Нийгмийн бодлогын байнгын хороо Орхон аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Нийгмийн бодлогын байнгын хороо Орхон аймагт ажиллав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнгөрөгч даваа гаригаас эхлэн гурав хоног Орхон аймагт ажиллаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг орон нутгийнханд тавилаа.

Энэ уулзалт тус Байнгын хорооноос чуулганы завсарлагаар иргэдтэй хийсэн эхний уулзалт бөгөөд иргэдээс гарсан санал санаачлагыг хууль боловсруулахад тусгаж ажиллах зорилготой юм. Уулзалтын эхний өдөр НББСШУБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Д.Очирбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар Орхон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус Байнгын хорооноос Хөдөлмөр эрхлэлтийн хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж, хэлэлцүүлэх гэж буй. Орхон аймгийн ХХҮХ нь 2010 онд амжиргааны баталгаажих төвшнөөс бага орлого бүхий 470 өрхийг ядуурлаас гаргах зорилт тавин ажиллаж, 430 болгон бууруулсан байна. Өрхийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд тус газар нь жилд 550 сая төгрөгийн зээл олгохоор төлөвлөж байгаа бол Орхон аймгийн зүгээс нэг тэрбум төгрөгийн зээлийг өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор олгож байгаа аж. Харин зээлд хамрагдах иргэн нь авсан зээлээ эргэн төлөх боломж бүхий эрхэлсэн тодорхой ажил, жижиг бизнестэй байх шалгуур тавьсан байна. Гэвч энэ нь нэг талаас иргэдийг ялгаварлан гадуурхсан үйл ажиллагаа болж байна гэсэн шүүмжлэл дагуулсан гэнэ.

Өнгөрсөн 2010 онд эдийн засгийн хямралаас болж  аймгийн иргэдэд ажил олгогч “Очирт төв” болон “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх хоёр ч аж ахуйн нэгж, олон ажил олгогчид хаалгаа барьсан нь иргэдэд санхүүгийн хувьд ихээхэн дарамт болсон байна. Орхон аймагт өнөөдрийн байдлаар төрийн халамж үйлчилгээ хүртэж байгаа 10 гаруй мянган иргэн бий гэсэн судалгаа гарчээ. Харин улсын шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүйн улмаас “Эх орны хувь хишиг”-ээ авч чадаагүй 2900 хүн байгаа гэнэ. “Эх орны хувь хишиг” олгох ажил ч нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст ихээхэн ачаа болсон байна. Мөн шинээр боловсруулж буй хуулийн төсөлтэй холбогдуулан ахмадуудад түлээ, нүүрс олгох тал дээр насны зааг тогтоож өгөх, бүтэн өнчин хүүхдэд тэтгэлэг олгох журмыг боловсронгуй болгох саналтай байгаагаа ХХҮХ-ийн дарга Р.Дулмаа хэлсэн. Тус аймагт өнөөгийн байдлаар ажил идэвхтэй эрж байгаа 24-37 насны 1800 хүн байгаа аж. Үүний дараагаар Орхон аймгийн Боловсрол, Соёлын газрын үйл ажиллагаатай танилцсан юм.

Тус газар нь үйл ажиллагаа явуулах өөрийн гэсэн байргүй, байрныхаа түрээсэнд жилд 16 сая төгрөг төлдөг байна. Байртай болох талаар аймгийн Засаг дарга болон БСШУЯ-нд удаа дараа хандсан ч өнөөг хүртэл тоймтой хариу аваагүй гэнэ. Түүнчлэн УИХ-ын гишүүд орон нутагт оновчтой ажил хийхгүй, ийм тийм ажил хийсэн гэж төсвийн хүрээний мэдэгдэл хийхээс илүү гарахгүй байгааг БСГ-ын дарга Ц.Ариунаа хэлсэн  юм. Мөн 280 хүүхдийн даацтай хоёр цэцэрлэгийн байр хуучирч муудсанаас үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн. Цэцэрлэгийн байрны засварт 800 сая төгрөг хэрэгтэй. Гэвч энэ хэмжээний хөрөнгөөр засвар хийснээс шинээр цэцэрлэг барих хэрэгтэй байна гэлээ.

Дараа нь Байнгын хорооны гишүүд Орхон аймгийн Бүсийн оношилгоо шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцав. Тус төв 1983 онд ашиглалтад орсон цагаас хойш өнөөг хүртэл бүрэн хэмжээний их засвар хийгээгүй, зарим өрөөний шалны хулдаас, өвчтөн хэвтэх ор хэрэгсэл 1983 онд ашиглалтад ороход байсан хэвээрээ аж. Гишүүдийг очих үед эмнэлэгт бөөрний эмчилгээтэй зургаан хүн хэвтэн эмчлүүлж байлаа. Энэ тасагт цус шүүх хоёр аппарат ажиллаж байгаа нь хангалтгүй байгаа. Нөгөөтэйгүүр эмнэлгийн байранд засвар хийхдээ төсөвтөө тааруулан хана тус бүрээ жил жилээр хэсэгчлэн буддаг,  компьютер томографийн аппарат шаардлагатай байгааг аймгийн эмнэлгийн дарга М.Баттүвшин Байнгын хорооны дарга Д.Очирбат болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарт дуулгасан юм. Гишүүд ч ирэх оны төсөв, холбогдох хуулиудад дээрх асуудлыг анхаарч тусгахаа амлалаа.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж