Үндсэн чиглэлийг 4,4 их наяд төгрөгөөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Үндсэн чиглэлийг 4,4 их наяд төгрөгөөр хэрэгжүүлнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ хаврын чуулганаараа хэлэлцэж  батлах учиртай. Тиймээс уг баримт бичгийг чуулган түр завсарлахын өмнөх өдөр шуурхайлан баталсан юм.

Үүнтэй холбогдуулж УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Буд, Хөгжил, шинэтгэлийн үндэсний хорооны дарга Л.Хашчулаан нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Эхлээд Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Буд мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, шинэ Засгийн газрын үйл ажиллагааны эхлэл болохоороо онцлог юм гэдгийг эхлээд онцлов. УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр шинээр байгуулагдах УИХ, Засгийн газар 2013 оны үндсэн чиглэлийг өөрийн бодлого, сонгуулийн мөрийн хөтөлбөрт нийцүүлэн тодотгох боломжтой гэдгийг ч хэллээ. Ялсан нам өөрийнхөө мөрийн хөтөлбөрт нийцүүлэн үндсэн чиглэлд тодотгол хийх учиртайг тайлбарлав..

Гол тоонуудыг дурдвал Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь нийт зургаан бүлэг, 26 зорилт, 171 арга хэмжээтэй бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд нийтдээ 4,4 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдах ажээ.

Мөн ирэх жил Эдийн засгийн бодит өсөлтийг 19 хувьд хүргэж, оны үнээр тооцсон ДНБ-ий хэмжээ 19 их наяд төгрөгт хүргэхээр тооцжээ.Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 4900 ам доллар болж гадаад валютын цэвэр албан нөөц 4,1 тэрбум ам доллар болох ажээ.  Хүн ам ирэх онд хоёр хувиар өсөх бөгөөд ажилгүйдлийн төвшинг 6,1 хувьд барихаар болжээ.

Ам.долларт харьцах монгол төгрөгийн харьцааг 1326,4 төгрөг байна гэж үзжээ.

Хөрөнгө оруулалтын 38 хувийг дотоодоосоо ханган гэж үзсэн байна. Хөрөнгийн биржийг Лондонгийн хөрөнгийн биржийн зарчмаар ажиллуулахаар болжээ. Төсвийн алдагдлыг ДНБ-ний хоёр хувиас хэтрүүлэхгүй гэжээ. Цаашдаа Монголбанкны бодлогын хүүг бууруулахаар болсон байна. Арилжааны банкинд өрсөлдөөн нэвтрүүлж зөвхөн инфляцийг онилох бус арилжааны банкны үлдэгдэлд суурилж эдийн засгаа хөгжүүлэх талаар тусгасныг Л.Хашчулуун дарга тайлбарлалаа.

Үндсэн чиглэлийн төслийг Төсвийн тухай хуульд заасны дагуу 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэлтэй нягт уялдуулан боловсруулжээ. Уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж, олборлолтын үйл ажиллагаагаа 2013 онд эхэлж, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтад чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр эдийн засаг харьцангуй өндөр төвшинд хүрэхээр байгаа аж.

Үндсэн чиглэлд Монгол Улсын 2013 оны эдийн засгийн бодит өсөлтийг 19 хувь байхаар баталжээ. Эдийн засгийн гол тэнцлүүд болох төсөв, гадаад худалдаа, төлбөрийн тэнцлүүд эерэг гарч, макро эдийн засгийн тэнцвэртэй байдал хадгалагдахаар тогтоож өгсөн байна. Гэвч эрэлтийн хурдтай өсөлтийг дагаад инфляцийн төвшин нэмэгдэж болзошгүй байгаа бөгөөд  валютын дотогшлох урсгалын нөлөөгөөр төгрөгийн гадаад валюттай харилцах ханш чангарах хандлага байгааг анхаарч үзжээ.

Эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд инфяцийн төвшинг нэг оронтой тоонд байлгах бодлогыг 2013 онд авч хэрэгжүүлэх аж. Энэ хүрээнд нийлүүлэлтийг дэмжих бодлого баримталж үйлдвэржүүлэх хөтөлбөр, дэд бүтцийг хөгжүүлэх, мах, түлш, шатахууны нөөц бүрдүүлэх, Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг эхлүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгийг Р.БУд дларга онцоллоо. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ.

Нийлүүлэлтийг дэмжих үйлдвэржилтийн бодлогын хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг 2013 онд үргэжлүүлэх аж. Мах, сүүний үйлдвэр, барилгын материалын үйлдвэрүүдийг байгуулах, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангах бодлогыг мөн 2013 онд авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Монгол Улсын өрсөлдөх чадварт хамгийн их сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйл бол дэд бүтцийн хөгжил сул байгаа байдал гэдгийг Үндсэн чиглэлд анхаарсан байна. Дэд бүтцийг сайжруулахад эдийн засгийн эрчимтэй өсөлтийг тэтгэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, орон сууцжуулах асуудал хамгийн чухал асуудал гэж үзжээ. Иймд 2013 онд Улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан дэд бүтцийн дараах томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлнэ гэжээ.

Ирэх жил  Тавантолгой-Сайншандын төмөр замын барилгын ажлын дийлэнхийг, Тавантолгой-Гашуунсухайт, Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн төмөр замын барилгын ажлын 30 хувийг  хийж гүйцэтгэхээр болсон байна.Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 400 MBт-аас дээш хүчин чадалтай цахилгаан станц, Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, Чойр-Цагаан-Суврагын 220 кВт-ын Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилгын ажлыг 2013 онд эхлүүлэхээр төлөвлөжээ.

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих хүрээнд Төв аймаг, Сайншандад 50-52 МВт-ын хүчин чадалтай салхин парк байгуулж, Сэлэнгэ мөрний ай савд 300-350 МВт чадлын УЦС барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Зуун мянган айлын оронсууц хөтөлбөрийн хүрээнд баригдах хорооллуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор Улаанбаатарын Их тойруу дамжуулах сүлжээнд ЦДАШ, дэд станцуудыг байгуулна гэжээ. Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд 2013 онд 1400 км хатуу хучилттай авто замыг шинээр барьж, Улаанбаатар хотод 100 км хатуу хучилттай авто замыг өргөтгөж, сайжруулахаар төлөвлөжээ.

Эдийн засгийн бүтцийг сайжруулах, урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлогын хүрээнд Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолборын дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлэх, Чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх, Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах, Замын-Үүдийн эхний ээлжийн дэд бүтцийг барьж байгуулах, худалдааны гол түнш орнуудтай хийж буй худалдааг хөнгөвчлөх бодлогыг хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлд тусгасан байна. Үүнд: Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулж, АНУ-тай хийх Ил тод байдлын хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллана гэжээ.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн татварыг бууруулах, олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх асуудлуудыг 2013 оноос авч хэрэгжүүлнэ гэжээ. “Төрийн албанд өндөр мэргэжил, боловсрол, дадлага туршлагатай мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн албаны чадавхийг сайжруулах зорилгоор төрийн албаны ангилал, зэрэглэл, цалин хөлс, шагнал, урамшуулал, нийгмийн баталгааны тогтолцоог боловсронгуй болгох арга хэмжээ авна. Төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг эдийн засгийн өсөлт, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан, инфляцийн төвшинг харгалзан жил бүр тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байх бодлогыг хэрэгжүүлнэ” гэж мөн тусгажээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж