“Хөхөрдөггүй” Хэнтий

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

“Хөхөрдөггүй” Хэнтий

Дээхэн үед “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Дашрэнцэн “Хэнтийн гурван тэнэг” гэж жижигхэн егөөдөл бичиж байсан юм. Үүнээс бүр өмнө хээр хөдөө их явдаг жолооч нарын тухай нэг онигоо яригддаг байсан хэрэг л дээ. Хөдөө олон хоногоор явж өлсөж цангасан баруун аймгийн жолооч зүүн аймгаар явж байгаад замдаа тарвага боож байгаа гурван нөхөртэй таараад учиргүй баярлаж. Гэтэл яг боодгоо гаргадгийн даваан дээр нөгөөх нь буудаж, тэнгэр газар нийлэхээ шахаж л дээ. “Яав, юу болов” гээд хартал нөгөө гурав нь тарвагаа гэдэс дотортой нь боочихсон байж. Тэгээд өлссөн, горьдсондоо уурласан баруун аймгийн эр “Хаа газрын тэнэгүүд ганц нэгээрээ явдаг байхад Хэнтийн тэнэгүүд гурваараа явдаг юм байна” хэмээн хараал тавиад давхиж одсон юм гэнэ лээ.

Дээр нэр хэлсэн егөөдөлд Хэнтийнхэнийг
“Хүлэг болгоноо хурдан гэдэг
Хүрэлсүхийгээ Ерөнхийлөгч гэдэг
Алдуулаа ороо гэдэг
Арвингаа хөөрхөн гэдэг…”
гэхчилэн шүлэглэсэн байдаг нь санаанаас гардаггүй. Учир нь УИХ-ын гурван ч сонгууль дараалан Хэнтийн сонгогчид МАХН-ын гурван нэр дэвшигчийг сонгосон байдаг юм. МАХН үнэмлэхүй олонхи болж, УИХ-д 72 суудал эзэлсэн 2000 оны сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн Д.Арвин, Н. Ганбямба, У.Хурэлсүх нарыг Хэнтийчүүд сонгожээ. Тэр үед У.Хүрэлсүх МАХН-ын “дайчин залуу халаа” МАСЗХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай, Н.Энхбаярын шадар хүн, баруун гар нь байлаа гэж… Тэдэнтэй ардчилсан хүчнээс “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, Байгаль орчны сайд асан С.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Да.Ганболд нар өрсөлдөн өвдөг шорооджээ. Өмнөх УИХ-д олонхи болж байсан “Ардчилсан холбоо” эвсэл тарсаны дараа эвсэлд орж байсан намуудаас Ардчилсан нам ганцаараа парламентад нэг суудалтай үлдсэн юм.

Дараа нь 2004 оны сонгуулиар Хэнтийчүүд бас л МАХН-ын гурвал буюу УИХ-ын гишүүн Д.Арвин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, гишүүн У.Хүрэлсүх нарыг сонгож, Ардчилсан намаас нэр дэвшсэн С.Жаргал, Да.Ганболд, Ж.Оюунбаатар нар тэдэнд тахимаа өгөхөд хүрсэн байна. Ардчилсан хүчний бүх намууд нэгдэж Ардчилсан намын туган дор сонгуульд орсон энэ сонгуулиар монголчууд нийтээрээ “хаан сонголт” хийж, МАХН, МАН-ын суудлыг тэнцүүлсэн авч Хэнтийчүүд үүнийг зөвшөөрөөгүй юм.

Харин 2008 оны сонгуулиар УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Хадгаламж банкны хэргээс болж нэр дэвшиж чадсангүй. Түүний оронд хуучин энэ тойргоос сонгогдож байсан Н.Ганбямба дахин улс төрд орж ирлээ. Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин нар гишүүний суудлаа хадгалж үлдэв. Ардчилсан намаас нэр дэвшсэн Б.Гарамгайбаатар тойргийн нийт сонгогчдын 38 хувь, С.Мэндсайхан 29 хувь, Да.Ганболд 28 хувийн санал авсан боловч парламентад орж чадсангүй. Учир нь энэ удаагийн сонгуулийг томсгосон тойргоор гурван мандаттайгаар явуулсан тул тэд бусад намуудын нэр дэвшигчидтэй өрсөлдөхөөс гадна бие биетэйгээ өрсөлдөн санал хуваахад хүрсэн билээ. Хэрвээ С.Жаргал бие даан нэр дэвшиж, намынхантайгаа санал хуваагаагүй бол түүний цуглуулсан 37 хувийн санал Ардчилсан намын гуравт очиж, ядахдаа хоёр нь УИХ-д сонгогдох боломжтой байв.

Харин 2012 оны сонгуулиар тус тойрог хоёр мандаттай болж, Ардчилсан намаас аймгийн намын дарга, “Монроуд” компанийн захирал Б.Гарамгайбаатар н.Хүдэрбаатар хэмээх залуутай хамт даагаа нэхэхээр өрсөлдөж байна. Б.Гарамгайбаатар өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн Д.Арвингийн ард зогсч, урдуураа таслуулсан юм. Харин гишүүн Д.Арвин энэ удаа нийслэлийн Баянзүрх дүүрэгт намаасаа нэр дэвшихээр тойрог сэлгээд байгаа. Мөн МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба нар нэр дэвших эрхээ өвөртлөн Хэнтийг зорьсон.

Сураг сонсохнээ энэ удаагийн сонгууль аль аль намынх нь хувьд шийдвэрлэх ач холбогдолтой, ширүүхэн тулаан болно гэлцэж байгаа. Харин сонгогчид аль болох эрч хүчтэй, шинэ залуу, нэр цэвэр хүмүүс улс төрд орж ирээсэй хэмээн хүсч хүлээж байгаа. Дашрамд нэг зүйлийг сануулахад, Хэнтийчүүд сүүлийн гурван сонгууль дараалан МАХН-ыг завсаргүйгээр сонгосон хэдий ч цаг үргэлж, үеийн үед улаан туган дор зогсч байсан уу гэвэл бас худлаа. 1996-2000 онд Ардчилсан хүчин олонхи болж эрх барихад Хэнтийчүүд “Ардчилсан холбоо” эвслийн гурван нэр дэвшигчийг хольцгүйгээр сонгоод явуулж байсан билээ. Тэр нь 1996-2000 оны УИХ-ын гишүүн Да.Ганболд, О.Энхтуяа, Н.Түвшинтөгс нар. 1996 оны сонгуулиар сонгогчид парламентад 11 эмэгтэйг суулгасны нэг нь “Ардчилсан холбоо” эвслээс нэр дэвшсэн О.Энхтуяа. Энэ тоо сонгуулиас сонгуульд буурсаар одоогийн УИХ-д гуравхан эмэгтэй сууж байгаа билээ.

Тэгэхээр энэ удаагийн сонгуулиар Хэнтийн тойрогт аль нэм, хэн гэгч нэр дэвшигч ялах нь намуудын сурталчилгаа, өмнөө тавьсан бодлого зорилт, шилж шигшсэн нэр дэвшигчдийн чанар чансаанаас илүү хамаарна гэсэн үг. Дээр нь МАХН, МҮАН-ын эвсэл, ИЗН гэх мэт жижиг нам, эвслүүд санал хуваахаар ороод байгаа тохиолдолд сонгуулийн дүнг Ардчилсан нам, Ардын намын алинд нь ашигтайгаар эргүүлэхийг таахад бэрх. Хөхөрдөггүй Хэнтийд хөх туяа татах ч юм билүү, хэн мэдлээ.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж