Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Б.Шүүдэрцэцэгийн зохиолоор тавигдаж буй “Домогт Ану хатан” жүжгийн хувцас тайзны үйлдвэрлэл дуусах гэж байна. Драмын театрын энэ оны анхны шинэ уран бүтээл болох энэ жүжигт МУАЖ Мягмарнаран, МУГЖ С.Сарантуяа, МУСТА Ц.Баясгалан, Б.Амгаланбаатар, Г.Эрдэнэбилэг, жүжигчин Ц.Цэрэнболд нарын чадварлаг уран бүтээлчид оролцож байгаа юм. Зөвхөн Ану хатан л гэхэд сэвгэр байх үеийн, ёслолын, төрсний дараахь дээл, малгай нь өөр өөр байхаас гадна баатрын хуяг дуулга гээд дөрвөн янзын хувцас өмсөх тул хувцас, тайзны ажил үнэхээр нүсэр байгаа ажээ. Тавиад онд тавигдаж байсан “Мандхай цэцэн хатан”-аас хойш анх удаа хийж буй хатны тухай энэ түүхэн бүтээлийг МУ-ын УГЗ найруулагч Б.Баатар найруулж байна.
Үндэсний тусгаар тогтнолын 100 жилийн ой угтан бүтээж буй энэ түүхэн уран бүтээлийг “Монгол костюмс”, “Сэлэнгэ пресс”, “ Улаанбаатар барилга”, “Гандирс”, “Хүрд”, “Ган хийц” компаниуд, ”Сансар” ТВ, УИХ-ын гишүүн Ц.Дамиран агсны гэр бүлийнхэн, дизайнер Х.Доржпагма болон уран бүтээлчдийн дотны андууд, зарим улстөрч эмэгтэйчүүд дэмжин ивээн тэтгэж эхэлжээ.
Жүжгийн дуу “Ану хатны дуу”-ны шүлгийг залуу яруу найрагч Б.Төгсжаргал, аяыг МУСГЗ Б.Бямбабаяр бичиж дуусгасан гэнэ. Дууны клипийг “Таван богд” групп ивээн тэтгэхээр болжээ.