-Манай байнгын хорооны хувьд энэ хуулийг Монгол Улсад хэрэгтэй хэмээн үзэж байгаа. Энэ хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гардан хэлэлцсэн, сүүлийн хувилбар нь манай байнгын хороогоор орсон. Улс орны аюулгүй байдлаас чухал үнэ цэнэтэй зүйл үгүй. Эдийн засгийн хөгжлийг хангахаас гадна тодорхой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохист хэмжээнд байлгаж байх ёстой. Ганцхан Монголд л шинэ зүйл гаргаж ирсэн юм биш, бусад олон улсад ч энэ хуулийн зохицуулалт түгээмэл байдаг юм байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль батлагдсанаар гадныхан үргээд явчихгүй. Мөн энэ хууль эргэж үйлчлэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэрээ нь хийгдчихсэн уул уурхайн салбарынханд хамааралгүй. Харин шинээр үйл ажиллагаа эрхлэх газруудад мөрдөгдөнө.
Урьд нь хөрөнгө оруулах гэж буй компани Гадаадын хөрөнгө оруулалтын газар мэдүүлгээ өгөөд хөрөнгөө оруулдаг байсан. Одоо стратегийн ач холбогдолтой гэсэн салбарт болон төрийн өмчийн оролцоотой компани Монголд хөрөнгө оруулах бол гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхлэх байгууллага нь өргөдлийг нь хүлээн авч судлаад зарим тохиолдолд буцаах боломж бий болж байгаа. Хөрөнгө оруулалт нь улсын аюулгүй байдалд харш гэж үзвэл зөвшөөрөхгүй гэсэн үг. Харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг харьцангуй дэмжсэн эрх зүйн орчинг бий болгосон. Энэ хуулийн талаар гадныхан ч ам сайтай байгаа.
Тухайн салбарт гадны хувийн хөрөнгө оруулалтын компанийн хувийг гуравны нэг буюу 33-49 хувь хүртэл бол асуудалгүй гэж байгаа. Харин 49 хувиас дээш хөрөнгө оруулалт оруулахаар болбол Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авна. Гадаадын төрийн болон олон улсын байгууллагуудын хувьд бол нэг хувийн хөрөнгө оруулах байсан ч Монголын Засгийн газраас зөв-шөөрөл авах ёстой гэж тусгасан. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа УИХ-ын дэд дарга Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Анх өргөн барьсан хувилбарт нь арай хэтрүүлсэн зүйлүүд байсныг бид засаж, сайжруулсан. Одоо бол асуудалгүй.