Олимпийн тасалбар дамлах гээд баригджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Олимпийн тасалбар дамлах гээд баригджээ

Украины Үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Геращенко Лондонд болох Олимпийн тоглолтын тасалбарыг их хэмжээний бэлэн мөнгөөр худалдахыг оролджээ. Английн BBC агентлагийн ажилтнуудын эрэн сурвалжлага үүнийг нь илрүүлсэн байна. Тасалбар дамлагчийн дүрээр түүнтэй уулзсан BBC агентлагийн ажилтанд В.Геращенко дээд тал нь 100 тасалбар зарахад бэлэн байгаагаа хэлсэнийг агентлаг баримтжуулж авчээ.   

В.Геращенко Украины олимпийн хөдөлгөөнд 20 гаруй жил зүтгэж байгаа нэр хүндтэй хүн бөгөөд энэ албандаа 1997 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа юм. Лондоны Олимп болон Паралимпийн тухай Их Британийн хуулинд энэ наадмын тоглолтын тасалбарыг албан ёсны бус замаар худалдахыг эрүүгийн гэмт хэрэг хэмээн заагаад, зөрчсөн хүнийг 20 мянга хүртэлх паундаар торгож шийтгэхээр хуульчилсан байдаг. Мөн Европын холбоонд ордоггүй улсуудад оногдсон тасалбарыг зөвхөн тухайн орны иргэдэд борлуулахаар хуульчилсан бөгөөд энэ нь тасалбарыг хар зах дээр гарахаас сэргийлсэн арга хэмжээ байсан юм.     

Хэрэг явдал олон нийтийн анхааралд орсны дараа Их Британийн Засгийн газарт Олимпийн асуудал хариуцсан сайдаар ажиллаж байсан, одоо парламентын гишүүн Тесса Жауэлл BBC агентлагийн илрүүлсэн баримтыг мөрдөн шалгахыг уриалсан байна. “Ийм юм байж огт болохгүй. Эрх мэдлээ ашиглан хууль зөрчихийг оролдсон хүн хэн бэ гэдэг нь тодорхой байна. Буруу нь нотлогдвол хуулинд бэлэн байгаа шийтгэлийг түүнд оногдуулах нь зүйд нийцнэ” гэж тэрбээр хэлсэн байна. 

Лондоны Олимпийн зохион байгуулах хороо болон Олимпийн тоглолттой холбоотой асуудлыг хариуцсан Лондоны цагдаагийн газрын тусгай бүлэг тасалбарыг хууль бусаар борлуулах явдалтай эрс шийдвэртэй тэмцэнэ гэдгээ мэдэгджээ. Энэ долоо хоногт Их Британид Олимпийн тоглолтын тасалбар борлуулах албан ёсны хугацаа дуусч байгаа бөгөөд ингэснээр хууль бус худалдаа идэвхижнэ хэмээн холбогдох албад болгоомжилж байгаа юм. BBC агентлаг үүнээс ч өмнө эрэн сурвалжлага зохион байгуулсны үр дүнд тасалбар борлуулах эрхтэй албан ёсны борлуулагчид хууль зөрчиж байгааг илрүүлсэн билээ. Зарим орны Үндэсний олимпийн хороодод оногдсон тасалбар дамчдын гарт орж байж магадгүй гэсэн сэжиг таамаг олонтаа гарсан тул BBC Украины олимпийн хороог анхааралдаа авч, сурвалжлагч нь тасалбар дамлагчийн дүрээр ерөнхий нарийн бичгийн даргатай нь уулзаж чадсан байна. Энэ нь ч байгаа онож, эрхэм даргын булхайг илрүүлжээ.

Анхны уулзалт дээр В.Геращенко сурвалж­лагчид хэлэхдээ “Та тасалбар наймаалдаг хүн юм байна гэж би ойлголоо. Миний хувьд чухал хүн байна. Бидэнд тан шиг хүмүүстэй ажиллах хэрэгцээ бий. Зарах тасалбар гарвал бид холбоо баримз” гэжээ. Олимпийн хотхоны ойролцоо нэгэн зочид буудалд болсон дараагийн уулзалтан дээр В.Геращенко Украины албаны хүмүүс, дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчдэд тасалбар тараах эрхтэй гэдгээ мэдэгдээд, “Дээд тал нь 100 тасалбар илүү гарна, бүгдийг нь үнэ тохирч худалдана” гэжээ. Төлбөрийг дансаар хийж болох эсэхийг лавлахад В.Геращенко “Бэлнээр нь дээр биз дээ. Баруун зүүнээрээ өгч авалцаад л салсан нь өлзийтэй. Би зургадугаар сарын 10-нд ирэх байх” гэсэн байна. Дуулиан дэгдсэн даруйд буюу өнгөрсөн Мягмар гарагт BBC-гийн сурвалжлагч түүнээс тасалбар хууль бусаар зарж олимпийн дүрэм журам болоод Английн хуулийг зөрчихөд бэлэн байсан талаар нь асуухад “Би Их Британид тасалбар зарах гэж огт оролдоогүй” хэмээн хариулаад “Тасалбар зардаг хүн шалаад салахгүй болохоор нь дипломат маягаар хариулт өгсөн” гэжээ.

Харин өчигдөр Украины олимпийн хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Сергей Бубка түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлснээ мэдэгджээ. Канадад байгаа С.Бубка BBC-гийн мэдээллийн талаарх эцсийн дүгнэлт гартал ингэж шийдсэнээ В.Геращенкод  утсаар мэдэгдсэн бөгөөд өөрөө Киевт яаралтай ирж уг явдлыг шалгах ажлын хэсэг байгуулна гэдгээ хэлсэн байна. Мөн Их Британийн аюулаас хамгаалах байгууллагаас эхлүүлж болох аливаа мөрдөн шалгах ажиллагаанд Украин улс хамтран оролцоно гэдгийг Лондоны Олимпийн зохион байгуулах хорооны дарга Себастьяна Коэд уламжилжээ. С.Коэ үүний хариуд, энэ хэрэгт хамаатай бүхий л мэдээллийг гаргаж өгөхийг BBC агентлагаас хүссэн гэдгээ хэлээд, асуудалд С.Бубка нэн яаралтайгаар анхаарлаа хандуулсанд талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр Лондоны цагдаагийн газар BBC агентлагт мөн дээрхтэй адил хүсэлт тавьжээ.

Б.АМГАЛАН

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж