Дидье Дрогба: Аварга боллоо, багаа орхих цаг ч болж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Дидье Дрогба: Аварга боллоо, багаа орхих цаг ч болж байна

Английн хөлбөмбөгийн “Челси” багийн довтлогч Дидье Дрогба багаа Аваргуудын лигт түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Бөмбөгний төлөө эцсээ хүртэл тэмцдэг, хууралт, цохилт сайтай түүнийг “Челси”-гийн хөгжөөн дэмжигчид хамгийн шилдэг нь хэмээн магтаж байна. Дрогба”World Soccer”-т ярилцлага өгчээ.

– Танай баг олон жилийн мөрөөдлөө биелүүлж чадлаа. Үүнд таны зүтгэл их нэмэр болсон гэж олон хүн санал нэгтэй хэлж байна?

– Би ганцаараа багаа чирч яваад аварга болгосон гэвэл дэндүү утгагүй тайлбар болно. Манай баг аварга болох ёстой байсан.

– Уучлаарай,”Бавари” тоглолтын туршид илүү байсан гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Бид өөрсдийгөө муу тоглосон гэж бодохгүй байна. Шигшээ тоглолтод муу баг шалгарна гэж байхгүй шүү дээ. Яахав,”Бавари” хожих магадлал,боломж илүү байсан нь үнэн л дээ. Гэвч эцсийн дүнд бид хожиж чадсан.

– Нэг талаар бас аз ивээсэн?

– Тийм л дээ. Гэхдээ хүчтэйг нь аз түшдэг шүү дээ.

– Рибери дээр алдаа гаргаж өрсөлдөгч багтаа торгуулийн цохилт “бэлэглэсэн” үед танд юу бодогдож байв?

– Маш хэцүү байсан. Ингээд л бид хожигдлоо гэж үү хэмээн бодогдож өвдөг сөхрөн суумаар санагдсан шүү.

– Торгуулийн цохилтоор аваргыг тодруулах мөчид таныг ихэд сандарч байсан гэх юм?

– Эхний цохилтыг Мата алдсаны дараа миний хувьд сандарсан нь үнэн л дээ. Би эгзэгтэй олон тоглолтод оролцож байсан ч ингэж их сандарч байгаагүй. Харин оноо тэнцээд ирэхэд бага зэрэг тайвширсан л даа. Шийдвэрлэх цохилтыг би тайван гүйцэтгэж чадсан. Аваргуудын лигт түрүүлэхийг олон жил мөрөөдөж явсан болохоор их баярласан л даа. Одоо ч үнэндээ итгэж чадахгүй л явна. Анх багийн эзэн Абрамович бидний үеийнхнээр багаа бүрдүүлж байхдаа Аваргуудын лигт түрүүлэх зорилго тавьж байсан юм. Зорьсондоо хүрч чадсан нь бид бүгдийн хамтын амжилт юм.     

– Мэргэжилтнүүдийн  яриагаар бол “Челси”-гийн нэг үе солигдох цаг нь болсон гэж байгаа. Мэдээж үүнд та бас орно. Үнэхээр та нар зайгаа тавьж өгөх болсон гэж үү?

– Магадгүй л юм. Аливаа зүйлд цаг хугацаа гэж том шалгуур байна шүү дээ. Терри,Лэмпард бид нар олон жил тоглолоо. Нэг л өдөр бидний тус хэрэггүй болно. Энэ бол ойлгомжтой. Харин тэр цаг нь одоо юу эсвэл дараа юу гэдгийг бид мэдэхгүй. Дасгалжуулагч, багийн эзэн л үүнийг тодорхойлно. Мэдээж манай багт одоо маш их өөрчлөлт орно. Олон тоглогч багаа орхих байх. Бас олон шинэ тоглогч ирэх байх.

– Таны гэрээ дууссан. Та гэрээгээ сунгах уу?

– Үгүй гэж бодож байна. Би энэ багт олон жил тоглолоо. Зайгаа тавьж өгөх цаг болсон байх. Бас аварга боллоо,багаа орхих цаг ч болж байх шиг байна.

– Багийн удирдлагын зүгээс гэрээ сунгах санал тавиагүй юм уу?

– Тодорхой санал байсан.Харин надад өөрийн гэсэн бодол,хүсэл байна. Гэхдээ эцсийн шийд гараагүй л байна.  

-Дасгалжуулагч Ди Маттео багтаа үлдэх болов уу?

– Би хувьдаа түүнийг багтаа үлдээсэй гэж бодож байгаа. Манай багийн олон тоглогч яг ингэж хүсч байгаа юм. Гэхдээ эцсийг шийдийг багийн удирдлага л гаргана шүү дээ.

– Хэрвээ та  “Челси”-д үлдвэл өндөр төвшинд тоглож чадна гэж бодож байна уу?

– Ямар хэцүү асуулт вэ.

– Танд нэг төсөөлөл байгаа биз дээ?

– Чадахын төлөө л тоглоно шүү дээ.

– Таныг өөр багт очих нь,бас зээлээр “Милан”-д явж магадгүй нь гэсэн яриа их гарч байсан. Бас Оросын “Анжи” байна. Энэ бүгдийг тойрсон үнэн худал нь мэдэгдэхгүй ярианд та ямар хариулт өгөх вэ. “Челси”-г орхих нь тодорхой болж байгаа энэ үед бүр ч их сонирхол татаж байна?

– Үнэхээр тийм яриа гарч байсан нь үнэн. Одоо ч гарч байна. Энэ асуудлаар менежер маань ид ажиллаж байна. Италийн “Милан” багийн хувьд намайг зээлээр авах гэж санал тавьж байсан. Тэдний саналыг эхэндээ хүлээж авахад ойрхон байсан. Харин багийн эзэн Роман Абрамович эцсийн мөчид татгалзсан хариу өгсөн.Тэгээд л би үлдсэн. Үнэнийг хэлэхэд зээлээр “Милан”-д тогломооргүй байна гэдгээ би Роман Абрамовичод хэлсэн л дээ. Тэр ч миний хүсэлтийг биелүүлсэн.

– Танд их найдаж байж дээ?

– Тийм. Би түүнд их талархаж явдаг юм. Тэр бол гайхалтай сайн удирдагч. 

– Тэгвэл Оросын “Анжи”-гийн саналыг яагаад хүлээж аваагүй юм бэ. Тэр багт Роберто Карлос,Это,О нар байгаа. Энд авч байгаа цалингаас чинь хавьгүй илүүг амласан юм биш үү?

– Оросын баг үнэхээр мөнгөөр зодож оддыг багтаа авч байгаа гэсэн. Надад энэ талаар “Анжи”-гийн төлөөлөгч танилцуулсан л даа.

-Тэгээд?

– Би мөнгөний төлөө өөрийгөө худалдахыг хүсээгүй юм. Үнэндээ муу нэр л зүүнэ шүү дээ. Тэгээд ч юугаа бодож Орост очих билээ.Тэнд тоглоод зодог тайлна гэхэд санаанд багтахгүй байсан юм. Магадгүй би буруу бодож байж болох юм. Оросууд хөлбөмбөгийг англиуд шиг сайн ойлгодог гэдэгт итгэхгүй байна. Гэхдээ тийшээ очихыг хүсээгүй хамгийн гол шалтгаан бол энэ биш. Үнэнийг хэлэхэд би анх “Челси”-д ирэхдээ Роман Абрамовичоос нэг зүйлийг гуйсан юм. Миний ямар ч сонголтыг хүндэтгэж үзээрэй гэж. Тэр зөвшөөрсөн. Ийм л юм.

– Энэ улиралд Дрогба зүгээр л сүүдэр төдий болжээ гэж шүүмжлэх хүн олон байсан. Олон гоол оруулахгүй байхыг бодохоор үнэхээр ч тийм юм шиг. Харин та энэ талаар ямар бодолтой байна вэ?

– Шүүмжлэл бол мэргэжлийн хөлбөмбөгчдийг байнга дагалдаж явах ёстой. Энэ үүднээс нь харвал би дээрхи яриаг огт тоохгүй байгаа. Харин дасгалжуулагчийн зүгээс ийм яриа гаргавал өөр хэрэг.

– Тэгвэл дасгалжуулагч таныг шүүмжилж байсан уу?

– Шууд л чи  муу байна гэж хэлээгүй л дээ. Гэхдээ дотроо бол миний  тоглолтод сэтгэл хангалуун бус байгаа нь мэдээж.

– Гэхдээ та гэмтлийн улмаас олон тоглолт өнжсөн.Үүнийг дасгалжуулагч бас харгалзаж үзсэн байлгүй дээ?

– Тэр ч тийм. Гэхдээ багийн удирдлагын хувьд намайг гэмтсэн гээд толгой илэхгүй. Тэд надад мөнгө төлж байгаа. Би талбайд гарч сайн тоглох ёстой. Ердөө ийм л юм. Гэтэл би санасандаа хүртэл тоглохгүй байсан.

– Та өөрийгөө ерөөсөө хамгаалахгүй юм. Уг нь гэмтэл бүгдийг л дайрдаг шүү дээ?

– Тийм ээ,хамгийн гол нь би өөрийгөө зөвтгөх бус өөртөө шаардлага тавьж байж л өмнөх шигээ сайн болно. Нэг ёсондоо би өөрөө өөртэйгээ өрсөлдөж явна.

– Гэмтэл бүрэн эдгэрсэн үү. Таныг гэмтэлтэй байсан ч талбайд гарахыг хүсдэг гэж ярьдаг?

– Арай дэгсдүүлсэн яриа байна. Эмч зөвшөөрөл өгөөгүй байхад би талбайд гарах эрхгүй шүү дээ. Яахав,бүх тоглогч л гэмтэлтэй байсан ч талбайд гарч багтаа туслахыг хүснэ шүү дээ. Гэмтлийн хувьд  гайгүй болсон. Ер нь миний бие их сайн шүү дээ. Багадаа л ийм биетэй байсан,одоо ч адил.

– Багийн тоглолт муудахад хамгийн түрүүнд дасгалжуулагч шүүмжлэлд өртдөг. Виллаш Боашийг огцруулах шийдвэр гарахад хэрхэн хүлээж авсан бэ?

– Их хэцүү байсан. Тэр манай багт удаагүй шүү дээ. Богино хугацаанд амжилт гаргана гэдэг маш хэцүү. Гэхдээ нэгэнт л багийн удирдлага шийдвэр гаргаж байхад дагахаас өөр яахав.

– “Челси” Премьер лигт хангалтгүй тоглосон. Үүний бурууг дасгалжуулагчтай холбон тайлбарлаж байгаа?

– Боашаас болоод манай багийн тоглолт муудсан гэдэгтэй санал нийлэхгүй. Ер нь энэ тааруу байдал Анчелоттигийн үеэс эхэлсэн.Тэр нь явсаар өнгөрсөн улиралд тод илэрч байгаа юм. Ер нь байдал ийм болсонд тоглогчид л буруутай. Бид л муу байгаагаас болж асуудал гараад байна шүү дээ. Гэхдээ Аваргуудын лигийн ялалт энэ бүхнийг арчин хаясан болов уу. Ирэх улиралд байдал шал өөр болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

– “Манчестер сити”-гийн талаар юу хэлэх вэ. Тэдний ялалтыг тохиолдлынх байсан гэж ярих хүн олон байна?

– Хөлбөмбөгт тохиолдлын зүйл гэж байдаггүй. Тэд сайн тоглосон болоод л аварга болсон. Мэдээж “МЮ”-гийн хөгжөөн дэмжигчид сэтгэл хангалуун бус байгаа.

“СПОРТЫН ШУУДАН” сонин
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж