Төрийн ордонд 15.00 цагт хуралдахаар зарлагдаад байсан Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан оройн 18.00 цаг өнгөрөөж эхэллээ. ҮЗХ-ны хурлын өмнө нам доторх бүлэг фракциуд хуралдаж, намын жагсаалтад бичигдэх нэрсээ гаргасан байна. Жагсаалтыг намын дарга Н.Алтанхуяг тэргүүлж, түүний араас З.Энхболд, Х.Тэмүүжин нар зогсчээ.
Тэдний араас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж, Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Р.Гончигдорж, Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг, ХХБ-ны захирал Б.Мэдрээ, УИХ-ын гишүүн Л.Гансүх, намын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг, дэд сайд асан А.Гансүх, ҮЗХ-ны гишүүн н.Байгальмаа, П.Ганхуяг, н.Баатарбек, УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн, Завханы З.Нарантуяа, “Монгол хүн 2020” хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч Ж.Батболд, ҮЗХ-ны гишүүн н.Сувдаа, Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Пүрэвсүрэн, ҮЗХ-ны гишүүн н.Энхтуяа, Б.Баттүвшин, н.Үүрийнтуяа, н.Батбилэг, Ц.Оюундарь, н.Ариунболд гэсэн 28 хүн жагссан байна. Дугаар шилжих мөчид Ардчилсан намын ҮЗХ-ны хурал өндөрлөх яагаа ч үгүй, дөнгөж жагсаалтын 28-аар санал хураалгаж байлаа.
Өчигдөр 09.00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн МАН-ын Бага хурал дундаа хэдэнтээ завсарлаж, Удирдах зөвлөлөө хуралдуулав. Хамгийн сүүлд буюу оройн 21.00 цагийн орчимд МАН-ын Бага хурал дахин зарлагдсан бөгөөд үүний өмнө Удирдах зөвлөлийнхөн эцсийн байдлаар нэр дэвшигчдээ гаргажээ.
Пропорицональ тойрогт нэр дэвших намын жагсаалтыг намын дарга Сү.Батболд тэргүүлж, түүний араас эхний наймд ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, гишүүн Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар багтсан байна.
Тэдний араас МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл, НАМЗХ-ны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, дэд сайд Д.Гарамжав, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, дэд сайд Б.Ундармаа, Ерөнхий сайдын зөвлөх Д.Долгор, дэд сайд Ж.Цолмон, дэд сайд В.Удвал, Ж.Сауле, н.Энхсайхан, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл нарын зэрэг хүмүүс жагссан байна.
Мажоритари 48 мандатад нэр дэвших хүмүүсийг ч мөн Бага хурлын өмнө Удирдах зөвлөлөөсөө тодруулсан бөгөөд Баянголын тойрогт Р.Раш гишүүн нэр дэвшихээр үймүүлж, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр Булганд нэр дэвшихээр болсныг эс тооцвол өөрчлөлт ороогүй байна. Ерөнхийдөө намын удирдлага болон Бага хурлын гишүүд Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг батламжлахаар болж, заалнаас нэр дэвшүүлэхгүй байх тохироо хийжээ. Харин Ерөнхий сайд асан С.Баяр энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй бололтой. Дугаар шилжих мөчид МАН-ын Бага хурал эхлээгүй байлаа.
Дугаар шилжих мөчид бидний авсан мэдээллээр МАН дахин Удирдах зөвлөлөө хуралдуулж эхэлсэн бөгөөд 28-ын жагсаалтад хөдөлгөөн орж магадгүй талаар эх сурвалж хэллээ. Энэ нь Ардчилсан намын жагсаалт ил болсонтой холбоотой бололтой.