Бин Ладены эмчид 30 жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Бин Ладены эмчид 30 жилийн ял оноожээ

Осаман Бин Ладеныг олоход АНУ-ын тусгай албаныханд тусалсан түүний пакистан эмчид 30 жил шоронд хорих ял оноосон гэнэ.

Алан хядагч Осама Бин Ладены хаана байгааг тогтоохын тулд хуурамч вакцины хөтөлбөр хэрэгжүүлж, эх орноосоо урван тэрсэлсэн хэрэгт  Пакистаны шүүх Шакил Афридийг яллажээ.

АНУ-ын Төрийн департамент эмчид оноосон ялыг үндэслэлгүй гэж үзсэн боловч дээрх хэрэгтэй холбоотой ямар нэгэн тайлбар хийхээс татгалзжээ.

9/11 халдлагын гол зохион байгуулагч гэгддэг олон улсад зартай алан хядагч Осама Бин Ладеныг АНУ-ын тусгай алба өнгөрсөн 2011 оны тавдугаар сард Пакистаны Абботабад хэмээх газраас баривчилж, хөнөөсөн билээ.

Олон улсад эрэн сурвалжилж байсан зартай алан хядагчийг Пакистанаас олж, устгасан нь АНУ, Пакистаны харилцаанд сэв суулгах дөхсөн.

Исламабад АНУ-ын тусгай албаны нууц ажиллагааг тус улсын аюулгүй байдалд халдсан хэрэг гэж үзсэн билээ. Бин Ладеныг баривчилсан тусгай ажиллагааны дараа түүний эмчийг Пакистаны тал баривчилсан аж.

Пакистаны хууль сахиулагчид эмчийг ялласнаа ямар ч улс гадаадын тагнуулын талд ажилласан иргэнийг ингэж шийтгэдэг хэмээн зөвтгөжээ.

2012 оны нэгдүгээр сард АНУ-ын албаны хүмүүс Шакил Африд Бин Ладеныг байгааг нотлох ДНХ-н дээжийг олоход тусалсан хэмээн ам алдсан аж.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж