Ялсан нам гар хүрэх эрхтэй долоон их наяд төгрөг

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Ялсан нам гар хүрэх эрхтэй долоон их наяд төгрөг

Энэ удаагийн УИХ бүрэн эрхийн хугацааны отгон хуралдааныхаа төгсгөл хэрд Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөлөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэлэлцэж баталлаа.

Ирэх зуны сонгуулиар бүрдэх УИХ-ын анхны намрын чуулганаар хийх ажлын тал хувийг өнөөдрийн “ах нар” нь бэлтгэж өглөө гэсэн үг. Төсвийн тогтвортой байдлын хуулийг хэрэгжүүлэх анхны жилийн төсөв учраас энэ удаагийн УИХ их л анхаарал тавин бүрэн эрхийнхээ төгсгөлд ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг бэлтгэж өгсөн хэрэг. Үндсэн чиглэлийг намар төсөвтэй хамт хэлэлцэхэд цаг хугацааны хувьд хүндрэлтэй, төсөв батлахад саад болдгоос хаврын чуулганаар баталдаг болоод жилийн нүүр үзэж байна.

Гэхдээ сая баталсан ирэх жилийн төсөв, Үндсэн чиглэлийг шинэ УИХ өөрчилж болно. Ямар боловч ялсан нам гар хүрэх эрхтэй 7,4 их наяд төгрөгийн төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ баталлаа. “Монголын түүхэнд байгаагүй хамгийн том төсвийг үлдээлээ” хэмээн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлсэн. Нэгэнт төсөв, хөрөнгө ярьж буй тул гол хэдэн тоог зайлшгүй дурдах шаардлага үүснэ.

УИХ-аар баталсан төсвийн хүрээний мэдэгдлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг ирэх жилд 7,4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 39,2 хувь, 2014 онд 8,8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 36,7 хувь, 2015 он гэхэд 10,2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35,1 хувь байхаар тооцжээ. Хэдхэн жилийн өмнө улсын нэгдсэн төсөв сая, тэрбум гэсэн тоонд багтдаг байсан бол гуравхан жилийн дараа 10 их наяд хэмээх агуу тоонд эргэлдэхээр болов.

Оюутолгой, Тавантолгойн ордууд албан ёсоор эргэлтэд орж улсын төсвийн авдарт мөнгө тэвхийх цаг удахгүй ирснийг эдгээр тоо харуулж байна. Гэхдээ ард иргэдийн амьдралд хэр зэрэг нялзаахыг тэр цагийн эрх баригчид л мэдэх хэрэг юм. Эдийн засгийн өсөлтийг 15,2 хувьтай байхаар тооцоолжээ. Үүн дотор уул уурхайн салбарын өсөлт 24,8 хувь, уул уурхайн бус салбарын өсөлт 13,3 хувиар байхаар тооцсон байна.

Дараагийн УИХ бүрэн эрхээ ид хэрэгжүүлэх 2013-2015 онд эдийн засгийн өсөлт 11,2-19 хувьтай байхаар төсөөлөгдөж буй ажээ. “Оюутолгой” ХХК-ийн зэс, алт, мөнгөний үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр тооцоолсон талаар 2014-2015 оны таамаглалд дурджээ. Эдийн засгийн өсөлт ийм хэмжээнд хүрэх төлөв гарсан нь энэ удаагийн УИХ-ын ажлын үр дүн гэж “ангийн дарга” Д.Дэмбэрэл хэлнэ лээ.

Ирэх жилийн Үндсэн чиглэлд тусгасан ажлуудыг 4,4 их наяд төгрөгт багтаан хэрэгжүүлэхээр УИХ шийдвэрлэлээ. Инфляцийг нэг оронтой тоонд барих амлалтыг бас өгөв.

Ирэх жил эдийн засгийн бодит өсөлтийг 19 хувьд хүргэж, оны үнээр тооцсон ДНБ-ий хэмжээг 19 их наяд төгрөгт хүргэхээр төсөөлөөд байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 4900 ам доллар болж гадаад валютын цэвэр албан нөөцийг 4,1 тэрбум ам долларт хүргэх зорилт тавилаа. Төсвийн алдагдлыг ДНБ-ний хоёр хувиас хэтрүүлэхгүй гэж үзлээ.

Үндсэн чиглэлд тусгаснаар бол нэг ам.долларт харьцах монгол төгрөгийн харьцааг 1326,4 төгрөг байна гэж үзжээ. Хүн ам ирэх онд хоёр хувиар өсөх  төлөв ажиглагджээ. Ажилгүйдлийн төвшинг 6,1 хувьд барихаар Үндсэн чиглэлд тусгаад байна.

Ирэх жил  бүтээн байгуулалтын их ажил өрнөнө. Тавантолгой-Сайншандын төмөр замын барилгын ажлын дийлэнхийг гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Тавантолгой-Гашуунсухайт, Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн төмөр замын барилгын ажлын 30 хувийг  гүйцэтгэж.Тавантолгойн нүүрсний ордод цахилгаан станц, Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, Чойр-Цагаансуврагын 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилгын ажлыг 2013 онд эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Монгол Улс уул уурхайгаа эргэлтэд оруулж эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд дээгүүрт давхих орны нэг болох их ажлын эхлэл 2013 оноос өрнөж эхлэх гэж байна. Дагаад ард иргэдийн амьдралыг дэгжүүлж дээшлүүлэх их үүргийг шинэ УИХ, шинэ Засгийн газарт үлдээгээд энэ удаагийн УИХ-ын бүрэн эрх шувтрах шатандаа орлоо.

Сонгуулийн дараа ялсан нам Засгийн газраа эмхэлж, төсөв, Үндсэн чиглэлийг өөрчлөх эрхийг давхар эдлэх юм.

                                Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж