
Пержевальскийн адуу хэмээн нэрлэж заншсан зэрлэг адууг Монгол, Хятадад амжилттай нутагшуулсан билээ. Хоёр орны амьтан судлаачид зэрлэг адууны тоо толгойг нэмэгдүүлж, генетикийн өвөрмөц шинжийг хадгалж үлдэх, амьдрах магадлалын коэффициентыг нь сайжруулах зорилгоор зэрлэг адуунуудыг Монголд авчирчээ. Пержевальскийн адуу Монголын тал нутаг болон одоогийн Хятадын Шинжиань Уйгурын автономит бүсэд нутаглаж байсан түүхтэй. Гэвч XIX зууны эхээр энэ зэрлэг адууг хулгайн анчид ихээр авласнаас болж, тоо нь толгой нь хорогдсоор, мөхлийн ирмэгт тулсан юм. Пержевальскийн адуу одоо ердөө 1500-аадхан тоо толгой үлджээ.
Хятад 1985 оноос мөхлийн ирмэгт тулсан зэрлэг адууг хамгаалах хөтөлбөр боловсруулж, Шинжиань Уйгурын зэрлэг адуу үржүүлгийн төвд Их Британи, Герман, АНУ-аас зэрлэг адуу авчран нутагшуулсан байна. Тус төв тахийг 2001 онд тусгай хамгаалалтын бүсэд тавьж, идээшлүүлсэн аж. Шинжиань Уйгурын зэрлэг адуу үржүүлгийн төвийн хамгаалалтад байсан 74 зэрлэг адуунаас 57 нь амьд үлдэж, амьдрах магадлалын коэффициент 70 хувь болсон аж. Тус төвд одоогийн байдлаар 267 тахь нутагшиж байгаа юм байна. Монголд авчирсан дөрвөн тахийг тээвэрлэхийн өмнө 30 хоног тусгаарласан бөгөөд тэдгээр зэрлэг адууг Их говийн дархан цаазат газрын ижил сүрэгт нийлүүлжээ. Их говийн дархан цаазат газарт 60 гаруй тахь байдаг гэнэ. Монголд авчирсан дөрвөн тахь гурваас таван настай бөгөөд үржилд ороход хамгийн тохиромжтой үе хэмээн Шинжиань Уйгурын зэрлэг адуу үржүүлгийн төвийн захирал Као Жи ярьсан байна.
Хятадаас авчирсан зэрлэг адуунуудыг шинэ газар нутагт идээшиж дасах хүртэл эхлээд хэсэг хугацаанд тусгаарлаж, аажмаар зэрлэг байгальд нутагшуулах юм байна. Монгол, Хятад хоёр орон ойрын хугацаанд Герман, Их Британи, АНУ зэрэг орнуудтай зэрлэг адуу солилцохоор төлөвлөж буй талаар тус салбарын нэгэн мэргэжилтэн ярьсан байна.