Путин Медведевийн Засгийн газрыг зарлав

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Путин Медведевийн Засгийн газрыг зарлав

Оросын ерөнхийлөгч Владимир Путин даваа гаригт  төрийн тэргүүн асан Дмитрий Медведевийн толгойлох шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлав. Медведев зургаан энгийн орлогчтой байна. Ерөнхий сайдын шинэ орлогчоор Медведевийн туслах байсан Аркадий Дворкович ба Москва хотын захиргаанд ажиллаж байсан хатагтай Ольга Голодец нар ажиллах аж.

Ольга Голодец нийгмийн багцыг толгойлно. Тэрээр Москвагийн улсын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөн Оросын Шинжлэх ухааны академийн Ажил эрхлэлтийн хүрээлэнд ажиллаж байсан. Мөн “Реформуголь” сангийн нийгмийн төслүүд дээр ажиллаж байгаад  “Норильский никель” компанид найман жилийн турш боловсон хүчний асуудал хариуцаж ирсэн юм. Тэрээр сүүлийн жил хагасын дотор Москва хотын захиргааны нийгмийн багцыг хариуцаж иржээ. Голодец асуудалд оновчтой бизнес хандлагатай гэж ойр дотныхон нь хэлдэг. Харин түүнд нийгмийн бодлогын хүрээний туршлага тутмаг гэнэ. Мөн түүнийг Михаил Прохоровтай холбоотой гэдэг тул Засгийн газарт суугаа төлөөлөгч нь гэж болохоор гэсэн яриа ч байгаа.

Ерөнхий сайдын орлогчоор өмнө ажиллаж байсан Дмитрий Козак, Владислав Сурков (одоо тэрээр Засгийн газрын аппаратын тэргүүн), Дмитрий Рогозин ба Александр Хлопонин нар үргэлжлүүлэн ажиллана. Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор Игорь Шувалов ажиллана.  Харин түлш, эрчим хүч хариуцаж байсан Путины гэгдэх Игорь Сечин, ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Виктор Зубков нар албаа өгчээ.

Рашид Нургалиев Дотоод хэргийн яамны тушаа­лаа Москвагийн цагдаагийн байгууллагыг толгойлж байсан Владимир Колокольцевт шил­жүү­лэв. Александр Авдееваас Соёлын сайдын аж­лыг Төрийн думын “нэгдсэн Орос намын” депу­тат Владимир Мединский, Боловсролын сайд Анд­рей Фурсенког Дмитрий Ливанов нар хүлээн авч байна. Сангийн сайдаар  Антон Силуанов үлдсэнийг бодлогын залгамжлал гэж яамныхан нь үзэж байгаа аж. “Антон Германович бүх насаараа Сангийн яаманд ажилласан учир албаа таван хуруу шигээ мэддэг” гэж ярьж байна.

Анатолий Сердюков Батлан хамгаалахын сайдаар үлдсэн нь уг яманд хийж байгаа шинэчлэлийг удирдан хийлгэж байгаас үүдэлтэй аж. Мөн Оросын армийг шинээр зэвсэглэх өргөн хөтөлбөр явагдаж байгаа. Виталий Мутко Спортын сайд хэвээр үлдлээ. Өнгөрсөн онд муугүй орлоготой гэж мэдүүлж байсан сайд Сочийн олимпод бэлтгэх мөн спортын холбоодыг хэрэлдүүлэхгүй байх үүргээ үргэлжлүүлнэ. Гадаад хэргийн сайдаар Лавровыг үлдэнэ гэж аль нэгдүгээр сард ярьж байсан нь ёсоор болов.

Эрчим хүчний сайдаар өмнөх сайд Сергей Шматкогийн орлогч байсан Александр Новак томилогдов. Сайдын үүргийг 2012 оны хоёрдугаар сараас гүйцэтгэж байсан орлогч сайд асан  Денис Мантуровыг  Аж үйлдвэрийн сайдаар жинхлэв.

Эдийн засгийн хөгжлийн яамыг өмнөх сайд Эльвира Набиуллинагийн орлогч байсан Андрей Белоусов толгойлно. Харин Эльвира Набиуллина, ерөнхийлөгчийн аппаратад эдийн засгийн зөвлөхөөр ажиллах бололтой. Олны өмнө төдийлөн гараад байдаггүй, нөлөө бүхий энэ эмэгтэйд зөвлөхийн ажил сайн тохирно гэсэн яриа байгаа юм. Шинэ сайд Белоусов 2008 оны долдугаар сараас Засгийн газрын аппаратын Эдийн засаг, санхүүгийн салбар хариуцсан албыг толгойлж иржээ. Тэр алба нь төсөв, улсын хөрөнгө оруулалт, Гадаад эдийн засгийн банк, хөрөнгө оруулалтын уур амьсгал зэрэг асуудлаар ажиллаж байв. Үүний өмнө орлогч сайд болохдоо Макро эдийн засгийн судалгаа дүгнэлт хийх төвийг байгуулан ажиллаж байлаа. Тэрээр эдийн засагт улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө байдаг учраас одоо эдийн засгийг улсаас хянах ажил улам ихсэнэ гэсэн  дүгнэлт байгаа. Гэхдээ түүнийг зах зээлийн эдийн засагч хүн гэх шинжээчид ч байгаа юм.

Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамыг хоёр тусдаа яам болгож, Хөдөлмөрийн яамыг нь Максим Топилин, Эрүүл мэндийн яамыг нь Вероника Скворцова нар толгойлох болов. Тэд өмнөх сайд Татьяна Голиковагийн орлогчоор ажиллаж байсан юм. Москва хотын Эрүүл мэндийн албаны дарга Леонид Печатников сайд болохоос татгалзсаны дараа эмчийн мэргэжилтэй Скворцоваг сайдад санал болгосон гэх яриа бий. Тэрээр зүрх судасны нэртэй мэргэжилтэн ба үндэсний төсөлд нь бүсүүдийн төвийг байгуулах  санааг оруулж өгсөн гэнэ. Харин орлогч сайд байхдаа зохион байгуулах авъяасаа харуулж чадаагүй гэдэг.

Урт хугацааны турш хаягдаад байсан хөдөлмөрийн харилцааны асуудлыг зохицуулах, ажил олгогч ба ажиллагсадын сонирхлын тэнцвэрийг олох, улсын зарлагыг  эмнэлгийн хуудас ба даатгалд хамрагдах зэрэг  гол үүргийг Топилин гүйцэтгэнэ. Мөн тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг шинэ яам хариуцна. Эдийн засгийн албан бус салбар эрчимтэй хөгжин эдийн засгийн өсөлтийн дагуу хөдөлмөрийн харилцааг шахаж ирсэн учраас энэ бодлогыг өөрчлөх үүрэг Голиковагийн удирдлага дор консерватор болсон түүнд ирж байна.  Топилин юу хийж чадахыг харья гэсэн дүгнэлтийг шинжээчид өгч байгаа ажээ. Голикова одоо ерөнхийлөгчийн нийгмийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллах бололтой. Энэ хатагтай нөлөө нийгмийн салбарт хүчтэй хэвээр үлдэнэ гэж ярьж байгаа.

Хөдөө аж ахуйн яамыг Елена Скрынникаас Николай Федоров хүлээн авна.  Тэрээр хэдэн жилийн турш Чувашийн автономийг толгойлсон бөгөөд Владимир Путины Бүх Оросын фронт гэх хөтөлбөрийг санаачлагч гэдгээр орсуудад танил. Тээврийн сайдад ОХУ-ын Засгийн газрын Аж үйлдвэр ба дэд бүтцийн асуудал эрхэлсэн албаны дарга асан Максим Соколов дэвшлээ.

 Бүсийн хөгжлийн сайдаар Кремлийн аппаратад ажиллаж байгаад Төв тойргийн ерөнхийлөгчийн бие төлөөлөгч болсон Олег Говорун томилогдож байна. Сайд асан Виктор Басаргин одоо Пермийн хязгаарыг толгойлох болов. Алс Дорнодын хөгжлийн яам гэх шинэ байгууллагын сайдаар Виктор Ишаев тодорч, мөн Алс Дорнодын холбооны тойргийн ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөө шинэ тушаалтайгаа хамтруулан хийхээр болов.

Игорь Щеголевын удирдаж байсан Холбооны яамыг Татарстан улсын ерөнхий сайдын орлогч байсан Николай Никифоров толгойлно. Эрдэс баялаг, экологийн сайдаар Сергей Донской, Онцгой байдлын сайдаар Шойгугийн орлогч байсан  Владимир Пучков нар томилогдсон бол Хууль зүйн сайдаар Сергей Коновалов хэвээр үлдэв. “Нээлттэй Засгийн газартай” харьцах асуудлыг  хариуцсан сайдаар өмнө нь энэ ажлыг хариуцаж байсан Михаил Абызов ажиллана.

Медведев танхимын бүрэлдэхүүний талаарх саналаа тавдугаар сарын 15-нд Путинд танилцуулжээ. Засгийн газар ихээхэн шинэчлэгдэнэ гэж яриа гараад байсан бөгөөд зөвшилдөөн нэлээд хугацаанд үргэлжилсэн. Ирээдүйн Засгийн газрын үндсэн асуудал нь энэ яриа хэлцэлд орсон хүнийхээр бол шинэчлэлд сэтгэлгүй, ихэнх сайд нар нь Медведевийн Засгийн газрынхаа үндсэн хөтөлбөр болгон зарласан 2020 он хүртэл Оросыг хөгжүүлэх стратегид хайнга ханддаг хүмүүс ажээ. “Энэ бүх байдлаас болоод шаардлагатай шинэчлэлийг хэрэгжүүлэхэд нэг жил орчмын саатал гаргах бөгөөд цаашдаа шинэчлэлээс татгалзахад хүргэх аюултай. Учир нь хоёр жилийн дараа сонгуулийн цуврал эхэлнэ” гэж  шинжээч хэлж байна. Мөн өмнөх  Засгийн газрын нөлөө хүчтэй байх бөгөөд хуучин сайд нар нь ерөнхийлөгчийн албанаас бодлогод нь хүчтэй нөлөөлөх талтай гэж холбооны төвшний том тушаалтнуудын нэг  нэрээ нууцлан хэлжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж