Сонгуулийн сурталчилгаа өчигдрөөс эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Сонгуулийн сурталчилгаа өчигдрөөс эхэллээ

УИХ, НИТХ-ын сонгууль боло­ход 32
хоног үлдлээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс ирэх зургадугаар
сарын 6-ны өдөр албан ёсоор баталгаажсаны дараа сонгуулийн сурталчилгаа
эхэлнэ.

Радио, телевизийн сурталчилгааны тарифыг тогтоожээ

Сонгуулийн сурталчилгааны тарифыг Харилцаа, холбооны зохи­цуу­лах газар
тогтоож өгдөг. Харилцаа холбооны зохицуулах хороо өнгөрсөн долоо
хоногийн хуралдаанаар сонгуу­лийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий
телевиз, радиогийн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонгуулийн
сурталчилгаа нэвтрүүлэх үнэ тарифын дээд хязгаарыг тогтоосон байна. 
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах
хорооны 2012 оны 56/38 дугаар тогтоолоор батлагдсан “Олон нийтийн радио
телевизээс бусад телевиз, радиогоор сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх
журам”-ын 2.21 дэх заалтыг үндэслэн тарифыг тогтоодог аж.

Үүнд Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонгуулийн
сурталчилгаа нэвтрүүлэхдээ реклам, шторк нэг секунд нь 10 мянган төгрөг,
захиалгат, төлбөрт нэвтрүүлэг нэг минут нь 500 мянган төгрөг хүртэл
байна. Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонгуулийн
сурталчилгаа нэвтрүүлэхдээ реклам нэг секунд нь 150 төгрөг, захиалгат
нэвтрүүлэг нэг минут нь 12 мянган төгрөгийн дээд хязгаартай байх тарифыг
баримталж, энэ удаагийн сон­гуульд нам, эвсэлүүд оролцох юм байна.

Санал тоолоход асуудал үүсвэл гар ажиллагаанд шилжинэ

Автомат системээр санал өгч, тоолохоор болсонтой холбогдуулан санал
тоолох үед ямар нэг асуудал үүсвэл яах вэ гэдэг олон хүнд асуудал
болсон. Хэрэв санал тоолох явцад цахилгаан хангамж тасрах, түүнийг
сэргээх боломжгүй, бусад нөөц эх үүсвэрээс авах боломжгүй, гарын хурууны
хээ­гээр адилтган баталгаажуулах тех­ник хэрэгсэл гэнэт ажиллагаагүй
болсон тохиолдолд гар ажиллагаанд шил­жихээс өөр аргагүйд хүрнэ. Тиймээс
ямар ч нөхцөл үүссэн үед гар ажил­лагаанд шилжих, мэдээллийн
тасралт­гүй ажиллагааг хангахад зайлшгүй арга хэмжээ авах нь зүйтэй гэж
СЕХ үзэж байгаа. Санала тоолох машин, хурууны хээ таних машин, мөн 40
мянган орчим иргэн ухаалаг иргэний үнэмлэхээр санал өгөхөөр болсон үүний
дагуу цахим үнэмлэх уншуулах машин зэрэгт гэмтэл, саатал гарах зэрэг нөхцөл байдал үүссэн тохиолдолд гар ажиллагаанд шилжих бөгөөд
мэдээллийн ажиллагааг саадгүй үргэлжлүүлэн явуулахад ямар арга хэмжээ
авах, хэн хариуцах талаар тодорхой тусгасан журмын төс­лийг Сонгуулийн
ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцэж баталсан байна. Үүнээс гадна
сонгуультай холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд зарим гэрээт
ажлыг гүйцэт­гүүлэх ажлын явцын талаар СЕХ-ны гишүүдэд танилцуулж,
зарим тойргийн хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруу­лах асуудлыг ч мөн 
хэлэлцсэн гэнэ.  

Нэр дэвшигчид юу амлаж болохгүй вэ

УИХ болон НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн санал авах өдрөөс
өмнө 30 хоногийн хугацаанд сурталчилгаа хийх эрхтэй байгаа. Өмнө нь 45
хоногийн хугацаатай байсан бол энэ жил шинэ хуулийн дагуу 15 хоногоор
багасгасан юм. Бэлэн мөнгө, эд бараа тараах, урлаг соёлын тоглолт, шашны
зан үйл, тусламж үйлчилгээ үзүүлэхийг хориглож буй. Мөн мөрийн
хөтөлбөрт тусгагдаагүй амлалт, агуулга бүхий үйлдлийг хориглосон байгаа.
Хэрэв нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийг дагуу хууль зөрчсөн
үйлдэл гаргавал эрүүгийн хариуцлага хүлээх хүртэл арга хэмжээ авна гэж
заасан байдаг. Нэр дэвшигч нь тойргийн хорооноос үнэмлэх авсан өдрөөс
хуулийн дагуу сурталчилгаагаа эхлүүлэх ёстой юм.Намуудын нэр дэвшигчид
өчигдрөөс  сонгуулийн тойргийн хороодоос үнэм­лэхээ авч  эхэлсэн бөгөөд
тойргийн хороод нэр дэвшигчдийг бүртгэх эцсийн хуга­­цаа нь зургадугаар
сарын 6-ны өдөр аж.


Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж