Арьс шир боловсруулагчид хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Арьс шир боловсруулагчид хуралдлаа

Арьс, шир боловсруулах үйлдвэрлэлийнхэн өнөөдөр 10.00 цагт “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд цуглаж, энэ салбарын тухай хэлэлцлээ. Энэ үеэр ХХААХҮЯ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны удирдлагууд, арьс шир боловсруулдаг хувь хүмүүс,  болон олон улсын байгууллагын төлөөлөгчид цугласан юм.

Энэ төрлийн үйлдвэрлэл нь малчид, иргэдийн орлогын тодорхой хэсгийг бүрдүүлдэгээр зогсохгүй экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болохынхоо хувьд эдийн засгийн өсөлтөд чамгүй нөлөөтэй гэдэг. Тиймээс үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд анхан шатны дамжлага буюу түүхий эд боловсруулах үйлдвэрийн эргэн тойронд буй асуудлыг нухацтай авч үзлээ. Зөвөлгөөний үеэр арьс шир боловсруулах үйлдвэрээс гарсан бохир усны асуудал, үйлдвэрт шинэ техник, технологи нэвтрүүлэх, боловсон хүчнийг чадавхижуулах нь тулгамдсан асуудал болохыг онцлон тэмдэглэж байсан.

Монгол Улсад арьс шир боловсруулах 40 орчим үйлдвэр байдаг бөгөөд эцсийн бүтээгдэхүүн буюу арьс ширээр гутал цүнх хийдэг 180 орчим үйлдвэр байдаг ажээ. Харин улсын хэмжээнд жилд 10.5 сая орчим ширхэг арьс бэлтгэдэг ажээ. Эдгээрийн 25 орчим хувийг эцсийн бүтээгдэхүүн болгоод, үлдсэн 75 хувийг анхан шатны боловсруулалт хийсэн байдлаар экспортонд гаргаж байгаа учраас үйлдвэрлэлийн экспортын хэмжээг танах шаардлага бий гэдэг билээ.

Энэ салбарт төрөөс баримталж буй бодлгын талаар ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга М.Баярмагнай:

-Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт төрөөс ямар бодлого барьж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас эдгээр асуудлыг шийдэхийн тулд Хөдөө аж ахуй гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль, түүхий эд боловсруулагчдыг дэмжих зорилгоор арьс шир, түүхий эдээ тушаасан малчдад урамшуулал олгох боллоо. Мөн түүхий эдийг анхан шатны тордолт хийх, стандартад хүргэхийн тулд “Хөдөөг хоршоолох аян”-ыг гурван жилийн хугацаатай зохион байгуулж эхэлж байна. Үүнийг бүх аймагт эхлүүлсэн. Ингэхдээ 330 суманд түүхий эдийг бэлтгэх хоршоодыг чадавхижуулах ажлыг хийж байна. Мөн хоршоодыг түшиглэн түүхий эдийн бэлтгэлийн төвийг байгуулах, тоног төхөөрөмжийн дэмжлэг олгох зориулалтаар 100 сая төгрөгийг зарцуулсан.

-Одоогийн цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Улсын хэмжээнд 120 гаруй усан цэвэрлэх байгууламж байна. Үүнээс зарим нь технологийн хувьд хоцоргдсон. Арьс ширний хувьд экологид халгүй үйдлвэрлэлийг явуулахаар хамтран ажиллаж байна. Энэ талаар Харгиа ХК бол хувийн эзэмшилд байсан. Тодорхой хугацаанд  их дунд засваруудыг хийсэн. Сүүлийн  дөрвөн жилд нийслэлийн  өмчит үйлдвэрийн газар болгоод, 5,6 тэрбум төгрөгийг зарцуулсан.

-Цаашид ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?

-Цаашид орон нутагт мах бэлтгэлийн анхан шатны нядалгааны цех, арьс ширний анхан шатны тордлогооны цех байгуулахад дэмжлэг үзүүлнэ. Ингэхдээ хотоос зайтай Эмээлтэд байгуулна. Энэ нь ойрын хэдхэн жилд бүтэх юм биш, дэд бүтцийн асуудлыг шийдэх ажил бий. Цаашдаа Харгиа цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийнэ. Энэ асуудлын хүрээнд шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах юм.

Монголын арьс, ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан:

-Бохир усны асуудал их сөхөгдөж байна .Энэ тал дээр ямар ажил хийвэл зохих вэ?

-Өнөөдрийн зөвөлгөөн дээр тулгамдсан асуудал бол арьс ширний боловсруулах үйлдвэрээс гарч буй бохир ус, экологид нөлөөлж буй сөрөг нөлөөллийг багасгах асуудал байна. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай тавдугаар сард уулзаад,  үйлдвэр бүрт бага оврын цэвэрлэх байгууламж, тэр дундаа усаа эргүүлээд ашигладаг, хортой усанд  хортой хог хаягдлыг шүүдэг төхөөрөмжийг арван нэгдүгээр сар хүртэлх хугацаанд байгуулах талаар ярьсан. Эхний ээлжинд зарим үйлдвэрт байгуулаад явж байна.

-Боловсруулсан арьс, ширний дийлэнхийг Хятад улсад гаргаад алддаг гэдэг. Дотоодынхоо хэрэгцээг хангаж чадаж байгаа болов уу?

-Энэ бол бас нэг тулгамдаж буй асуудал юм. Эргэлтийн хөрөнгө дутуу байдгаас нийт түүхий эдийнхээ 30 хувийг үндэсний үйлдвэрлэл өөрөө худалдаж авч байна. Үлдсэн хувийг Хятадын худалдаачид авч байна. Тэгэхээр өөрийнхөө эх оронд байж Хятадуудтай өрсөлдөж байна гэсэн үг. Тиймээс арьс ширний салбарыг сэргээн хөгжүүлэх төслийг ХХААХҮЯ, Монголн арьс ширний үйлдвэрийн холбоо хамтраад боловсруулсан. Энэ төсөл өнгөрсөн долоон хоногт Засгийн газрын хуралдаанаар ороод, дэмжигдсэн юм. Цаашдаа бодит ажлыг төслийн дагуу хийхээр болж байна.

-Үйлдвэрлэгчдийг дэмжих ямар бодлого одоогоор байгаа вэ?

-Арьс, шир үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн бондын зээл өгөх, үндэсний үйлдвэрлэгчдэд арьс ширээ тушаасан малчдад урамшуулал олгохоор болж байна. Хүмүүс арьс ширний үйлдвэрлэл гэхээр зөвхөн 30 орчим аж ахуй нэгжийн асуудал мэтээр ойлгодог. Үйлдвэрлэлийн цаана байгаа 170 мянган малчин өрхийн асуудал яригдаж байна. Бүгд арьс ширээ боловсруулаад тушаагаад, үндэсний бүтээгдэхүүнийг бүрдүүлж байгаа шүү дээ.

-Түүхий эд боловсруулаад зах зээл дээр гаргахад чанарын баталгаа хэрхэн авдаг юм бэ?

-Монгол Улс арьс ширээ хагас боловсруулаад Итали, Испани, Турк  зэрэг Европын орнууд болон  Хятад руу экспортолж байна. Экспортын бүрдүүлэлтэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарч байна. Эхлээд лабораторын шинжилгээ авах, экспортын сертифтикат авах зөвшөөрөл авдаг. Үүнийг нэг албан тоот болгочихож болмоор. Энэ нь цаг хугацааны хувьд ихээхэн алдагдалтай. Өмнө нь 3-4 хоногт мал эмнэлгийн сертификат гаргуулдаг байсан. Өнөөдөр зөвшөөрлийг нь авахад 10-14 хоног болжээ. Бүх бичигийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгадаг юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж