Шүүхдэх шаардлагагүй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

Шүүхдэх шаардлагагүй боллоо

Зуун жилийн өмнө Японд нэгэн хүчтэй газар хөдлөлт болжээ. Олон барилга байшин нурсан нь тодорхой. Ингээд олон мянган хохирогч, олон зуун хариуцагч нарын хооронд эд хөрөнгийн гээд олон маргаан гарч. Ийм үед тэр бүх хэргийг шүүхээр шийдэх ямар ч боломж байгаагүй бөгөөд тэд нэг зүйл санаачилсан нь “шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах тогтолцоо” байв.  Харин энэ тогтолцоог Монголд бүрдүүлэх зорилготой хуулийн төсөл шүүхийн шинэчлэлийн хүрээнд боловсруулсан хуулиудын нэг байсан бөгөөд УИХ-ын өнгөрөгч отгон хуралдаанаар энэ хууль батлагдсан юм.  Энэ хууль УИХ-д “ногоон гэрлээр” явж байсан бөгөөд хэлэцүүлгээр ч онцлох санал, шүүмж гараагүй юм.

Өнгөрсөн оноос энэ хуулийн бэлтгэл ажил болгон Дархан аймаг болоод Баянзүрх дүүрэгт туршилтаар эвлэрүүлэн зуучлалаар зарим хэргүүдийг шийдсэн бөгөөд Улсын Дээд Шүүх, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагаас энэхүү төслийг хэрэгжүүлж байж. Харин ийнхүү хууль батлагдсанаар аймаг, дүүрэг бүрт энэ боломж бүрдэж буй юм. Манайх шиг хүн ам цөөн, нэг нэгнээ сайн таньдаг монголчуудын хувьд эвтэй найртай нөхөрсөг байдлаар аливаа маргаанаа шийдвэрлэж чадна гэдэг нь иргэн хүндээ цаг мөнгө хэмнэсэн байж чадах бөгөөд шүүхийн ачааллыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандсан үйлчлүүлэгчид цаг хугацаа хэмнэхээс гадна зардал багатай, үр дүн сайтай гэж талархалтай хүлээн авч байжээ. Эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор эв найрамдалтайгаар маргаанаа шийдвэрлүүлэх нь цаашид найз нөхөд, түнштэйгээ харилцаагаа хэвээр хадгалах, хурдан шуурхай шийдвэрлэх боломжтой гэх зэрэг давуу талууд олон бий гэдэг нь харагджээ. Мэдээж өөрсдийн хүсэл зорилго, нийцэхгүй эвлэрэх боломжгүй бол шүүхийн шатанд шилжих аж.

Хуульд иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн, тэдгээрийн дотор аж ахуйн болон эдийн засгийн бусад үйл ажиллагаатай холбоотой маргаан, түүнчлэн хөдөлмөрийн болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээр заажээ. Мөн энэхүү ажиллагаанд сайн дурын, талуудын тэгш эрхийн, зуучлагчийн хараат бус, хөндлөнгийн байдлын, нууцлалын  зарчмуудыг баримтлах бөгөөд хуульд энэ бүрийг тодорхой тусгасан аж. Түүнчлэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд хийгдсэн эвлэрлийн тохиролцоо хууль болон гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх шаардлага ч тавьсан байна. Энэхүү ажиллагааг хуульчлах үеэр зарим гишүүдээс нэгэн болгоомжлол гарсан нь “эвлэрье гэж цаг хожиж, хөөн хэлэлцэх хугацаанаас мултрах вий” гэдэг байв. Гэвч энэ болгоомжлолд хуулиар тодорхой хариу өгсөн бөгөөд “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон бол талууд, түүнчлэн талуудын аль нэг тал эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал тухайн асуудлаар шүүхэд хандах эрхтэй ба эдгээр байдал нь шүүхээс Иргэний хуулийн 79, 80 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх, эсхүл уг хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэл болно” гэж. Тодруулбал, дээрх болгоомжлолд “тийм боломж байхгүй шүү” хэмээн хариулсан байна. Агуулга энгийн энэхүү хууль удахгүй үр дүнгээ өгч эхэлнэ. Тэр цагт багагүй хүмүүс хэдэн шатны шүүх дамжин, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө үрэн байх шаардлагагүй болох биз.

Б.ЭНХМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж