“Шатахууны бөөний худалдааг татвараас чөлөөлөх ёсгүй”

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

“Шатахууны бөөний худалдааг татвараас чөлөөлөх ёсгүй”

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг сая УИХ-ын даргад Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Хууль өргөн барьсны дараа эрхэм гишүүнээс зарим зүйлийг тодруулав.
-Онцгой албан татварын хуульд ямар чиглэлийн өөрчлөлт оруулах төсөл та өргөн барьсан бэ?

-Нефтийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнээс хамааруулаад Онцгой албан татварыг хэлбэлзүүлэх эрхийг 2009 онд Засгийн газарт өгсөн байдаг. Үүний дагуу өнөөдрийн байдлаар нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг бүгдийг тэглэсэн байдалтай байна. Энэ оны нэгдүгээр сард валют, шатахууны үнэ өсч бөөн асуудал үүссэн. Тэр үеэр асар их  судалгаа хийж үзсэн юм. Судалгаа хийгээд үзэхээр Монголд нийлүүлэгдэж байгаа нэг тэрбум жаахан илүү тонн шатахууны 60 гаруй хувь нь дизелийн түлш, мөн 70-80 хувь нь дан бөөний худалдаагаар орж ирж байна. Бөөний худалдаа гэдгийн ихэнх нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, Монголын том том аж ахуйн нэгж болох төмөр зам, МИАТ зэрэгт хамаардаг. Тиймээс бөөний худалдаагаар шатахуун худалдаж авч байгаа, нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийг онцгой албан татвараас чөлөөлөх нь утгагүй юм. Энэ худалдаа зах зээлийнхээ ханшаар явах ёстой гэж нэгдүгээрт үзлээ. Хоёрдугаарт, нефть бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ онцгой албан татварын хөнгөлөлттэй хэвээрээ үлдэнэ. Иймээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийлүүлж байгаа шатахууны жижиглэн худалдаан дээр өрсөлдөөн үүссэнээр үнэ тогтвортой байх боломжтой. Бөөний худалдаа татвартай болж байгаа тохиолдолд нефть, шатахуун импортлогчид татвараа нэмээд уул уурхайн компани, том аж ахуйн нэгжүүддээ нийлүүлэх боломжтой. Бөөний худалдаанд хөнгөлөлт үзүүлэхгүй болсноор улсын төсөвт жилдээ 100 сая орчим ам.долларын орлого тогтвортой орох юм. 100 сая орчим ам.доллар гэдэг бол 200 км зам тавих, 200 цэцэрлэг барих хөрөнгө. Монгол Улсын нийтлэг эрх ашигт чухал нөлөөтэй зүйл болох юм.

-Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдэнгүүт Монголд шатахууны үнэ нэмэгддэг. Ингээд ирэхээр Засгийн газар онцгой татвараас чөлөөлдөг. Үүнийг яаж зохицуулах вэ?

-Жижиглэнгийн үнэ дээр хөнгөлөлт хэвээрээ, үнэ тогтвортой, хямд байх нөхцөл бүрдэнэ. Уул уурхай зэрэг том аж ахуйн нэгжүүд зах зээлийн үнээр шатахуун авах ёстой.

-Одоо өргөн барьж байгаа хуулийн төслийг хэзээ хэлэлцэх вэ?

-Шинэ УИХ бүрдмэгц нэн яаралтай хэлэлцэх ёстой төсөл.

-Шатахууны үнэ үндэслэлгүй нэмсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Өрсөлдөөний тухай хуулийг шинэчилсэн. Дэлхий нийтийн хандлагаар банк, шатахуун, өргөн хэрэглээний бараа нийлүүлдэг аж ахуйн нэгж давамгай байдалтай байдаг. Тиймээс тэд үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн дагуу жилийн борлуулалтын орлогын 3-6 хүртэлх хувиар торгох, хууль бусаар олсон орлогыг хураах зэрэг асуудал бий. Дэлхийн хэмжээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай ижил эрх, мэдэлтэй газраас зүй ёсны монополь болоод том аж ахуйн нэгжүүд айж эмээдэг. Ийм жишиг Монгол Улсад тогтох ёстой гэж үзэж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж