Харин иргэдэд үнэн зөв мэдээлэл дамжуулах үүргийг хэвлэл мэдээллийн байгууллага хүлээх учиртай. Гэвч хэвлэл мэдээллийн байгууллагын өнөөгийн хөгжлийг авч үзвэл олонхи нь нууц эзэнтэй, санхүүгийн хувьд бэхжээгүй нь гадны том гүрэн, үндэстэн дамнасан корпорациудын захиалгаар нийтлэл нэвтрүүлэг бэлтгэн иргэдийн сэтгэл зүйг угааж мэдэх аюултай нөхцөлд байгаа тул энэ асуудалд редакци бүр бодлогын хувьд анхаарч, ажиллах шаардлагатай байна гэдгийг Иргэний танхимд болсон “Үндэсний аюулгүй байдал ба хэвлэл мэдээлэл” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. Учир нь техник, технологи хөгжихийн хэрээр мэдээллээр дамжуулж, улс үндэстнийг хооронд нь хагаралдуулах, төрийг иргэдтэй нь дайтуулах, санхүү эдийн засгийг туйлдуулах, төрийн эргэлт гаргах хүчтэй зэвсэг болгон ашиглах болсон аж. Тиймээс мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэх вэ гэдэг асуудал хамгийн чухлаар тавигдах болжээ. Нөгөө талаас хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дүн шинжилгээ хийхэд төлбөрөө төлж л байвал тэр нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц байна уу, үгүй юу гэдгийг анхаарахаа байсан. Мөнгө төлөхгүй бол үндэсний аюулгүй байдалд хамаарахуйц чухал асуудлыг хойш нь тавьдаг. Иймд төлбөртэй мэдээллийг хаанаас өгснийг тодруулж бичиж байх нь уншигчдад дүгнэлт хийх боломж олгох тул энэ талд хэвлэл мэдээллийн байгууллага анхаарлаа хандуулах болсныг ч онцоллоо.
Хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн Р.Амаржаргал мэдээлэл технологи хурдацтай хөгжиж, твиттер/ twetter / олны анхаарлыг ихэд татах болсон, үүнийг ашиглан Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаярын нэрийг ашиглан твиттер гаргаж, түүндээ янз бүрийн мэдээлэл оруулж, нийгмийг өдөөн хатгах оролдлого хийгдэх болсон нь аюул дагуулах болсныг энэ үеэр дуулгалаа. Өөрөөр хэлбэл, твитер хорлон сүйтгэх ажиллагааны зэвсэг болж хувирах хэмжээнд хүрээд буй гэнэ. Үүнээс үүдээд интернэтийн эрх чөлөөг хязгаарлах тухай асуудлыг хөндөх болсон тухай ч хэлсэн. Гэхдээ энэ байдлыг далимдуулан ардчиллын амин сүнс болсон мэдээллийн эрх чөлөөг хөндөх, хязгаарлах оролдлого байх ёсгүйг анхаарууллаа.
УИХ-ын гишүүн З.Энхболд Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц мэдээ мэдээлэл гэдгийг шүлхий өвчинтэй холбон тайлбарлав. “Жишээ татвал Дорнод аймгийн нэг суманд малын гаралтай шүлхий өвчин дэгдлээ гэхэд түүнийг сэтгүүлч мэдээлэхдээ Монгол орон даяар гарсан мэт ойлголт төрүүлэхээр бичдэг. Энэ нь эргээд Монгол Улсын махны экспортод нөлөөлж, цаад утгаараа эдийн засгийн аюулгүй байдалд халддаг. Тиймээс энэ талын мэдээллийг хэвлэлээр цацахдаа сэтгүүлч 1.5 сая ам.км газар нутагтай Монгол Улсын зүүн аймгийн нэг суманд шүлхий өвчин дэгдлээ гэдгийг тодотгож бичих юм бол гадаадынханд энэ нь Монгол оронд бүхэлдээ шүлхий дэгдчихээгүй гэдэг нь ойлгогдоно” гэв.
Хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн бас нэг чухал асуудал нь төрийн нууцын асуудал байлаа. Зарим төрийн байгууллага мэдээлэл өгөхөөс цааргалан, төрийн нууцад хамаарах асуудал учраас тайлбар өгөх бололцоогүй гэдэг. Гэтэл олон нийтэд үнэн зөв мэдээлэл чухал. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ч иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах үүргийг төр тодорхой хэмжээгээр хүлээнэ гэж заасан. Нөгөө талаас төрийн байгууллага нь сэтгүүлчид мэдээллээ өгөхдөө хайрцаглаж өгөхгүй бол эргээд гадаад харилцааны асуудлыг хөнддөг гээд хаа хаанаа анхаарах асуудал байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хөндлөө.
Нөгөөтэйгүүр, орчин үед мэдээллийн дайн өртөг багатай, далд, богино хугацаанд нөлөөлдөг хамгийн чухал зэвсэг болж хувирчээ. АНУ, БНХАУ, ОХУ мэдээллийн дайнд хамгийн бэлтгэлтэй орнуудад тооцогдох болсон байна. Сүүлийн үед дэлхий дахинд өнгөт хувьсгалууд гарч, төрийн эргэлт хийх болсон нь цаанаа өөр өөрийн шалтгаантай боловч мэдээллийн нөлөөллийг ашигласан болох нь тодорхой болж байгаа аж. Ийм нөхцөл байдалд улс орон маань аюулгүй байдлаа хангах чадвартай байх шаардлагатай болж буй бөгөөд “Үндэсний аюулгүй байдал хэвлэл мэдээлэл” сэдэвт хэлэлцүүлэг ч цаг үеэ олсон, зайлшгүй шаардлагатай арга хэмжээ боллоо гэж оролцогчид дүгнэлээ.