Зээлийн хүү буурсан ч зарах байр байна уу?

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Зээлийн хүү буурсан ч зарах байр байна уу?

Нэг үеэ бодвол иргэдийн орлого сайжирч, байрны зээл холын мөрөөдөл байхаа больжээ. Эхнэр нөхөр хоёулаа ажилтай бол 15 жилийн хугацаатай байрны лизингэд хамрагдахад төлбөрөө төвөггүйхэн хийгээд явчихна. Ялангуяа Төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь олон өрхөд нэмэр болсон. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа Орон сууцны санхүүжилтийн корпорациас олгож байгаа зээл маш хөнгөлөлттэй нөхцөлтэй, зээлийн жилийн хүү нь найман хувь. Өдгөө хүүг зургаан хувь болгон буурч байгаа гээд бодохоор Монголын орон сууцуулж зээлийн хүү дэлхий нийтийн жишигт ойртсоор буйг харуулж байна. Уг нь зах зээлийнхээ хуулиар бизнесийн өрсөлдөөнд ямагт тэргүүлэхийг хүсэгч арилжааны банкууд үүнийг дагаад орон сууцны зээлийн хүүгээ буулгамаар.

Монголын томоохон банкуудын орон сууцны зээлийн хүү хамгийн бага нь сарын 1.3, жилийн 15.6 хувь юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй төслөөс бараг хоёр дахин өндөр хүүтэй. Мөн Төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц хөтөлбөрт хамрагдагсад урьдчилгаа төлбөрт байрны үнийн дүнгийн 10 хувийг өгч байхад арилжааны банкууд 20-30 хувийг төлөх нөхцөлтэй. Монголын залуучуудад банкнаас тавьж буй энэхүү шаардлагыг биелүүлэх нь амаргүй даваа.

Жишээ авахад нэг өрөө байрны одоогийн зах зээлийн үнэ 35-40 орчим сая төгрөг байна. Үүнийг Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн нөхцлөөр худалдан авахад урьдчилгаа төлбөрт 10 хувийг өгнө. 40 сая төгрөгийн байрны 10 хувийг дөрвөн сая төгрөг гээд бодохоор үлдсэн 36 саяыг нь жилийн найман хувийн хүүтэйгээр 20 хүртэл жилийн хугацаанд төлөхөөр байгаа юм.

Харин дээрхтэй адил үнэтэй байрыг мөн хугацаагаар арилжааны банкны зээлээр дамжуулж авахад урьдчилгаанд 12 сая төгрөгийг өгч, үлдэгдэл 28 сая төгрөгийг багаар бодоход жилийн 15.6 хувь, сарын 1.3 хувийн хүүтэйгээр лизингдэх юм. Ингэхэд үндсэн зээлийн төлбөрөөс сард 50-60 мянган төгрөг, хүүгийн 468 мянган төгрөгтэй нийлээд сар бүр 525 мянга орчим төгрөг төлж байна. 15 жилийн дараа гэхэд жилийн найман хувийн хүүтэйгээр зээлсэн 36 сая төгрөгийн лизингэд 62.3 сая төгрөг өгч байна. Тэгвэл жилийн 15.6 хувийн хүүтэйгээр авсан байранд  94.4 сая төгрөг төлөх нь ээ. Хэдийгээр сард төлөх мөнгө зарим хүний сарын цалинтай дүйх боловч банкны хүүд өгч буй мөнгө хэтэрхий их байгаа биз. Өдгөө Монголын арилжааны банкууд өндөр зардлаар хадгаламж татаж, түүгээрээ зээл олгож буй болохоор орон сууцны зээлийн хүүгээ төдийлөн буулгаж чадахгүй байсаар байна. Урьдчилгаа төлбөр гэдэг бас асуудал. Уг нь Төрийн банк болон Хас банк орон сууцны зээлийн урьдчилгаагаа 20 хувь болгон буулгасан ч хүү нь бусдаас арай илүү өндөр байгаа юм. Тодруулбал, Хас банк 20 жилийн хугацаатай, 20 хувийн урьдчилгаатай зээлийг 1,42-1,57 хувийн хүүтэй олгож байна. Харин Төрийн банк 20 хувийн урьдчилгаа төлсөн зээлийг 15 жилийн хугацаатай 1.35 хувийн хүүтэй өгдөг байна. Юутай ч одоогоос таван жилийн өмнө зээлийн хүү жилийн 25 орчим хувь байсантай харьцуулахад арилжааны банкуудын зээлийн хүү буурчээ. Цаашид ч улам буурах төлөвтэй.

Засгийн газраас 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ид яригдаж байна. Эхний ээлжинд зээлийн жилийн хүү зургаан хувь байхаар ерөнхийдөө тогтсон. Тэгэхээр орон сууц лизингээр авах боломжийн нөхцөл бүрдэх нь тэр. Гэвч зээлийн хүү буурсан ч авах байр байна уу.
Юутай ч зах зээл дээр 1-2 өрөө байр ерөнхийдөө дуусч, эрэлт нэмэгдэх болжээ. Харин талбай томтой, өндөр зэрэглэлийн үнэ ханш өндөр байр нэлээд байгаа гэнэ. Засгийн газраас хэрэгжүүлэхээр яригдаж буй хөтөлбөр эрэлт талд нь дэмжлэг үзүүлж, харин нийлүүлэлт талыг орхигдуулж буй нь цаашид байрны үнийг өсгөх нөхцөл болж магадгүй байна.

Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газраас хийсэн 2009 оны тооллогоор улсын хэмжээнд 32 мянган айлын 240 барилга баригджээ. Үүнээс нэг өрөө байруудыг 1500 ахмад дайчинд, Төрийн албан хаагчдад хөнгөлттэй нөхцлөөр хямдыг нь түүж авснаар 1-2 өрөө байрууд нь дууссан юм байна. Одоо албан бус тоогоор 10 мянга орчим айлын орон сууц баригдаж байгаа гэх боловч хямд өртөгтэй байрны захиалга дуусч, өндөр зэрэглэлтэй байрнууд нь үлджээ. Тиймээс орон сууцны үнэ ч бас зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуулиар ховордсон барааны үнэ өсдөг жишгээр явах вий. Худалдан авагчид авъя гэвч байхгүй барааны үнэ өсөх нь мэдээж шүү дээ. Одоогийн байдлаар шинэ орон сууцны ам метр талбайн үнэ байрлал болон барилгын чанараас хамаараад 0.850-1.480 сая төгрөгийн үнэтэй байна. Цаашид энэ үнэ 1.5 сая төгрөг давж ч магадгүй гэсэн төлвийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж