Коксжих нүүрсээр “толгой цохих” боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Коксжих нүүрсээр “толгой цохих” боломжтой гэв

“Coal trans Mongolia” нүүрсний салбарын олон улсын чуулга уулзалт өнөөдөр Чингис зочид буудалд үргэлжилж байна. Өчигдөр нээлтээ хийсэн уг чуулга уулзалтанд гадаадын нийт 270 гаруй төлөөлөгч, манай улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яам, түүний агентлагууд болон уул уурхайн томоохон компаниудын төлөөллөөс оролцож байна.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчээ авч, тэр дундаа нүүрсний олборлолтоор дагнасан экспортын эрин үе ирж буй талаар эдийн засагчид дүгнэж байгаа. Тиймээс ч олон чуулга уулзалт болж, нүүрсний салбарын хөгжлийг хурдасгах төсөл хөтөлбөрүүд, ажилд төрийн болон төрийн бус хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийг өргөнөөр хамруулахыг зорьж байгаа. Энэ хүрээнд “Coal trans Mongolia 2012” олон улсын чуулга уулзалт болж байгаа бөгөөд энэ салбар дахь гадаад дотоодын компаниудын харилцааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, байгальд ээлтэй уул уурхайн хайгуул, олборлолтыг дэмжихэд ажилд багагүй нэмэр болох зорилготой ажээ.

Энэ үеэр гадаадын болон дотоодын төлөөлөгчид манай нүүрсний чанарын асуудал дээр төвлөрөхдөө коксжих нүүрсийг олборлох чадамжийг сайшаацгааж байсан юм. Өөрөөр хэлбэл манай улс коксжих нүүрсээрээ дэлхийд тэргүүлэх хандлагатай байгаа гэнэ. “Энэхүү чуулга уулзалт  танай улсад хоёр дахь удаагаа ийнхүү болж байгаа нь дэлхийн улс орнууд Монгол Улсыг ихэд сонирхож байгаагийн илрэл” хэмээн Азийн хөгжлийн банкны Ахлах тээврийн эдийн засагч Стивен Лювис-Воркман хэлж байсан.

Хурлын талаар “Coal trans conference” компанийн менежментийн захирал Ненри Хели Хатчинсоноос цөөн асуултанд хариулт авлаа.


– 30 жилийн туршид нүүрсний салбарын чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа гэсэн. Чуулга уулзалтын далайц жилээс жилд өргөжиж байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Яг нэг салбараараа дагнаж 30 гаруй жил улс орнуудад чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Ер нь энэ хугацаанд  чуулга уулзалтыг нүүрсний салбарт эрэлттэй байгаа орнуудад зохион байгуулсаар ирлээ гэж ойлгож болно. Монголын тухайд, сүүлийн жилүүдэд Монгол Улсын  уул уурхайн салбарыг гадаадын орнууд ихэд сонирхох болсон. Хамтын ажиллагааны хөрөнгө оруулалттайгаар ч олон компаниуд бий болж байна. Тиймээс нүүрсний салбарт эрэлттэй байгаа улс оронд гадаадын хөрөнгө оруулагч, хамтын ажиллагааны байгууллагуудыг цуглуулан хуралддаг юм.

-Ер нь нүүрсний салбарт бусад орон ямархуу оролцоотой байдаг юм бол?

– Улс орнууд харилцан адилгүй байна. Индиноез гэхэд сайн чанарын нүүрсээ олборлоод дууссан учир нүүрсний чанар нь муудаж байна. Одоо бол  Индионезид коксжих нүүрс одоо байхгүй болчихлоо. Харин дэлхийд Хятад улс  нүүрсийг эх орондоо импортоор оруулж ирдэгээрээ тэргүүлдэг юм. Нүүрсний салбарт томоохон тоглогч гэгддэг  Австрали улс Хятад улсаас хол байдаг учир  нүүрсээ төдийлөн экспортолдоггүй юм. Монгол Улс бол Хятадын улсын хил залгаа болохоор давуу тал үүсч, Монгол Улсаас импортын нүүрсийнхээ дийлэнхийг авч байгаа юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж