МАН-ын дарга Үндсэн хуульд ”халдав” уу?

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

МАН-ын дарга Үндсэн хуульд ”халдав” уу?

Манай улстөрчид хоёр тан­химт парламентыг сонирхоод эхэллээ. Өнөөгийн 76 гишүүнтэй УИХ дэндүү хяналтгүй, зарим асуудлыг хөнгөн гоомой шийдээд байна гэнэ. Ирээдүйн улс төрийн амьдралд ч төдийлөн нийцэхгүй болсныг шүүмжлэх болов. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд ч улс төрийн намуудын хэлэлцүүлэг дээр тэр тухай  үгийг амнаасаа унагав. Парламентыг хоёр танхимтай бол­гох нь улс орны ирээдүйд тустай гэсэн түүний санаа уг нь шинэ зүйл биш. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн 1990 онд хуучин социализмын үед байсан Ардын Их Хурал хэмээх жилдээ хоёр удаа долоо, долоо хоногоор чуулдаг байсан байнгын бус ажиллагаатай парламентыг халж, АИХ буюу байнгын бус үйл ажиллагаатай дээд танхим, Улсын Бага Хурал хэмээх байнгын ажиллагаатай доод танхим бүхий парламент бүрдүүлж хоёр жил шахам ажиллуулсан. Чухам хоёр танхимт парламентыг ажиллаж байхад Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг батлан гаргасан түүхтэй. Доод танхимын гаргасан саналыг дээд танхим шүүн тунгааж болох болохгүйг ялгадаг байв. Хоёр танхимтай парламенттай байсан үеийг цухас дурдвал ийм. Харин 1992 оноос нэг танхимт  байнгын ажиллагаатай парламент болох УИХ хууль тогтоох үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Харин жилийн өмнөөс УИХ-ын эрхэм гишүүн Э.Бат-Үүл хоёр танхимт парламентын тогтолцоог эргүүлж сэргээхийн чухлыг ярих болсон. Засгийн газартаа толгойгоо мэдүүлсэн, дотоод хяналт сул­тай нэг танхимт парламент ор­чин үед нийцэхээ больсныг тэрбээр хамгийн түрүүнд олж харж хэлсэн гэхэд болно. Харин сүүлийн үед ҮШН Үндсэн хуульд өөрчлөлт оруулж хоёр танхимтай парламент бүрдүүлэхийн чухлыг энд тэндэхийн хэлэлцүүлэгт орох­доо хэлж ярьдаг болов. Доод танхимын гишүүд нь улс төрийн намуудаас сонгогддог, дээд танхимынхан нийт үндэсний төлөөлөл болж сонгогддог бай­вал улс төрд гажуудал үүсэх нь харьцангуй гайгүй болно гэж ҮШН-ынхан үзэж байгаа юм. Энэ чиглэлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын чухлыг МАХН-аас удаа дараа зохион байгуулсан хэлэл­цүүлэг дээр ҮШН-ын дарга нар хэлсээр ирсэн. Гэтэл энэ үг МАН-ын даргаан амнаас бас гарлаа. Тэгэхээр МАХН, МАН хоёр ерөнхийдөө нэг зүйлийг хоёр талаас ив ижлээр хараад ч байгаа юм шиг.

Хоёр танхимтай парламент гадаад улс орнуудад байдаг л зүйл. ОХУ л гэхэд Холбооны Хурлын Холбооны зөвлөл гэсэн дээд, Тө­рийн Дум гэсэн доод танхимт парламенттай. АНУ-д Сенат, Конг­ресс гээд л байна. Монголд ч байхад болохгүй гэх газаргүй. Доод танхимын гишүүдээ цөөлж, дээд танхимдаа арай өргөн төлөөлөл оруулна л биз.

Гэхдээ дэвшүүлсэн санал хуульд хэрхэн нийцэж байна вэ гэвэл өөр. Парламентын га­дуурх намууд санаа бодлоо яаж илэрхийлэх нь нэг хэрэг. Харин Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын дарга нь танхимт парламентын тогтолцооны талаар ярьсан нь харин Үндсэн хуульд “халдсан” хэрэг болж таарах гээд байх шиг.

УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар Үндсэн хуульд өөрч­лөлт оруулах журмын тухай хуулийг баталж гаргасан. Тэр хуулиар Үндсэн хуульд ямар зарч­маар өөрчлөлт оруулах, аль хэсэгт нь гар хүрч болохгүйг тогтоож өгсөн. Үндсэн хуулийн хөндөж болохгүй хэсэг дотор Монгол Улсын төрийн тогтолцоо гэсэн зүйл бий. Тэнд Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага нь нэг танхимт парламент болох УИХ гээд заачихаж. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд үүнд хэн ч гар хүрч болохгүй шүү хэмээн анхааруулж сануулж тусгайлан зааж өгсөн хэсгийг хөндөж байж гэмээнэ хоёр танхимт парламентыг Мон­голд тогтоох боломжтой. Гэтэл дөнгөж баталсан хуулийнхаа эсрэг МАН-ын дарга дуугарсан байна. Ирээдүйд парламентын ийм тогтолцоонд шилжихэд хүр­вэл юуны өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчилж, дараа нь Үндсэн хуульд гар хүрэх шаардлага гарна. Тийм хожим хойтохын асуудлыг МАН-ын дарга сөхөв үү, эсвэл бусад намуудын дэвшүүлсэн са­налыг дэмий нэг даган баясав уу гэдэг асуултын тэмдэгтэй үлдэж байна.

                    Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж