ҮЗХ-ны гишүүд ярьж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

ҮЗХ-ны гишүүд ярьж байна

АН-ын ҮЗХ-ны 38 дугаар хуралдаан хараахан эхлээгүй байна. Түүгээр УИХ-д нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэх юм.

Хуралдааны өмнө ҮЗХ-ны зарим гишүүний үгийг сонслоо.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:

-Миний хувьд УИХ-д нэр дэвшинэ гэж бодож байгаа. УИХ-ын 2008 оны сонгуулиар сонгогдохдоо байгаль орчноо хамгаална. Чингэлтэй хайрханыг дархан газар болгоно гэсэн амлалт авч байсан. Тэр дагуу саяхан УИХ-аар Чингэлтэй хайрхан уулыг дархан газар болгох тухай хууль батлагдсан. Би амлалтаа биелүүлж чадсан. ҮЗХ-ны гишүүд миний нэрийг сонгуульд дэвшүүлнэ гэдэгт итгэж байна.

ҮЗХ-ны гишүүн, ЭБЭХ-ний дэд сайд асан Б.Ариунсан:

-Говь-Алтай аймгийн АН миний нэрийг УИХ-д дэвшүүлэхээр болсон. Говь-Алтай бол алслагдсан аймаг. Харьцангуй хоцрогдонгуй байна. Хэн, аль нам ирэх дөрвөн жилд манай аймгийг ирээдүйг харсан хөгжилд хүргэх вэ гэсэн хүлээлт Говь-Алтай аймгийнханд бий. Говь-Алтайд хөгжлийн хөрс ургаж бойжих боломж бий. Тийм мөрийн хөтөлбөр АН-д байна.

ҮЗХ-ны гишүүн, ХХААХҮ-ийн дэд сайд асан Х.Золжаргал:

-Миний хувьд Орхон аймагт нэр дэвшихээр яригдаж байна. Хэдийгээр хамгийн үйлдвэржсэн хот боловч зэсээ хагас бэлэн бүтээгдэхүүн болгон гаргаж байна. Үүнийг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон гаргах ёстой. Өөр нэг асуудал нь цагаан тоос. Энэ цагаан тоосоор барилгын материал үйлдвэрлэх ёстой.

Орхон аймагт орон сууц олноор барих хэрэгтэй байна. Бусад аймагт нэг хоёр орон сууц барьж байгаа ч Орхонд огт бариагүй. Барилгажилт маш их шаардлагатай болсон газар. Би ХХААХҮ-ийн дэд сайд байхдаа хүнсний аюулгүй байдал, хөнгөн үйлдвэр, худалдаа хариуцаж байсан. Энэ утгаараа Орхон аймаг надад бололцоотой тойрог юм. Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хамгийн боломжтой аймаг бол Орхон гэж үздэг.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж