Миланыг зорих дөрвөн авьяастан тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Миланыг зорих дөрвөн авьяастан тодорлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачлагаар “Милан клубийн өсвөрийн зуслан Улаанбаатар” төсөл манай улсад хоёр дахь жилдээ хэрэгжиж, бямба гаригт өндөрлөлөө. Энэхүү төсөл өнгөрсөн жил анх удаа болоход шалгарсан Монголын авьяаслаг өсвөрийн дөрвөн хөлбөмбөгч Милан хотод болсон “Дэлхийн хүүхдийн зуслан”-д хамрагдсан юм. Энэ жилийн шалгаруулалт зургаа, 84, 97 дугаар сургууль, Монголын хөлбөмбөгийн холбооны охидын гэсэн дөрвөн талбайд таван өдөр үргэлжиж, зургаа дахь өдрийнх нь Монголын хөлбөмбөгийн холбооны төв талбайд боллоо. Үүнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн, 13 хүртэлх насны 270 хөлбөмбөгч хамрагдаж, Миланаас ирсэн алдарт хөлбөмбөгч Франко Барези, менежер Марко Шембри, дасгалжуулагч Андрей Кавичеоли, Давидэ Корти, Данило Тедолди, Алессандро Бертони, Пьерлуижи Прэтэ, Жанлука Анжелука нарт “шалгалт” өгөв.

“Милан”-ы шалгаруулалтад орж, улмаар Италь явах нь хүүхэд бүрийн мөрөөдөл болчихоод байгаа. Тиймээс 13 хүртэлх насны тамирчид зургаан өдрийн турш хичээж, гадны дасгалжуулагч нараас өндөр үнэлэлт авахын тулд хэрэндээ юм. Итали мэргэжилтнүүд эцсийн шалгаруулалтад 24 тоглогч шигшин үлдээж, дөрвөн баг болгон тоглуулсан. Тэд нар энэ удаа эцсийн сонголтоо хийлээ.

Миланыг зорих азтанаар Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн сурагч Амарсанаагийн Мөнх-Оргил, Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн сурагч Чулуундоржийн Мэндээ, Батболдын Балжинням, Баянзүрх дүүргийн ХСХТТ-ийн Алтанцоожийн Мөнгөнтулга нар шалгарсан юм. Эхэнд дурдагдсан А.Мөнх-Оргил өнгөрсөн жил шилдэг дөрвийн нэг болж, Миланыг зорьж байсан. Италичууд нэг шалгарсан хүүхдийг дахин шалгаруулахгүйг хичээсэн ч бяцхан жаалын авьяасыг яаж ч чадсангүй. Харин анх удаа шалгарсан нөгөө гурав нь баярын нулимс унагааж байв.

Д.ЕСҮХЭЙ

“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж