Стратегийн ач холбогдол бүхий салбарт баримтлах хуулийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Стратегийн ач холбогдол бүхий салбарт баримтлах хуулийг танилцуулав

УИХ-аас батлаад удаагүй байгаа Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн үзэл баримтлалын талаар Гадаад харилцааны яамнаас өнөөдөр Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд нарт танилцуулга хийлээ. Танилцуулгыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй тус яамныхан хийсэн юм. Элчин сайдуудын хувьд яг ямар салбарыг стратегийн ач холбогдол бүхий салбар гэж хуульчилсан. Гадаадын хөрөнгө оруулалт тухайн нэрлэсэн салбаруудад чухам хэдэн хувь байж гэмээнэ хуульд нийцэх, хувь эзэмшлийн дээд хязгаарыг хэдээр тогтоов гэсэн асуултыг түлхүү тавьж хариулт авсан юм.

Харин албаныхан тэдэнд дараах хариулт өгөв. Тухайлбал, стратегийн ач холбогдол бүхий салбарт уул уурхай, эрдэс баялаг, банк, холбоо харилцаа, хэвлэл мэдээллийн салбар хамаарах болж буйг онцоллоо. Эл салбарт гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 500 хүртэл тэрбум төгрөг байхад асуудалгүй, гагцхүү хувь хэмжээ 49 хувиас хэтрэх ёсгүй. Хэрвээ хувь эзэмшил 49 хувийг давах бол түүнийгээ Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор мэдэгдэнэ. Монгол Улсын Засгийн газар нь эл асуудлыг УИХ-д оруулж ирж, зөвшөөрөл авна.  Харин дээр заасан 49-өөс дотогш гадаадын хувь эзэмшил яригдаж байгаа тохиолдолд Засгийн газар асуудлыг шийдвэрлээд явна гэдгийг албаныхан онцолсон юм. Гэхдээ энэ заалт нь зөвхөн гадаадын хувийн хэвшлийн оролцоотой компаниудад үйлчилнэ гэдгийг тодотголоо. Учир нь хуульд төрийн өмчийн оролцоотой компанийн хөрөнгө оруулалт дээрх салбарын аль нэгд орж ирнэ гэвэл нэг хувь ч байсан зөвшөөрөл авахаар хуульд заалт оруулсныг мэдэгдлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж