Марио Балотелли: Уг нь багтаа үлдье гэж гуймааргүй л байна

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Марио Балотелли: Уг нь багтаа үлдье гэж гуймааргүй л байна

Бурхан түүнд хөлбөмбөг тоглох гайхалтай авьяасыг харамгүй өгчээ. Харин тэр өөрийн дэггүй зангаасаа болж энэ их авьяасыг үнэгүйдүүлэх шахдаг. Хэрвээ адайр аашаа засаад биеэ зөв авч явж чадвал олон мянган хүний хайр талархлыг хүлээж чадсан жинхэнэ од болж чадна хэмээн мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлдэг. Энэ бол Английн “Манчестер Сити” багийн довтлогч Марио Балотелли. Тэрээр “World Soccer”-т ярилцлага өгчээ.  

-Сүүлийн үед таныг тойрсон яриа хүчтэй өрнөж байна. Багийн удирдлага таныг “Милан”-д солилцоогоор өгөхөөр шийдсэн гэж хэвлэлд бичиж байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Тийм яриа хүчтэй гарч байгаа нь үнэн л дээ. Миний хувьд ийм яриаг аль болох тоохгүй байхыг хичээдэг. Гэвч үргэлж тэгж чадахгүй байна л даа. Заримдаа нээрээ намайг худалдах гэж байгаа юм болов уу гэж бодогдох юм. Үүнийг нуугаад хэрэггүй байх.

-Тэгвэл удахгүй багаа орхих юм байна гэж ойлгож болох уу?

-Үүнд би хариулт өгч чадахгүй. Багийн удирдлага л эцсийн шийдвэрийг гаргана шүү дээ.

-Гэхдээ та энэ талаар тэдэнтэй ярилцахгүй зүгээр суугаад байна гэж байхгүй биз дээ?

-Миний менежер бүгдийг хариуцдаг болохоор би аль болох асуудалд оролцохгүй байхыг боддог. Дасгалжуулагч надад итгэж байгаагаа хэлсэн л дээ. Гэхдээ эцсийн шийдийг багийн удирдлага л гаргана.

-Таныг сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм. Гэхдээ үнэндээ багаа солих хүсэл алга.

-“Милан”-аас Ибрагимович ирэх  магадлал их байна?

-Тэр тухай сонссон. Хэн ч ирсэн бай үндсэн бүрэлдэхүүнд гарахын төлөө уйгагүй зүтгэх болно.

-Та Премьер лигийн сүүлийн тоглолтуудад ихэвчлэн үндсэн бүрэлдэхүүнд тоглосон. Сэлгээнд суухгүй байхын тулд та юу хийв?

-Талбайд хэн гарахыг би биш дасгалжуулагч шийддэг. Түүнээс асуусан нь дээр байх.

-Гэхдээ та түүний итгэлийг олох гэж хичээсэн биз дээ?

-Би хэнээс юу ч гуйдаггүй. Таныхаар бол би Манчинийг үнсээд, намайг тоглуулаад өгөөч гэж гуйсан болж байна уу. Тийм юм байдаггүй л байхгүй юу.

-Манчини танд итгэж байгаа юу?

-Ингэж ярьвал өөр шүү дээ. Тэр надад итгэж байгаа. Би ч итгэлийг нь алдахгүйг хичээж байна.

-Итгэхгүй болоод л “Милан”-д илгээх гээд байгаа юм биш үү?

-Уг нь багтаа үлдье гэж гуймааргүй л байна. Гэхдээ Манчини намайг үлдээх болов уу гэж найдаж сууна. 

-Эдин Жеко сэлгээнд суух болсондоо сэтгэл хангалуун бус байгаагаа хэлж байсан. Тэр танд таагүй ханддаг гэсэн. Та ч бас тэгж ханддаг уу?

-Би яаж мэдэх юм бэ. Өөрөөс нь асуу л даа.

-Та хоёрыг хувцас солих өрөөнд муудалцсаныг бүгд мэдэж байгаа. Гэхдээ маргааныг таныг эхлүүлсэн гэж бичиж байгаа?

-Намайг л муу муухайн үүр болгох гэх юм. Ийм зүйлээс болоод л би стресст ордог.

-Хэрвээ та багаа үлдсэн ч ирэх улиралд таныг сэлгээнд суулгаад эхэлбэл яах вэ?

-Сэлгээний сандалд л суухгүй юу. Өөр яах юм.

-“Милан”-д тоглохыг хүсч байгаа биз дээ. Багийн эзэн таныг биширдгээ хэлсэн?

-Энэ бол агуу баг. Өөр хэлэх үг алга.

-Та яагаад адайр ааш гаргаад байдаг юм бэ. Талбайд ч тэр. Уг нь таныг их авьяастай гэж мэргэжилтнүүд үнэлдэг?

-Би байгаагаараа л байдаг. Заавал хэн нэгнийг дуурайж журамтай залуу болох гээд яахав. Би үнэндээ бусдад таалагдах гэж амьдардаггүй. Магадгүй миний үйлдэл олон хүний дургүйг хүргэдэг байх. Тэглээ гээд өөрийгөө өөрчлөх хүсэл алга.

-Гэхдээ энэ байдал чинь таны авьяасыг баллах гээд байна шүү дээ?

-Миний өмнөөс санаа зовсонд баярлалаа. Би талбайд гоол оруулах гэж гардаг. Үүнийгээ сайн биелүүлж байгаа. Энэ байхад л хангалттай.

-Таныг хэцүү амьдрал туулсан гэж сонссон. Магадгүй та амьдралд шаралхаад дэггүйтдэг болов уу?

-Би хэцүү амьдрал туулсан гэж хэзээ ч хэлэхгүй. Төрсөн эцэг,эх маань намайг эдгэршгүй өвчтэй гээд орхиод явсан. Би бага байсан л даа. Амьдрал хэцүү, мөнгөгүй байсан болохоор тэд өвчтэй хүүгээ өөр гэр бүлд орхихоос өөр зам байгаагүй гэдгийг бол би ойлгодог. Харин намайг эдгээчихээд буцааж аваачиж өгөхөд хаалгаа тайлж өгөхгүй байсныг нь бол хэзээ ч уучлахгүй. Би тэднийг эцэг,эхээ гэж үздэггүй. Надад Балотеллигийн гэр бүл л чухал. Би багадаа нэг сарын дотор таван удаа хагалгаанд орсон юм билээ. Тиймдээ ч өвчтэй хүүхдүүдэд туслахыг боддог.

-Дасгалжуулагч Манчини бол их шийдэмгий хүн. Түүний удирдсан багт тоглох болсноо сонсоод яасан бэ. Баяртай байсан уу, эсвэл?

-Манчинийг бол би сайн танина. Шийдвэр гаргахдаа ч зоримог гэдгийг нь ч мэдэж байсан. Боломжийн цалин амлаад авчирсан хүнийг би муулаад яахав.

-Тэгвэл Моуриньогийн талаар юу хэлэх вэ. Ирэх улиралд “Реал”-д ирэх магадлалтай тоглогчдын дунд таны нэр байсан юм л даа?

-Тэр бол агуу дасгалжуулагч гэдэгтэй санал нийлж байна. Харин хүн чанарын хувьд хэцүү хүн дээ. ”Интер”-д байхдаа түүнээс болж би олон удаа цалингаа хасуулж, торгуулж байсан. Зан аашийн хувьд надаас ч илүү адайр байх шүү. (Инээв)

-Италийн лигээс Английг зорих шийдвэр гаргах амаргүй байсан байх?

-Амаргүй байсан гэж хэлэхгүй. Яагаад гэвэл, би шинэ амжилтын төлөө зүтгэмээр байсан юм. Тэр тусмаа Английн лиг миний сонирхлыг их татаж байлаа. Германы лигт тоглох боломж байсан л даа. Тэр үед “Дортмунд”-аас их боломжийн санал ирсэн байв. Би нэлээд бодсоны эцэст багийн удирдлагатай ярьж байгаад “Манчестер сити”-д очихоор болсон. Би зөв сонголт хийсэн гэдэгтээ итгэлтэй байсан. Аварга болсноороо үүнийгээ нотолж чадлаа. Харин одоо багтаа үлдэх л шаардлагатай байна даа. 

-Италийн иргэн болсноор та шигшээд дуудагдах эрхтэй болсон. Үүнийг тийм их хүсч байсан юм уу?

-Би гана хүн л дээ. Тэглээ гээд Ганын нэрийн өмнөөс тоглохыг хүсээгүй. Ер нь Ганатай холбоотой бүхнийг би үзэн яддаг. Харин Итали бол өөр. Би энэ оронд төрж өссөн, бас хөлбөмбөгч болсон. Бас иргэн нь болсон. Тэгэхээр ачийг нь хариулах ёстой. Миний хийж чадах зүйл бол ердөө л хөлбөмбөг тоглох. Үндэсний шигшээ багтаа тоглож олон гоол оруулан багаа дахиад дэлхийн аварга болгохыг хүсч явдаг юм шүү.

-Удахгүй Европын аваргын тэмцээн болно. Италийн баг ямар амжилт үзүүлэх бол?

-Бид хэсгээсээ гарах нь тодорхой. Харин нэгээр үү,хоёроор уу гэдгийг Испанийн багтай хийх тоглолт л шийдэх байх. Манай баг энэ жил ямар ч байсан шөвгийн дөрөвт үлдэх нь гарцаагүй.

-Таныг өнөө цагийн шилдгүүдийн нэг  гэвэл хүлээн зөвшөөрөх үү?

-Надаас шилдэг олон довтлогч байгаа. Харин ганц, хоёр жилийн дараа бол өөр хэрэг шүү.  

-Гоолын мэдрэмж алга болох үе гэж байх уу?

-Бусад хөлбөмбөгчид ямар байдгыг мэдэхгүй. Миний хувьд мэдрэмж ирэх үеэ сайн мэдэрдэг. Зарим хүмүүс үүнийг бэлтгэл ханах гэж яриад байдаг. Би бол тэгж боддоггүй. Бэлтгэл сайн хийхгүй байсан ч мэдрэмжтэй байхад гоол оруулж болдог.

Зохиогчийн эрх: “Спортын шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж