанд "Одоо л " шүлгээ уншиж үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн билээ. Мөн наадмын үеэр сонирхогчдын дунд зарласан шүлгийн уралдааны шилдэгүүдэд шагналыг гардуулж байв.
Ардын уран зохиолч П.Бадарч гуай хэлэхдээ “Явуу өөрөө үнэхээр агуу хүн юмаа. Тэнгэр хур бороо хишгээ хайрлаж наадам өндөрлөх үед асгарч байна. Залуу халгамж болсон шинэ үеийн төлөөлөл болох нутгийн найрагч О.Цэнд-Аюуш түрүүллээ. Мөн Д.Төрбат Явуу найрагчтай уулзаж, шүлэг найргаа уншиж явсан ганц хүн нь байлаа. Жил жилийн энэ сайхан өдөр бид бүхэн их найрагчаа дурсан энд найргийн хур бороо оруулна гэдэг юутай сайхан завшаан билээ. Үзэгч, сонсогч та бүхний өмнө Явуугийн цэцэрлэгт хүрээлэн нээллтэй шүү” хэмээсэн билээ. Тиймээ бороо наадам дуусахын үед шиврэн шиврэн орсон билээ.
Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Болор цомын гурван удаагийн эзэн Д.Цоодол хэлэхдээ: “Гурван жилийн өмнө Завхан аймагт Явуухулангийн мэндэлсний 80 жилийн ойг тэмдэглэсэн, их сайхан том баяр болсон. Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би хэмээн хэлэхэд тэнгэр нижигнэтэл дуугарч, их урт бороо орж билээ. Тэгэхэд бид ихэд гайхаж Яруу найраг Явуу гэдэг хүнд өөр байжээ гэж ярилцаж, гайхан биширч байлаа” хэмээж байв.
“Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхийн арван сар зовоосны эцэст
Алаг дэлхийд төрсөн минь учиртай”
“Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сvvдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хvний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yvр шөнийн завсар шvvдэр буух навчинд
Yрэл усан шvvдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгvй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би” хэмээн шүлэглэсэн эрхэм яруу найрагч агсны дурсгалыг хүндэтгэх наадам жил бүрийн Эх үрсийн баярын өдөр зохион байгуулагдах юм байна.
Ингээд хур дагуулсан найргийн наадмын тусгай байр, 2007 оны "Болор цом"-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаагийн сүүлийн даваанд уншсан шүлгийг сонирхуулж байна.
Алган дээр минь нэгэн навч ойчсон нь
Алсаас нутаг ижий хоёр дуудсан байна
Амтархаж тэр л навчийг зажилж үзвэл
Ангир уураг, зуны үнэр дүүрэн байна
Намар намрын анхны цас
Налгар ээжийн минь шанхан дээр орсон
Ертөнцийг баяжуулаад өөрөө гундсан
Ерийн биш намар ижий минь юм .
Хүүхэд бүхнийхээ тоогоор өөрийгөө хувааж өгсөн
Хайр нь бүтэн ижий баян намар юм .
Хямсгар өвөлд сайхнаа бэлэглээд
Хялмаалах цасанд дарагдаж үлддэг
Цагийн урсгалыг өөрийнхөөрөө зохиодог
Цалам баригч нь намар байдаг юм
Хорвоо хүнийг сүүдрийн уртаар хэмжиж
Хоосон зүүдэнд нарны туяа асгарахад
Хүүгийнхээ төлөө л зөв чигийг заах
Хөлтэй луужин ижий байдаг юм
Сэмэрсэн навчны гандсан өнгөнд
Сэтгэлийн минь зураг намартай ирэхэд
Бороо халхалсан шүхрээ хумиж
Бушуухан ижий рүүгээ гүймээр болдог доо
Хөлд зулсан навчис нь, намрын
Хүүдээ илгээсэн хайр юм, ээжийн
Харьд буцах шувууд нь, намрын
Харихын жолоогүй хүүгийн хүслэн юм,хүүгийн
Жиндүүхэн цагаан салхийг зунтай аргамжиж бодсон
Халуухан бодолд ижий минь залуухан
Жигүүрээ даалгүй гуньсан аянч шувуухайн
Хүйтэн нулимсанд ижий нь л ойрхон
Нимгэн шар тэрлэгээ ижий минь өмсч гоёод
Намайг тосон зам харахаар намар болдог
Ижийгийн дээлийг дэлхий өмсч
Ингэн туйлаадас хаялаад л
Гэрэл сүүдэр холилдох цагт
Гэрэвшүү намар ижий минь болдог оо
Ижийгээ өрөвдөөд уйлахаар намар болдог
Их яарлын улирал байдаг
Хөгшин өвсний тэнэмэл яриа
Хуучин навчны амьдрах тэмцэл
Энэ бүхэн намар байна
Ээждээ яарсан сэтгэл байна