АТГ-ын удирдлагуудыг хорьж саатуулаад байгаа нь тус байгууллагын үйл ажиллагаанд ямар нөлөөтэй байх талаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Д.Сүхбаатартай ярилцлаа.
-Ярилцлагаа эхлэхээсээ өмнө танай байгууллагыг товчхон танилцуулмаар санагдлаа. Хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй байж болох юм…?
-Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл гэж (ОНЗ ) Авлигын эсрэг хуулийн 27-р зүйлд заасны дагуу байгуулагддаг бүтэц юм. Одоогийн ажиллаж байгаа ОНЗ-ийн бүрэлдэхүүн 2009 оны есдүгээр сарын 29-нөөс Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулагдан ажлаа эхэлсэн байгаа. Өмнөх ОНЗ татан буугдаад шинээр байгуулагдсан манай зөвлөл жил гаруй хугацаанд ажиллаж ирлээ. Журмынхаа дагуу бол ОНЗ нь авлигын эсрэг үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах, олон нийтийн санал бодлын АТГ-т хүргэж, дээр нь авлигын эсрэг гаргасан хууль тогтоомжийн биелэлтийн талаар АТГ-т зөвлөмж өгөх гэсэн үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.
-Танай Олон нийтийн зөвлөл нэлээд эртнээс АТГ-тай үл ойлголцож, харилцан шаардлага шүүмжлэл тавьж байсан. Чухам ямар асуудлууд гарч байсан юм бол?
-Манай байгууллага журмынхаа дагуу ил тод ажиллах шаардлагатай байдаг. ОНЗ одоогийн бүрэлдэхүүнээрээ байгуулагдмагцаа АТГ-ын удирдлагуудтай уулзсан юм. Анх уузлсаны дараа ямар зүйл мэдэгдсэн гэхээр АТГ-ын одоогийн удирдлагын үйл ажиллагаа, тэдний арга барил болоод манай ОНЗ-ийн үйл ажиллагааны зорилт хоёрын хооронд томоохон зөрчил байсан. Үүнийг одоо нуугаад яахав. Бидний зүгээс ил тод ажиллахыг зарчим болгож шаардлага тавьж явсан. Нөгөө талаар АТГ-ын дэргэдэх өмнөх зөвлөлийг бодвол бид нийгэмд илүү нээлттэй, дуу хоолойгоо хүргэж ажиллахыг чармайсан. Бас тодорхой хэмжээнд АТГ-ын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч тэднээс ил тод ажиллахыг шаардаж байсан л даа. Мөн АТГ-ын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн биелэлтэд тулгуурласан зөвлөмжүүдийг цаг тухайд нь өгч ирсэн байдаг. Эдгээр зөвлөмжүүдэд гол нь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгаа талаар, мөн АТГ-ын удирдлага цаашдаа юуг анхаарах талаар дурдсан байсан. Энэ асуудлуудаар уулзалт ч хийж байсан. Даанч уулзалт болгон бидний хүлээж байсан шиг ажил хэрэгч болж байгаагүй, бас үр дүн ч тэр бүр гарч байсангүй.
-Танай ОНЗ-ийн зүгээс АТГ-ын даргыг халж солих тухай шаардлага тавьж байсан санагдаж байна…?
-Тийм. Манай ОНЗ-ийн зүгээс АТГ-ын даргын ажил хэрэг явуулж байгаад шүүмжлэлтэй хандаж байсан нь үнэн. Хуулиараа АТГ-ын дэргэд ОНЗ ажиллана аа гээд заасан байгаа. Гэтэл АТГ-тай хамтарч ажиллах шаардлагын дагуу ОНЗ-ийн ажилтнууд тус байгууллагад нэвтрэх үнэмлэх авах гэхэд өгөөгүй тул гурван сар хүлээх хэрэг гарч байлаа. Дээр нь ОНЗ-өөс АТГ-ын чиг үүргийн хэлтсүүдтэй танилцах гэхэд бас л боломж олгохгүй байсан. ОНЗ-өөс АТГ-тай хамтарч ажиллах талаар санал хүргүүлсэн ч хариу авалгүй маш удсан. Харамсалтай нь АТГ-ын одоогийн удирдлагуудад арга барилын зөрүү, ялгаатай байдал маш тод харагдаж байснаас энэ асуудал үүссэн л дээ.
-Үүнээс л болоод энэ бүх шаардлага …
Уучлаарай, гэхдээ ганцхан энэ шалтгаан ч биш л дээ. Шүүмжлэлтэй хандах бас нэг шалтгаан байсан нь АТГ-ын төсвийн зарцуулалт байсан юм. Манай ОНЗ шинэ бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлсэн яг тэр үеэр АТГ-ын зүгээс төсвийн мөнгийг үр ашиггүй, хууль бусаар зарцуулж байгаа тухай мэдээлэл гарч байсан. Энэ мэдээлэлтэй холбогдуулаад ОНЗ-өөс АТГ-т хандан төсвийн мөнгийг хэрхэн зарцуулж байгаа талаараа олон нийтэд ил тод болгохыг хүссэн юм. Мөн үүний зэрэгцээ АТГ-ын удирдлагууд өөрсдийнхөө үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж дээрх зохисгүй үзэгдлийг засч залруулахыг зөвлөсөн. Мөн төрийн тусгай байгууллагын хувьд АТГ нь нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд идэвхтэй ажиллах шаардлагатай байна гэдэг шаардлага ч бас тавьсан. Гэвч АТГ-ын удирдлагууд бидний энэ санал санаачилга, зөвлөмжийг хүлээж аваагүй. Мөн ҮАБЗ-д албан бичиг хүргүүлсэн. Энэ албан бичиг нь АТГ-ын даргыг огцруулахаасаа илүү АТГ-ын одоогийн бүтэц бүрэлдэхүүнийг татан буулгаж, өөрчлөх тухай асуудлыг тавьсан агуулгатай байсан юм. Ийм хуулийн заалт Авлигын эсрэг хуулийн 15.3-т байдаг. Энэ заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэуж хүргүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл АТГ-ын дэргэдэх ОНЗ-өөс Монгол улсын ҮАБЗ-д хандан АТГ-ыг дээрхи хуулийн заалтын дагуу татан буулгаж шинээр байгуулж болох юм гэсэн саналаа өгсөн.
-АТГ-ын дарга болоод бусад удирдлагуудыг хэрэгт татаж байгаа үндэслэлийн нэг нь төсвийн мөнгөний зарцуулалттай холбоотой байсан гэж байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл та нарт бүр өмнө нь очиж байсан гэсэн үг үү?
-Эхлээд нэг зүйлийг маш тодорхой хэлье. Манай ОНЗ саяхан болж өнгөрсөн шүүх хурлын шийдвэр болон бусад холбогдох баримтын талаар хэвлэл мэдээллийнхэн та бүхэнтэй яг ижил мэдээлэлтэй байгаа. Өөрөөр хэлбэл, шүүх хэн нэгнээс хараат бусааар шийдвэр гаргаж байгаа бөгөөд бид энэ асуудалд огт оролцоогүй. Тийм болохоор ОНЗ тухайн үедээ санал шаардлага гаргахад хүргэж байсан асуудал нь шүүхийн баримт болсон уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна.
Ер нь бол төсвийн мөнгө гэдэг бол татвар төлөгчдийн мөнгө. Иймээс энэ мөнгийг зохисгүй, хууль бусаар зарцуулж байж таарахгүй л дээ. Бидэнд ямар мэдээлэл байсан гэхээр АТГ-ын удирдлагууд ажилтнуудынхаа орон сууцны асуудлыг шийдэхдээ төсвийн хөрөнгөнөөс зээл олгох байдлаар асуудлыг шийдсэн тухай баримт байсан юм. Үүний дээр бараа үйлчилгээ худалдан авах ажиллагаан дээрээ төсвийн мөнгө буюу татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан байна гэсэн хардлага ч байсан. Шуудхан хэлэхэд одоо ч гэсэн бидэнд тийм хардлага хэвээрээ байгаа. Гэхдээ энэ хардлага үндэстэй зүйл юм. Яагаад вэ гэхээр АТГ-ын талаархи ийм хардлага төрүүлэх үнэн мэдээлэл, холбогдох тайланг бидэнд ирэхээс өмнө Сангийн яамнаас гаргаж, хэвлэл мэдээлэлд тавьчихсан байсан юм. Тэдгээр мэдээллийг үндэслэл болгож л бидний зүгээс АТГ-ын удирдлагуудад асуулга тавьж байсан л даа. “Энэ чинь зөв үйлдэл гэж үзэж байгаа юм уу, үгүй юу” гэж. Хариуд нвь “бид хуулийн хүрээнд шийдэж байгаа” гэсэн л тайлбар тавьдаг.
-Тэр нь яаж шийдэж байсан хэрэг вэ ?
-Энэ их ноцтой асуудал юм байна лээ. АТГ-ын 15 ажилтны орон сууцны асуудлыг шийдэж зээл олгосон асуудал юм. Холбогдох баримтуудыг нь үзэхээр асуудлыг шийдэхдээ орон сууцны барилгуудад төсвөөс олгосон мөнгийг шилжүүлээгүй байдаг. Харин орон сууц хүссэн ажилтнуудын хувийн дансанд нь шууд шилжүүлсэн баримтууд байгаа юм. Энэ чинь хууль зөрчиж байгаа юм биш үү гэж ОНЗ асуудлыг тавьж байсан л даа. Тэгэхдээ АТГ-ын даргыг огцруулах гол шалтгаан нь энэ хүний удирдаж байгаа арга барил, тус байгууллагын үйл ажиллагааны удирдлагын чиг шугам дутагдалтай байна гэж үзсэн дүгнэлт болсон.
-Зарим нэг тодорхой жишээ дурдвал болох уу ? Яг ямар арга барилтай байсан тухай… ?
-Бидний дүгнэлт хийсэн гол зүйл бол нэгдүгээрт одоогийн АТГ-ын үйл ажиллагаа олон нийтийн санаа бодолд хэрхэн нийцэж байна вэ гэдэг асуудал. Хоёрдугаарт, олон улсын байгууллагуудаас Монгол улсыг авлигын индексээр хэдэд явж байна гэж дүгнэж байна вэ гэдэг зүйл байгаа юм. Олон нийт АТГ-ын үйл ажиллагаа, түүний үр дүнд сэтгэл дундуур байгаа гэж бид дүгнэсэн. Мөн олон улсын байгууллагуудын гаргасан судалгаагаар бол Монгол Улс дахь авлигын индекс маш өндөр гарч байна. International Transferency байгууллагын ноднингийн гаргасан судалгаагаар 117-р байранд орсон байна лээ. Биднийг ОНЗ-өө байгуулж эхлэх үед 120-д байсан юм. Ахиц гарч байгаа мэт боловч маш хангалтгүй гэж үзэж байгаа юм. Ийм нөхцөлд АТГ-ын одоогийн удирдлага огцрох ёстой гэсэн саналыг тавьж байсан нь үндэслэлтэй. Гэтэл төрөөс маш их үүрэг хариуцлага хүлээж байдаг энэ байгууллагын ажил муу байгааг хэлэхэд АТГ-ын дарга Ч.Сангарагчаа зохих ёсоор нь хүлээж авч байгаагүй. Тэрээр “Танай ОНЗ гурван л үүрэг хүлээнэ. Нэгдүгээрт, олон нийтийг авлигатай тэмцэх ажилд татан оролцуулах, хоёрдугаарт тэдний санаа бодлыг үнэлэх, гуравт бидэнд зөвлөмж бичиг өгөх ийм л үүрэгтэй” гэж хариулах жишээтэй. Өнөөдрийг хүртэл АТГ дээр ОНЗ-тэйгээ хамтран ажиллах ямар нэгэн гэрээ хийж байгаагүй. Түүнээс гадна АТГ-ын дэргэд ОНЗ байна гэж хуулинд зааж өгчихөөд байхад энэ бүтэцтэйгээ хамтран ажиллах төлөвлөгөөг огт гаргаагүй байсан. Хамтран ажиллах асуудал ярихаар “хойш нь тавьчих, судалж байна, үзэж байна” гэх зэргээр байнга цааргалсаар ирсэн. Ер нь ОНЗ-ийн өмнөх бүрэлдэхүүнтэй ажиллаж ирсэн тэр л арга барилаар ажиллах гээд байсан шиг байгаа юм. Өмнөх бүрэлдэхүүн нь АТГ-ын даргын үгээр л ажиллаж байсан бололтой юм билээ. Тэдний ажлаа зохицуулсан журам нь угаасаа тийм байсан л даа. Дээр нь АТГ-ын даргын зүгээс “танай ОНЗ-ийн үйл ажиллагааны зардал гэж АТГ-ын төсөвт тусгаагүй” гэж хэлдэг байсан болохоор ОНЗ-ийг ажиллуулахад хүнд болж ирсэн. Ийм байдлаас болоод АТГ-ын даргын арга барил, удирдлагын чиг шугам нь болохгүй байна гэж шаардлага тавьж байсан хэрэг. Гэхдээ яахав, нэлээдгүй хугацааны дараа хоёр талаасаа ойлголцож АТГ-ын үйл ажиллагааг ил тод байлгах чиглэлээр хамтарч ажиллаж байсан цаг хугацаа байгаа. Үүнийг бас хэлэх ёстой байх. Харамсалтай нь хамтын ажиллагааны санаачилга дандаа ОНЗ-ийн талаас л гардаг байсан. Ингэж хамтарья, ийм мэдээллийг авъя, ил тод болгоё гэх зэргээр нэг талын санаачилгатай л ажлаа явуулж ирлээ.
-Танай Зөвлөл АТГ-аас ямар мэдээллийг авч чадаж байсан бол…?
-Хуулийн хэм хэмжээнд таарсан мэдээллийг л авч байсан. Тухайлбал АТГ-ын үйл ажиллагааны тайлан, жилийн төсвийн зарцуулалтын тайлан зэрэг тодорхой мэдээллүүдийг авч байсан. Мөн АТГ-ын хэлтэс бүрийн үйл ажиллагааны чиглэл, хэрхэн ажилладаг талаархи мэдээллийг албан ажилтнуудтай нь биечлэн уулзаж авдаг байсан юм. Энд нэг зүйлийг онцгойлон дурдахад АТГ- т төрийн өмнө өөрийн хүлээсэн үүрэг, өгсөн тангаргаа биелүүлж байгаа, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа олон албан хаагчид бий гэдгийг цохон хэлмээр байгаа юм. Үүнийг бид тус байгууллагын удирдлага болон хэлтэс, албадын үйл ажиллагаатай танилцаж явахдаа мэдэж авсан л даа. Ер нь бол хуулийн хүрээнд ил тод болгох ёстой мэдээллүүдийг авч байсан гэдгийг ч хэлэх нь зөв байх. Яг өдий хэмжээний мэдээллийг өгөх ёстой байснаас төдийг нь өгөөгүй гэж хэлэхэд эрт байна. Тэгэхдээ цаашдаа ч ил тод болгож ОНЗ нэхэж авах ёстой мэдээллүүд бол байгаа.
-Өнөөгийн нөхцөл байдлын талаар ярья. АТГ-ын удирдлагуудад ял оноогоод урьдчилан хорих төвд саатуулаад байна. Энэ байгууллага тэгээд яаж ажиллах болж байна вэ гэцгээх болж. Болж байгаа үйл явдалд ОНЗ нь хэрхэн хандаж байгаа вэ?
-Шүүх бол хараат бус байгууллага, шийдвэрийг нь харж сонсоод л байж байгаа. Харин энэ байгууллага одоо удирдлагагүй болчихоод байгаагийн хувьд бол энэ асуудалд УИХ буруутай л гэж хэлмээр байна. Прокурорын зүгээс тус байгууллагын удирдлагуудын эрхийг нь түдгэлзүүлэх асуудал тавьж байхад нь УИХ-аас хэрэгт холбогдсон хүмүүсийн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгаж болно гээд хариулт өгсөн байдаг. Нэн ялангуяа, тухайн үед УИХ-ын Хууль зүнй байнгын хорооны дарга байсан Б.Бат-Эрдэнэ гишүүн энэ асуудал дээр улс төрийн хол хараатай шийдвэр гаргуулж чадаагүй гэж үзэж байгаа. Тухайн үед нь АТГ-ын дарга нарын эрхийг түдгэлзүүлсэн бол удирдлагынх нь асуудал зайлшгүй тавигдах байсан. Эрхийг нь түдгэлзүүлчихээд байгаа АТГ-ын даргын үүргийг хэн гүйцэтгэхийг тогтоож л таараа шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ байгууллага удирдлагагүй болж байна. Гарч болох эрсдэл байж болно. Зөвхөн Монголд гэлтгүй олон улсын хэмжээнд авлигын эсрэг тэмцэлд онцгой анхаарал хандуулж анхаарч байгаа ийм үед төрийн тусгай үүргийн ийм онцгой байгууллага удирдлагагүй, эзэнгүй болсон нь маш хариуцлагагүй хэрэг. Дахиад хэлэхэд хариуцлагыг УИХ хүлээх учиртай.
-АТГ-ыг тойрсон энэ асуудал олон улсын байгууллагуудын сонорт таатай биш буух болов уу гэж бодох юм…?
-Тэр үнэн. Үнэхээр энэ асуудал бол дан ганц Монгол улсын асуудал биш юм аа. Авлигатай тэмцэх үүрэг хүлээсэн төрийн тусгай үүрэгтэй энэ байгууллагын дарга нар шүүхээс ял зэм авч байгаа нь Монголын нэр хүндийг олон улсын тавцанд ямар байдалд аваачих бол гэдгийг бид бас тооцох л болж байна. Яахав нэг талаасааа хууль болон шүүхийн байгууллага ямар ч албан тушаалтанд хариуцлага тооцож чадаж байна гэж харагдах л байх л даа. Гэвч энэ асуудлын эргэн тойрон дахь “чимээ шуугиан” их хол сонсогдож мэднэ. Яагаад гэхээр Монгол бол НҮБ-ын авлигын эсрэг конвенцид нэгдсэн улс юм. Олон улсын хэмжээнд Монгол улсад авлигатай тэмцэх үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа болон ямар нөхцөлд хэрэгжиж байгаа зэргийг байнга ажиглаж, анхаарал хандуулж байдаг. Гэтэл ийм байдал манайд үүсч байгаа нь ямар “реакц” үүсгэхийг таахад бэрх.
-Сөрөг “реакци”-аас болоод дэмжлэг муудах вий гэсэн болгоомжлол бас байгаа юу. Ер нь далимд нь асуухад АТГ гадаадын дэмжлэг нэлээд авдаг биз дээ…?
-Тайлангаас нь харахад АТГ-т олон улсын дэмжлэгээр хэрэгжиж буй 200 гаруй мянган ам.долларын төсөл бий. Гэхдээ нэгэнт хэрэгжиж байгаа болохоор зогсохгүй байх. Нөгөө талаар гадаадын тусламж дэмжлэг гэхээсээ илүүтэй бидэнд өөр анхаарах нэг маш чухал асудал бас байна аа.
-Тэр нь юу байдаг билээ…?
-Би түрүүн хэлсэн, Монгол улс НҮБ-ын авлигын эсрэг конвенцэд нэгдсэн байгаа гэж. Гэтэл энэ олон улсын конвенцийн өмнө Монгол улс хүлээсэн үүргээ биелүүлэх, конвенцийн заалтуудыг дагаж мөрдөхөд нь Монголын өнөөгийн хууль эрхзүйн орчин тэр бүр нийцэхгүй байгаа юм. Тэр дундаа энэ ажлыг голлон гүйцэтгэх үүрэг хүлээсэн АТГ-ын эрх хэмжээ, ажлаа гүйцэтгэх боломж болон бүтэц зохион байгуулалттай нь холбоотой эрхзүйн зохицуулалтад өөрчлөлт оруулж, шаардлагатай хуулийн зохицуулалтыг нь бий болгох бол хамгийн түрүүнд хийх ёстой ажил болоод байна. Ний нуугүй хэлэхэд авилгатай тэмцэхэд Монголын төр үүргээ гүйцэтгэхгүй байгаа юм. АТГ-ын даргыг солилоо ч гэсэн одоо байгаа бүтэц, хууль эрхзүйн зохицуулалт зэрэг нь энэ байгууллага төрийн ийм онцгой чухал үүргийг гүйцэтгэх боломжоор тааруу харагдаж байна. Бодоод үз дээ, нууцын зэрэглэл бүхий баримтуудтай харьцдаг байгууллага гэхэд судалгаа шинжэлгээний хэлтэс нь үндсэн байгууллагаасаа тусдаа, бусдын байр түрээслээд ажиллаж байх жишээний. Нөгөө талаараа АТГ-ыг улс төрөөс ангид байлгаж чадаж байна уу гэдэг бас л маргаантай. Өөрчлөхгүй бол болохгүй зүйл их байна. Харин өөрчлөхийг хүсэхгүй байгаа бол төр ажлаа хийхгүй байна аа л гэсэн үг.