АНУ Пакистан дахь тусламжаа багасгана

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

АНУ Пакистан дахь тусламжаа багасгана

Осама Бин Ладеныг баривчлахад АНУ-ын тусгай албанд үнэтэй мэдээлэл өгсөн эмчид Пакистаны хууль сахиулагчид 30 жилийн ял оноосныг эсэргүүцэж АНУ-ын Сенат буцалтгүй тусламжийн хэмжээг 33 сая ам.доллараар багасгажээ. Пакистаны хууль сахиулагчид алан хядагч Осама Бин Ладены эмч Шакил Афридиг эх орноосоо урваж, гадаадын тагнуулын агентлагтай хамтарч ажилласан хэргээр ялласан юм. Шакил Афридид оноосон ялын нэг жил тутамд АНУ Пакистанд үзүүлэх тусламжаа нэг сая ам.доллараар багасгана гэж Сенатын төсвийн зөвлөл мэдэгдсэн байна.  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Шакил Афридид оноосон ялыг “шударга бус, үндэслэлгүй” гэж буруутгажээ. АНУ-ын тусгай алба өнгөрсөн 2011 оны тавдугаар сард Осама Бин Ладеныг Пакистаны Абботабадаас олж, хөнөөсөн билээ. Харин Осама Бин Ладены хувийн эмч байсан Шакил Африди хуурамч вакцинжуулалт явуулж, алан хядагчийг Абботабадад бүгэж байгааг ДНХ-н шинжилгээгээр тогтоосон гэдэг. Осама Бин Ладеныг Пакистанаас олж хөнөөсний дараа АНУ, Пакистаны харилцаа хурцадсан билээ.

Осама Бин Ладеныг тус улсад орогнож байсныг Пакистаны эрх баригчид мэдэж байсан эсэх нь тодорхойгүй авч, хууль сахиулагчид нь түүнийг хөнөөснөөс хэд хоногийн дараа эмчийг баривчилсан юм. АНУ ирэх жил Пакистанд нэг тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байсан ч дээрх хэргийн улмаас тусламжийн хэмжээг багасгахаар болсон байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж