“Кореан эйр”-ийн монопольчлол БНСУ-д асуудал тариад байна

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

“Кореан эйр”-ийн монопольчлол БНСУ-д асуудал тариад байна

БНСУ-ын Шударга өрсөлдөөний хорооноос УБ-Инчон-УБ чиглэлийн нислэгийн шударга бус үйл ажиллагаатай холбоотойгоор “Кореан эйр” авиа компанид хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа талаарх мэдээлэл тус улсын сонин, хэвлэлээр шуугиан тариад байна. БНСУ-ын Шударга өрсөлдөөний хороо энэ сарын 23-ны өдөр “Кореан эйр” болон “МИАТ” компанийн зүй бус үйлдэлд торгууль ногдуулах талаар хэлэлцжээ. Тус хороо өнгөрсөн жилээс эхлэн “Кореан эйр” компанийн Инчон-Улаанбаатар чиглэлийн нислэгтэй холбоотой асуудлаар хяналт, шалгалт явуулж эхэлсэн байна. Тус байгууллагын өндөр албан тушаалтан “Шударга өрсөлдөөний хороо дээрх компаниудад өндөр торгууль ногдуулах нь гарцаагүй. Харин торгуулийн хэмжээ ямар байхыг ярилцах нь чухал” хэмээн мэдэгджээ. БСНУ-ын Шударга өрсөлдөөний хорооноос “Кореан эйр” компанид торгууль ногдуулах шийдвэр гаргасан тохиолдолд өнгөрсөн арван жилийн турш УБ-Инчон-УБ чиглэлтэй холбоотойгоор хоёр улсын нислэгийн компаниудын хооронд үүсээд байгаа өндөр үнэ, суудлын хомсдол зэрэг хурцадмал асуудал намжиж магадгүй аж. Одоогоор Инчон-Улаанбаатар чиглэлийн нислэгийг Монголоос МИАТ, БНСУ-аас “Кореан эйр” компани хариуцдаг байгаа бөгөөд тэд өөрсдийнхөө монополь эрхийн төлөө сүүлийн жилүүдэд нэлээд маргалдсан. Өнгөрсөн онд гэхэд “Кореан эйр” “МИАТ” компанийн хооронд үүссэн маргааны гол сэдэв нислэгийн болоод онгоцны суудлын тоо байсан. “Кореан эйр” нь том онгоцоор нислэг үйлддэг бол “МИАТ” нь жижиг онгоцоор нислэг үйлдэг аж. Тиймээс “МИАТ” суудал цөөнтэй учраас нислэгийнхээ тоог нэмэгдүүлэхээр “Кореан эйр”-тай багагүй хэл ам хийж байсан ч тэгсхийгээд л нам гүм болчихсон. Хоёр компанийн хооронд тохироо явагдсан уу, эсвэл “МИАТ” аргагүйн эрхэнд бууж өгсөн үү гэдэг өнөөдөр нууц байна. Энэ талаар албаны эх сурвалжаас мэдээлэл авах гэсэн боловч тодорхой хариулт өгөхөөс татгалзсан юм.

БНСУ-ын Шударга өрсөлдөөний хорооноос “Кореан эйр” компанид торгууль ногдуулбал УБ-Инчон-УБ болон бусад чиглэлд Монголын авиа компаниуд оролцох боломжтой болж байгаа юм. Тус улсын Засгийн газар ч Өмнөд Солонгос-Монголын чиглэлд зөвхөн “Кореан айр”, “МИАТ” гэлтгүйгээр бусад компаниудын оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж байгаа аж. Монгол-Өмнөд Солонгосын чиглэлийн нислэгт  бусад компаниудын оролцоо нэмэгдвэл МИАТ, “Кореан айр” гэсэн компаниудын монополь байдлыг халж, тус чиглэлд зорчих хоёр улсын иргэдэд тийзний үнэ хямдрах боломж бүрдэх юм.

Өмнөд Солонгост шуугиан тариад байгаа энэ асуудал Монгол Улстай нислэгийн чиглэлийн зөвшилцөлд хүрэхэд эерэг нөлөө үзүүлж магадгүй байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар ч БНСУ-ын Засгийн газрын шийдвэрийг тоохгүй өнгөрч боломгүй. БНСУ-ын Газар, далайн яамын албан тушаалтан “Монгол Улсын Засгийн газар манай Шударга өрсөлдөөний хорооны шийдвэрийг яаж хүлээж авахаас бүх юм шийдэгдэнэ. Монголын Засгийн газар өнөөг хүртэл байр сууриа өөрчлөөгүй байгаа. Ирэх зургадугаар сарын сүүлээр албан ёсоор зөвшилцөл явуулах тойм гарах болов уу гэж найдаж байна” гэлээ.

Инчон-Улаанбаатарын чиглэл нь 1990 онд нээгдсэн бөгөөд энэ чиглэлд 2011 онд нийт 290 мянган зорчигч зорчжээ. Өнгөрсөн хугацаанд “Кореан эйр” болон “МИАТ” компаниуд монополь эрхтэйгээр нислэг үйлдэж, үүнээс нь болоод өнөөдөр энгийн иргэд өндөр үнэ төлөхөөс өөр аргагүй байдалд байгаа. Инчон-Улаанбаатар чиглэлийн нислэг нь ойролцоо зай (2,000 км)-тай Инчон-Хонг Конг, Инчон-Гуанжү чиглэлээс 25 хувиар үнэтэй байна. Олон авиа компаниар нислэг үйлдүүлэх зорилгоор Монгол-Өмнөд Солонгосын авиа компаниудын хэлэлцээр хийх асуудал 2005 оноос хойш яригдсаар байгаа ч өнөөг хүртэл уг хэлэлцээр урагшлаагүй байна.

Өмнөд Солонгосын “ASIANA” авиа компани нь 2010 оноос хойш Монгол-Өмнөд Солонгос чиглэлийн хуваарьт нислэг үйлдэх хүсэлтийг Иргэний нисэхийн ерөнхий газарт тасралгүй гаргаж байсан аж. Тус компани Бусан-Улаанбаатар, Инчон-Улаанбаатар чиглэлд хуваарьт нислэг үйлдэх хүсэлтээ гаргаад байгаа ч одоог хүртэл хариугаа авч чадаагүй байгаа гэнэ. “ASIANA” авиа компани нислэг үйлдэхээр болсон тохиолдолд өрсөлдөөн бий болж, үнэ хямдран, үйлчилгээ чанаржих нь тодорхой.  Монголыг зорих жуулчдын тоо ч нэмэгдэж буй энэ үед эдийн засгийн үр өгөөжөө тооцвол энэ чиглэлийн монополь эрхийг халах БНСУ-ын бодлогыг Монголын Засгийн газар дэмжих хэрэгтэй биз ээ.

Х.УЛАМБАЯР, Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж