Намуудад өнгөнөөс өөр ялгаа байна уу?

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Намуудад өнгөнөөс өөр ялгаа байна уу?

Малчин Довдон гуайгаас сэтгүүлч залуу ярилцлага авчээ.

-Нэг ямаа хэдэн грамм ноолуур өгдөг вэ?
-Хөх нь уу, улаан нь уу?

-Хөх нь?
-Хөх нь таван зуу, хүү минь.

-Улаан нь?
-Улаан нь бас таван зуу.

-За тэгвэл нэг ямаа хэдэн литр сүү өгдөг вэ?
-Хөх нь уу, улаан нь уу?

-Хөх нь?
-Хөх нь гурван литрийг өгдөг юм аа.

-Аа., улаан нь?
-Улаан нь бас гурван литрийг өгдөг.

-Адилхан л байсан юм бол юундаа “Хөх нь уу, улаан нь уу” гэж толгой эргүүлээд байгаа юм бэ?
-Хөх нь миний ямаа байгаа юм аа, хүү минь.

-Аа за. Улаан нь тэгээд хэнийх юм?
-Улаан нь бас минийх ээ.

Малчин Довдон ямаагаа өнгөөр нь ялгаж ойлгодогтой адил бид ч улс төрийн намуудаа өнгөөр нь л ялгах боллоо. Адилхан зүйл ярьж, адилхан бодлого хэрэгжүүлнэ. Энэ хэвээр байвал бид сонгоод байх ч утга алга боллоо. Намуудыг өнгөөр нь л ялгах нь араасаа өөрсдийгөө намаар ялгах хорыг дагуулах болно.

УЛААН УУ, ЖИНХЭНЭ УЛААН УУ?

Хүнсний зах дээр “монгол төмс” гээд худалдагч бараагаа худалдана. Үүний дараагийнх нь лангуун дээр “Жинхэнэ монгол төмс” гээд бас л ялгаагүй зүйлийг зарна. Энэ нь худалдан авагчийн сэтгэлзүйд зориулсан арга бөгөөд “монгол” гэдэгт итгүүлж чадвал бараагаа хурдан зардаг гэнэ. Улс төрд ч ийм зүйл бий болж. МАН болоод МАХН-ынхны жишээ үүнийг харуулна. Улаан өнгөөр өөрсдийгөө тодорхойлогч гал улаан хувьсгалт нам нэрээ өөрчлөн МАН болсон ч өмнөх нэрээ бас өмчлөхийг хүсэв. Сонгуулийн хуудсан дээр олны нүднээ дасал болсон МАХН гэх товчлол улс төрийн тайзнаас буусан хүмүүс, арын эгнээний туслах жүжигчдэд улс төрд эргэн орох “эрхийн бичиг” мэт харагдсан тул “манайх”, “манайх” гэсээр урагшилж эхлэв. Туслах дүрийн жүжигчдийг үл тоохыг хүсэвч бас тийм амар биш бололтой. Улаан өнгөөр тоглохыг хүсэгчид ийнхүү хоёр болж хуваагдлаа. Үүний цаана үзэл баримтлал, улс төрийн бодлогоороо ялгагдахгүй хоёр ч ижил бүтээгдэхүүн нэг зах зээлд сурталчилгаагаа явуулах болов. Өмнөх сонгуулиудын үед хувьсгалт намын сурталчилгааны хуудаснуудын дэвсгэр, зонхилох өнгө улаан байсан. Далан жилийн турш дасал болсон гал туг, намын цусан улаан батлах гээд “үнэт зүйлс” -т нь уг өнгө нэвт шингэсэн тул ерэн оноос хойш ч тэд энэ өнгөнөөс буцаагүй. Одоо ч буцахгүй. Сонгууль дөхөж байна, эдний аль нь улаан өнгөний ард үлдэх бол.  

ЦАГААНТАН УЛААНТАН БОЛЖ ТОГЛОХГҮЙ

“Зах зээл”-д шинэ бүтээгдэхүүн гаргаж ирэхийн тулд шинэ өнгийг ч олонд таниулах хэрэгтэй болжээ. Цагаан морин жил, ардчилал шинэч­лэл, хөх тэнгэр гээд л өнгөний эрэлд гарав. Төрийн далбааны голд хөх өнгө бий. Ингээд л өөрсдийн ардчиллын өнгийг олж. Тухайн үед бий болсон барууны үзэл баримтлалтай намууд ч хөх өнгийг бэлгэдэлдээ оруулсан. Ардчилсан намынхны сонгуулийн сур­тал­чилгааны захиалга авсан хэв­­лэ­­лийн компанийн хамгийн их зарцуул­сан будаг мөн л энэ өнгө боллоо.

Өнгөний цаана үзэл баримтлал гэж чухал зүйл бий. Баруун зүүний бодлого гэдгийг ганц хоёр шинжээр нь ялгах гээд оролдоод үзье. Үүнийг “нэгэн сэтгүүлч онолдох гэж оролдов” гээд л бодчих. Нийгмийн олон янзын бүлгүүдийн төлөөлөл цугласан уралдаан болох нь гээд төсөөл дөө. Олимпийн аварга, сургуулийн биеийн тамирын багш, гишүүний туслах, хацартаа нусаа наасан пацаан гээд бүгд л ирцгээсэн байна. Эднийг яаж уралдуулах нь зүйтэй вэ. Барууны чиг баримжаатай намынхан бол гарааны тэгш байдлыг чухалчилна. “Бүгд гараанаас зэрэг гарах нь уралдааныг жинхэнэ утгатай болгож шударга ёсонд нийцнэ” гэж үзнэ. Харин зүүний чиг баримжаатай намынхан барианы тэгш байдлыг илүү шударга ёсонд нийцнэ гэж бодно. “Барианы зурвас дээр бүгд зэрэг ирсэн байх нь шударга зүйл. Олимпийн аварга биеийн тамирын багшийг нэг гараанаас эхлүүлэх нь шударга бус. Үүнийг зохицуулахын тулд эмгэн бацаан хоёрыг хамгийн урд, гишүүний туслах тэдний ард, олимпийн аваргыг хамгийн ард гарааны зурвас дээр зогсоосны эцэст уралдааныг эхлүүлэх нь зүйтэй. Хэн, хаана зогсохыг бол бид шийднэ. Хамгийн гол нь бариан дээр бүгд зэрэг ирснээр бүгд сэтгэл хангалуун байна” гэх нь тэдний шударга ёсны төсөөлөл.

Иймдээ ч зүүний чиглэлийн намын мөрийн хөтөлбөрт, тэдний засгийн эрхийг барьж байх үед нийгмийн халамжийн бодлого хүчтэй харагддаг. Гэтэл өнгөрсөн оны улс төрийн амлалтаас болж намуудыг ялгаж байсан бодлого, үзэл баримтлал гэх зүйл бүдгэрэх болов. Зүүн, баруун ялгалгүй халамжийн бодлогын тухай ярьсаар УИХ-д гарч ирцгээв. Мөнгөний дүнгээс өөрөөр ялгагдахааргүй адилхан зүйл ярьж гарч ирсэн тул Засгийн газраа ч хамтраад байгуулчихав. Ингээд хүн бүрт халамж хүртээж эхлэв. Үүнийг нь хөндлөнгөөс харвал зүүнийхэн засгийг гартаа авчээ гэж харагдахаар аж. Үнэндээ улаанууд ялчихсан юм биш үү. Тэдний үзэл баримтлал, улс төрийн халамжийн бодлого бүгд хэрэгжиж байна. Харин барууны үзэл хаачив? Магадгүй Ардчилсан намын даргын “баруун зүүн гэж юу яриад байгаа юм бэ” гэх ундууцал, Ардчилсан намын гишүүн З.Энхболдын “Консерватизм, либера­лизмаа ялгахгүй даргатай хол явахгүй”  гэх шүүмжлэл дээрх асуул­тад хариулсан мэт. Энэ нам зүүний нам болчихоогүй л баймаар юм.  

“НОВ НОГООН” НАМ ТӨРӨХИЙГ Ч ҮГҮЙСГЭХГҮЙ

Иргэний Зориг нам Ногоон нам нэгдэх боллоо. Үзэл баримтлалын хувьд шууд эсрэгцэхээр зүйл гараагүй нь эдгээр намыг нэгдэж болохгүй байх шалтгаангүй болгов. Үүнээс хамгийн гол нь гуравдагч хүчний орон зайд ийм аргаар л орохгүй бол амжилт олохгүй нь гэх дүгнэлтэд хүрсэнд байлаа. Намуудын нэгдэл нэг талаар хүчийг нэмэгдүүлж давуу талыг бий болгож байдаг ч нөгөө талаар сул талыг ч үүсгэж байдаг аж. Тухайлбал, анх бий болгосон “өнгө”, төсөөллүүд нь өөр нэг намын бий болгосон “өнгө” төсөөлөлтэй нийцэхэд ихээхэн бэрхшээлтэй байх аж. Энэ нь намуудын нэгдлийг эсэргүүцэгчдэд өнгөөр тоглох боломжийг өгөх нь тодорхой. Ингэхээр улс төрд ногоон төдийгүй, “нов ногоон” нам бий болж Улсын дээд шүүх рүү цаас бариад гүйх хэсэг гарахыг хүлээж байхад гэмгүй биз.

ШАР ӨНГИЙГ ЖАГСААЛТААС ГАРГАВ

Иргэний хөдөлгөөнийхөн шар өнгөөр улс төрд гарч ирэхээр оролдсоныг санаж байгаа байх. Сүхбаатарын талбай дээр толгойгоо шар өнгийн даавуугаар ороосон хүмүүс холхилдож “эрүүл нийгэм,  шударга ёс”-ийг шаардаж байсан. Эрүүл бус хүмүүс улс төрийн хүчнүүдэд орсон байгааг шүүмжилж, жагсаал цуглааныг дажгүй өндөр түвшинд хийж байлаа. Гэвч өнөөдөр тэрхүү жагсаалыг манлайлагчид “шар” өнгөнөөс татгалзаж, эцэстээ хөх, улаанд хуваагдаад сарниж. Харамсаж бодвол өвөрт нь орохоос аргагүй хувь тавилан угтсан байж ч болох юм. Найдаж бодвол боловсрохоо хүлээн, давхар бодол агуулж суугаа байж ч болох юм. Ямартаа ч дахин улс төрд шар өнгө л лав гарч ирэхгүй байх. Хэн ч бусдын улан дор гишгэгдсэн өнгийг сонгохгүй.

ӨНГӨӨР ТОГЛОЖ БОЛОХ Ч ХУУЛИАР ТОГЛОЖ БОЛОХГҮЙ

Ялгагдах зүйлтэй байж сонголт хийх боломжийг ард нийтэд олгоно. Гэтэл өнөөдөр нэг өнгөтэй, ганц том намынхан доторх хэсгүүддээ өөр өөр намын нэр өгөөд сонгуульд оролцоод байгаа мэт л харагдаж байна.  Нам анх байгуулагдахдаа ямар үзэл баримтлалыг сонгосон, улс төрд орох мөрийн хөтөлбөрөө дээрх үзэл баримтлалдаа хэр нийцүүлсэн, Засгийн газарт ороод хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа хэрхэн анхдагч баримтлалдаа тааруулж буйгаар үнэлэгдэх учиртай. 

Өнгөөр тоглож болох ч хуулиар тоглож болохгүй. Улс төрийн намын тухай хуульд “Нам нь Монгол Улсын хууль тогтоомж, үндэсний эрх ашигт нийцсэн өөрийн үзэл баримтлал, үйл ажиллагааны зарчим, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх үндсэн арга замыг тодорхойлсон мөрийн хөтөлбөртэй байна. Нам нь Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” гэж заажээ.
 Эцэст нь намын тугийг өргөж буй, дор намирч яваа нөхдөд “ТА НАРТ ӨНГӨНӨӨС ӨӨР ЯЛГАРАХ ЗҮЙЛ ДААНЧ АЛГА”  л гэе.  

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж