
Солонгосын дайнд амь үрэгдсэн цэрэг офицеруудыг оршуулж анх ийм Төрийн оршуулгын газар байгууулсан бөгөөд тус улсад айлчилж буй гадаадын төр засгийн дээд болон өндөр хэмжээний зочин төлөөлөгчид хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөдөг уламжлалтай юм байна.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 21 жил, “Солонгос дахь Монголын жилийн нээлт”-ийн арга хэмжээ тохиож байгаа зэрэг онцлох үйл явдал олонтой Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалд Солонгосын тал ихээхэн ач холбогдол өгч байна.
Монголын Засгийн газрын тэргүүн С.Батболд Ерөнхий сайдын хувиар тус улсад анх удаа албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд 2009 оны дөрөвдүгээр сард Гадаад харилцааны сайдын хувиар ажлын айлчлал хийж байжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.