Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Хохирогчид нэгдлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт П.Сумьяажав гэгч этгээд  таван настай охины амийг нь егүүтгэж түүний эгч  14 настай охиныг  хүчирхийлсэн хэрэгт шүүгдсэн ч шат шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан нь олон нийтийг бухимдахад хүргэсэн. Мөн Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж хөнөөсөн Н.Мөнх-Оргил саяхан нийслэлийн Шүүхээс ялын дээд хэмжээ сонссон юм. Хэдийгээр шүүх гэмт этгээдүүдийн гэм буруутайг тогтоож ялласан ч талийгаач охидын ард үлдсэн эцэг, эхчүүд нь сэтгэл санааны хүнд байдалд байгаа нь ойлгомжтой. Тэгвэл тэдгээр хохирогч охидын гэр бүлийнхэн нэгдэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан төр засагт өөрсдийн үгээ уламжлахыг хүссэн байна. Тэдэнтэй холбогдлоо.

Саяхан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан П.Сумьяажав, Г.Бямбадорж нарын хохи­рогч Д.Дашзэвэг:

Би хоёр жилийн өмнө П.Сумьяажав гэгч этгээдийн гарт тавхан настай охиноо алдаж, 14 настай эгчийг нь зэрэмдэглүүлсэн. Тэднийг төр өршөөж өнөөдөр гэм зэмгүй хүн шиг бидний дунд мөр зэрэгцэн амьдарч байна. Гэртээ тоглож байсан хоёр балчир охины минь амь насанд халдсан алуурчдыг төр өршөөж байгаа бол бидний хохирлыг  ч барагдуулах ёстой. Охидоо алдсан ээж нь өнөөдрийг хүртэл сэтгэл санаа нь маш хүнд байдалтай амьдарч байгааг нуух арга алга. Гэхдээ ганц би, манай гэр бүлд  ийм харамсалтай хэрэг тохиолдоогүй. Саяхан  насанд хүрээгүй охиноо бусдын гарт хэрцгийгээр хөнөөлгөсөн  хэд хэдэн эцэг эхчүүд надад хандан  төр засагт үгээ хэлье гэсэн санал тавьсан. Ирэх долоо хоногоос хэвлэлийн хурлаар та бүхэн тодорхой мэдээлэл авах байх.

Ө.Хэрлэнчимэг нарын бүлэг этгээдүүд 15 настай охины хоолойг боож амийг нь егүүтгэсэн хэргийн хохирогч Ц.Гончиг:

Дэлхийн жишгээр бол  хохирогчийн эрхийг хамгаалах хууль гэж бий. Харин манай улс гэмт хэрэгтнээ өршөөхөөс биш хохирсон хүмүүст  хайхрамжгүй ханддаг. Онц хэрцгий гэмт хэрэгтнүүд өршөөлийн хуулиар суллагдаж байгаа. Тэдний гарт үр хүүхдээ алдсан эцэг эхчүүд ямар их зовлон шаналалд унадаг гэдгийг ойлгох хэрэгтэй байх. Тэгэхээр Монголын төр хүнийнхээ амийг үнэлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай хохирогчид бид нэгдэж байна. Учир нь төр гэмт хэрэг үйлдсэн этгээдээ өршөөж байгаа бол хэргийн улмаас хохирсон ар гэрийнхний хохирлыг барагдуулах  нь зүйн хэрэг биз дээ. Одоогоор ийм байр суурьтай нэлээд олон хохирогчид бий. Тодруулж хэлэхэд  бидний  нэгдэж төр засагт үгээ хүргэх гэж байгаа нь хэн нэгний турхиралт өдөөн хатгалаг биш юм шүү.

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд найман настай охиныг хөнөөсөн жигшүүрт хэргийг үйлдсэн Н.Мөнх-Оргилын хохирогчийн авга ах  Д.Алтансүх:

Миний дүүгийн охин болох  найман настай охиныг өнгөрсөн жил Н.Мөнх-Оргил гэгч этгээд хүчирхийлж амийг нь егүүтгэсэн жигшүүрт хэргийг шүүх шийдсэн. Түүнд ялын дээд хэмжээ оноосон юм билээ. Гэхдээ тэдний гэр бүлд учирсан уй гашуу, бяцхан охинынх нь амийг юу ч нөхөхгүй шүү дээ. Хэрэв Н.Мөнх-Оргил амь гуйж өршөөгдөхөд хүрвэл миний дүүгийн гэр бүлд учруулсан гэмт этгээдийн  хохирлыг төр хариуцах нь зүйтэй гэдэг үүднээс дээрх хохирогчтой санал нэг байна.  Мэдээж төр өршөөл үзүүлж байгаа бол хохирогчийн хохирлыг барагдуулах нь зүйтэй.

“Азийн чоно” компанийн этелийн спиртээр үйлдвэр­лэсэн архинд хордож хараагүй болсон н.Батбаяр:

Бусдын гарт үр хүүхдээ алдсан хэд хэдэн хохирогчид надад хандсан. Бидний гол зорилго бол төр хүнийхээ амь насыг үнэлдэг болох, хохирогчдын эрхийг хамгаалах хуультай болох хэрэгтэй гэдэг үүднээс нэгдсэн юм. Тухайлбал “Азийн чоно” компанийн захирал н.Сэлэнгэ гэдэг эмэгтэй шүүхээс долоон жилийн хорих ял сонссон  атал Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан л явна.Зөвхөн би ч биш энэ хэргийн улмаас 15 хүн амь насаа алдаж 22 хүн хүнд хүндэвтэр гэмтсэн талаар олон нийт мэднэ. Ер нь төр хүнийг амийг үнэлж байсан тохиолдол бий шүү дээ. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2008 оны сонгуулийн үеэр амь үрэгдсэн таван хүний гэр бүлд нөхөн төлбөр 50 сая төгрөг өгч байсан.

ГЭМТ ЭТЭЭДYYДИЙН ХЭРГИЙГ ШYYХ ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ

2010.5.3: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд найман настай охиныг хүчирхийлж, мөчилж амь насыг нь хохироосон Н.Мөнх-Оргилд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс цаазын ял оноосон бол нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдөр ялын дээд хэмжээг хэвээр баталсан юм. Харин ар гэрийнхэнд нь хичнээн төгрөгийн нөхөн төлбөр өгөх эсэх нь тодорхойгүй байгаа.

2010.2.14: Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт таван настай М охины амийг хөнөөж 14 настай эгчийг нь хүндээр гэмтээсэн хэрэг үйлдсэн П.Сумьяажав, Г.Бямбадорж нарт тус дүүргийн анхан шатны шүүхээс 22 жилийн хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж сулласан юм.  Дээд шүүхийн шүүгчид  уг хэргийг хянан хэлэлцээд нийслэлийн Шүүхээс оноосон шийдвэрийг хэвээр баталсан байна. Тэд одоогоор суллагдсан билээ.

2008.7.18: Ө.Хэрлэнчимэг, Ж.Очбадрах нар бүлэглэн 15 настай охиныг  санаатай алсан хэрэгт Сүхбаатар дүүргийн шүүхээс Ө.Хэрлэнчимэгт 20.6, Ж.Очбадрахад 18.1 жилийн ял сонсгосон бол уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр баталсан юм. Уг хэргийн анхан шатны шүүх хурал долоон удаа хойшилж байв. Тэд давж заалдах шатанд хандан анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн бичсэн гомдолд дурдахдаа 15 настай охины амь насыг бүрэлгэсэн хэргийг түүний төрсөн ах үйлдсэн байх гэсэн хүсэлтээр хандаж байжээ.

2007.12.31: 
“Азийн чоно” компанийн метилийн спир­тээр үйлдвэрлэсэн архинд  15 хүн хордож нас барж, 22 хүн хүнд, хүндэвтэр гэмтсэн ноцтой хэрэг 2007-2008 онд шилжих  үеэр гарч байсныг уншигчид санах байх. Уг хэрэгт шүүгдсэн  “Азийн чоно” компанийн захирал Ц.Сэлэнгэд шүүхээс долоон жилийн хорих ял оноосон ч өршөөлийн хуулиар суллагджээ.Уг  хэрэгт сэжигтнээр татагдан  шүүгдсэн Ц.Баттогтох, Ц.Бат-Өлзий, Б.Баярсайхан нарт тус бүр таван жил, Ж.Лхамчинжавт 4.6 жил, Ц.Баярбаатарт гурван жил, Ц.Энхээд найман жил, Ц.Сэлэнгээд долоон жил, Х.Байгалмаад таван жил, 10 хоног хорих ял оногдуулж байсан аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж