Ирэх сарын цаг агаарын тойм

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Ирэх сарын цаг агаарын тойм

6 дугаар сарын агаарын температурын дундаж нь Ховдын зүүн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 20-25, Баян-Өлгийн баруун, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтайн баруун өмнө ба зүүн хойд, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 10-14, бусад нутгаар 15-19 градус дулаан байдаг /1 дүгээр зураг/ боловч зарим жил энэ утгаас нилээд хазайдаг. Тухайлбал, сүүлийн жилүүдийн байдлаар 1994, 1997 онд төв, говь, зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас 1-2 градусаар, 2000-2002, 2004, 2007 онд ихэнх нутгаар 2-5 градусаар дулаан болж, үнэмлэхүй их температур уулархаг нутгаар 23-28, бусад нутгаар 33-38 градус хүрч халж байсан бол 1987, 1990 онд олон жилийн дунджаас 1-2 градусаар хүйтэрч үнэмлэхүй бага температур говийн нутгаар 3-8 градус дулаан, уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэрч байжээ. Цочир хүйтрэл сарын аль ч үед ажиглагддаг.

 Энэ сард олон жилийн дунджаар Их нууруудын хотгор, говийн ихэнх нутгаар 9-29, төвийн нутгийн ихэнх хэсэг, зүүн зүгийн нутгийн баруун хойд хэсгээр 50-70, бусад нутгаар 21-49 мм бороо ордог /2 дугаар зураг/ боловч 1991, 1993, 1996, 2004 онд говийн нутгаар, 1994, 2008 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 дахин их бороо орсон бол 1987, 1995, 1998-2000 онд дунджаас бага бороо орсон байна.

 Дуу цахилгаан жил бүр 4-8, зарим жил 10-14 удаа ажиглагддаг. Салхины хурд 15 м/с-ээс их болох тохиолдол жил бүр 1-3, зарим жилд 7-9 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурдаас дурдвал, 1991 онд говийн нутгаар, 1995 онд баруун зүгийн нутгийн баруун, говийн нутгийн зүүн хэсгээр түр зуур 28-36 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурч байжээ.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж