Сонгуулийн дараа эдийн засаг эрүүлжих үү, эвгүйтэх үү

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Сонгуулийн дараа эдийн засаг эрүүлжих үү, эвгүйтэх үү

Их шуурганы өмнөх нам гүмхэн шиг сонгуулийн өмнөхөн Монголын эдийн засаг өнгөцхөн харахад нэг л  тайван байгаа.  Гэхдээ хэтэрхий чанга гараар барьж буй, нэлээд хөөсрөлтэй байгаа инфляци сонгуулийн дараа зад тавибал Монголын эдийн засаг тэсрэх нь бараг л ойлгомжтой. Монгол Улсын эдийн засагт парламентын сонгууль хүчтэй нөлөөлөх болсныг олон нийт хүлээн зөвшөөрдөг. Энэ удаад ч сонгуулийн дараа эдийн засагт халалт, хямрал явагдах вий гэхээс иргэд эмээж буй. Учир нь савнаасаа сагах нь холгүй байгаа инфляцийн хор уршиг иргэдэд эхнээсээ аль хэдийнэ мэдрэгдээд эхэлчихсэн болохоор тэр.
 
Бодит амьдрал дээр аль хэдийнэ шалдаа буучихсан эдийн засгийг өндөр өсөлтөөр хаацайлж, элдвийн статистик  тоон үзүүлэлтээр эвтэйхэн гэгч нь аргацаалах, сарын дараа болох сонгуулиас урьтаж дөрвөн жилийн тэртээх амлалтаа биелүүлэхээр хэтэрхий улайрах Засгийн газрын бодлого үнэндээ эдийн засагт  хэзээ мөдгүй дэгдэхэд бэлэн байгаа түймрийг асаах шүдэнз болоод хувирч магадгүй шинжтэй байна.

Ирэх долдугаар сард инфляци оргилдоо хүрнэ

Өчигдрөөс эхлэн хөгшид болоод, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг магнайг тэнийлгэж байгаа нэг сая төгрөгийн эхний ээлжийн 330 мянган төгрөгийн тараалт дотоодын зах зээлд эргэлдэж байгаа  зургаан их наядаар хэмжигдэж буй бэлэн мөнгөний нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлж, тэр нь эргээд үнийн дарамт болж хувирна гэдгийг анхан шатны эдийн засгийн мэдлэгтэй энгийн иргэн ч ойлгож буй байх. Ядаж байхад, хөхөө өвлийн хүйтнээс эхлэн нэг сая төгрөгийг тараах, цалин тэтгэврийг нэмэх зар нийгэмд хүлээлт үүсгэж, оны сүүлээр 10 хувьтай байсан  инфляци өнөөдөр 17,8 хувьд хүрчихээд байна.

Их мөнгөний сургаар дотоодын зах зээлд дэх мөнгөний нийлүүлэлтийг хумихын тулд Монголбанк төсөв болоод төсөвтэй адилтгах зардлаар өдөөгдсөн илүүдэл эрэлт, гаднаас орж ирж байгаа их хөрөнгө инфляцийн дарамтыг нэмэгдүүлэхээр байна гэх тайлбартайгаар он гарсаар хоёр ч удаа бодлогын хүүгээ нэмсэн юм. Цаашдаа ч эрэлтийн хүчин зүйлс инфляцийн дарамтыг сулруулахааргүй байвал дахиад мөнгөний бодлогоо чангаруулахаа төв банк мэдэгдээд байгаа билээ. Гадаад валюттай харьцах төгрөгийн ханшинд ирэх дарамтыг бууруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлого үнэндээ жижиг, дунд үйлдвэрлэлийг хумьж, эргээд эдийн засагт инфляци үнийн дарамт үүсгэдэг. Өнөөдөр аль ч арилжааны банкнаас зээл авлаа гэхэд хамгийн багадаа жилийн 20 хувийн хүүтэй байгаа. Өнгөрсөн жилийн өдийд арилжааны банкуудын зээлийн хүү хамгийн багадаа сарын 1,25 хувьтай байлаа. Харин өдгөө жилийн 20-24 хувийн өндөр хүүтэй зээл авч үйлдвэрлэл эрхэлж байгаа эзэд бүтээгдэхүүний үнэд зээлийнхээ хүүг шингээх нь тодорхой. Тэр хэрээр эцсийн хэрэглэгчдэд энэ нь үнийн дарамт болж буух нь бүр ойлгомжтой юм. Замбараагүй том төсөв, хэтэрхий их халамж, Засгийн газрын төслүүд Монголын эдийн засаг дахь томоос том асуудал болоод байгааг, түүнээс нь болоод зээлийн хүү болоод инфляци зэрэг өсч, “үнийн оньсого” бүрэлдээд буйг Монголбанкны мэргэжилтэн Б.Лхагважав шүүмжилсэн.  Дөрөвдүгээр сард 17,8 хувьтай байгаа инфляци ирэх долдугаар сард оргилдоо хүрнэ гэсэн эдийн засагчдын анхааруулгаар бол сонгуулийн дараа Монголын эдийн засагт хямрал нүүрлэж магадгүй байна. 

Огцом буурсан ядуурал сонгуулийн дараа өсөх үү

Өнгөрсөн хавар Үндэсний статистикийн газраас гаргасан ядуурал буурсан гэх өнгөцхөн гоё судалгааг дагалдах бараан сүүдэр нь өнөөдөр ажилгүйдэл нэмэгдсэн явдал. Ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр ядуурал тэлдэг нь бичигдээгүй хууль юм хойно, огцом буурсан ядуурлын төвшин сонгуулийн дараа бас огцом  өсч магадгүй байна.  Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар Монгол Улс хүн амынхаа ядуурлын төвшнөөр шилжилтийн эдийн засагтай орнууд дотроо эхний таван байрт багтжээ. Өнгөрсөн хоёр жил Засгийн газар иргэдийг мөнгөөр угжсан. Бэлэн мөнгө тараалт ирэх зургадугаар сараар дуусгавар болох бөгөөд энэ нь эмзэг бүлгийнхэнд, ялангуяа ажилгүй, ядуу өрхөд хүндхэн асуудал болчихоод байгаа. Дээрээс нь сонгуулийн дараа оюутны сургалтын төлбөрийг төр даахаа болих нь нэгэнтээ тодорхой болсон.  
Цатгалдсан төсвийг хумих хууль хэрэгжинэ

Сонгуулийн дараа цатгалдсан төсвийг хумих хууль хэрэгжинэ. Гэхдээ зургаан сарын дараагаас. Эдийн засгийн ухааны доктор М.Батмөнх “Өнгөрсөн 20 жилд Монгол Улсын эдийн засгийн бүтэц улам доройтсон. Бүтээмж багатай, эцсийн бүтээгдэхүүн гаргадаггүй “анхдагч” гэж нэрлэгддэг хөдөө аж ахуйн болон уул уурхайн олборлох салбар эдийн засагт 50 хувийг эзэлж байгааг дуулгасан. Монголын эдийн засаг алт, зэс, нүүрс гээд ердөө уул уурхайн голдуу  7-8 нэрийн экспортын барааны дэлхийн зах зээлийн үнээс хамааралтай болсон” талаар саяхан болсон талаар  “Mining Mongolia 90” чуулга уулзалтын үеэр хөндсөн билээ. Зэсийн дэлхийн зах зээлийн үнэ Монгол Улсын төсвийг байнга тогтворгүйжүүлсээр ирсэн бөгөөд улмаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн баталсан юм. Гэхдээ энэ хууль 2013 оноос л хэрэгжинэ. 2013 оноос төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа чанд мөрдөөд эхэлбэл инфляцийн дарамт эрс суларч эдийн засгийн халалтын сөрөг үр дагаврууд багасах хандлагатайг улстөрчид ярьдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөв хэт цатгалдсан. Цатгалан төсвийг гэнэт хумьчихвал эдийн засаг хямрах нь тодорхой.  Төсвийн хүрээний тодотголоо 4,4 их наядаар баталсан улстөрчид маань үүнийг урьдчилан харсан байлгүй дээ.

Сонгууль болдгоороо болно. Харин хямралын шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн эдийн засаг маань ингэхэд яах бол оо. Эрүүлжих болов уу, эвгүйтэх болов уу.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж