Египетийн хувьсгалд аюул учирлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Египетийн хувьсгалд аюул учирлаа

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд “мусульман ахан дүүс” исламын хөдөлгөөний Мухаммед Мурси ба экс-ерөнхий сайд Ахмед Шафик хоёр өрсөлдөхөөр болов. Нэр дэвшигчдийн хэн нь ч тавин хувиас дээш санал авч чадсангүй ажээ. Шафик засгийн эрхэнд гарвал Хосни Мубаракийн хуучин дэглэм эргэн ирнэ гэж “мусульман ахан дүүс” яаран мэдэгдээд хувьсгалаа аврахын тулд бүх хүчинд нэгдэн нягтрахийг уриалж амжлаа.

Сонгуулийн урьдчилсан дүнгээр “мусульман ахан дүүс” хөдөлгөөний бүтцийн Эрх чөлөө ба шударга ёсны намын нэр дэвшигч Муххамед Мурси ялимгүй давуу саналаар тэргүүлж байна. Хоёрдугаарт, олон нийтийн эсэргүүцэл эхэлсний дараа Засгийн газрыг толгойлсон экс-ерөнхий сайд Ахмед Шафик оров.

Шафик ерөнхий сайд болохын өмнө Нисэх хүчин ба иргэний агаарын тээврийн яамыг толгойлж байв.

“Мусульман ахан дүүс”-ийн тооцоогоор нэр дэвшигч Мурси 25 хувь, Шафик 23 хувийн саналыг тус тус авсан гэнэ. Харин гуравт, өөрийгөө арабын социализмын үзэл сурталч бөгөөд Египет улсыг үүсгэгч Гамаль Абдель Насерийн дагалдагч гэдэг социалистуудын нэр дэвшигч Хамдин Сабахи 20 хувийн саналтайгаар оржээ. Түүний араас исламистуудын бие даасан нэр дэвшигч Абдель Монеим Абуль Футух 17 хувийн саналаар, Арабын лигийн тэргүүн асан Гадаад хэргийн экс сайд Амр Мусса 11 хувийн саналтайгаар тус тус шалгарлаа. Сонгуулийн эхний шатны албан ёсны дүнг маргааш зарлах юм.

“Мусульман ахан дүүс” дараагийн шатанд  Сабахи ба Абуль Футухийн дэмжигч нарын саналд найдаж байна. Тэдэнтэй исламистууд яриа хэлцлээ хийж эхэлжээ. “Үндэстнээ хамгаалан, хувьсгалаа бэхжүүлэхэд бид ийм эв нэгдлээр ялах болно” хэмээн Эрх чөлөө ба шударга ёсны намын даргын орлогч Эссам эль-Эриан мэдэгдсэн байна. Хувьсгалаа хулгайлуулахгүйн тулд нэгдэн нягтрахыг исламистууд уриалжээ.

Радикал исламистуудын дэмжлэг авсан Абуль Футух өөрийн талынханд хандан “Авлига ба дарлалын бэлгэдлийн эсрэг нэгдсэн фронтоор тэмцье” гэж тэр уриалсан нь Шафикийг шууд хэлээгүй ч түүний эсрэг гэдэг нь тодорхой байв. Исламистууд сонгуулийн эхний шатанд нь ялсан ч парламентын сонгуулийн саналаасаа бараг хоёр дахин бага санал авсан байв. Ажиглагчид исламистуудын алдар нэр унаж буйг харууллаа гэж мэдээлэв. Хөдөлгөөн ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэж өнгөрсөн онд олон удаа мэдэгдэж байсан хувьсгалын эхэнд тэд идэвхгүй байсан зэргээс тэдний нэр хүнд суларсан байж болох  талтай. Энэ хөдөлгөөн хувьсгалын эцэст л олны эсэргүүцэлд нэгдсэн юм. Тиймээс ч тэдний эсрэг талынхан нь уг хөдөлгөөнийг хувьсгалд оролцоогүй байж үр дүнг нь завших гэж байна хэмээн шүүмжилжээ.

Шафикийг хувьсгалын дараах тогтворгүй байдлыг засч, өсч буй гэмт хэргийн гаралтыг зогсоох хүчтэй хүн гэж үзсэн египетчүүд дэмжлээ. Мөн түүнийг хүн амын 10 хувь болох христийнхэн дэмжсэн байв. Тэд Хосни Мубаракийн үеэс хавчигдаж байсан гэдэг боловч Шафикаас өөр дэмжихээр хүн алга.

Шафик өөрөө улс төрийн янз бүрийн хүчин­тэй хамтрахад бэлэн гэж байгаа. Хэрэв тэр ерөн­хийлөгч болсон тохиолдолд “мусульман ахан дүүс”-тэй Засгийн газар байгуулахад саадгүй гэж байгаа.

Сонгуулийн эхний шат нь шинэ Үндсэн хуулийг батлахаас өмнө болж байгаа учраас төрийн тэргүүний үүрэг нь тийм ч тодорхой биш. Уламжлалаар бол Египетийн ерөнхийлөгчийн эрх мэдэлд бүхий л зүйл байсан юм. Парламентын намуудын хоорондын зөрөлдөөний улмаас Үндсэн хуулиа баталж чадаагүй байгаа. Мубаракийн дараа эрх барьж байгаа цэргийн зөвлөл нь зургадугаар сарын 30-нд албандаа орох ерөнхийлөгч  гарч ирэхээс өмнө шинэ Үндсэн хуулийг батлахыг парламентаас шаарджээ. Египетийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат зургадугаар сарын 16-17-ны өдрүүдэд болох юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж