Афган бүсгүй хиймэл хамар хийлгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Афган бүсгүй хиймэл хамар хийлгэжээ

Хүчирхийлэгч нөхрөөсөө зугатах гэж оролдсоны төлөө шийтгүүлж, хамраа огтлуулсан афган бүсгүйн зураг Time сэтгүүлд нийтлэгдсэн нь дэлхийн нийтийг цочирдуулсан. Аиша Мохамедзай Талибаны харгис дэглэмийн үед хүчээр богтлогдож, хүчирхийллийн золиос болсон Афганы олон эмэгтэйчүүдийн нэг юм. Аиша Мохамедзайг 12 настайд нь сүй тавьсан аж.  Гэвч одоогоос дөрвөн жилийн өмнө бүсгүй харгис нөхөр, хатуу хадмуудынхаа дарамтыг тэвчиж чадалгүй гэрээсээ зугатах гэж оролдсонд хорссон хадмууд нь хамар чихийг нь огтолж, шийтгэжээ. Аиша одоо Америкт амьдралаа шинээр эхлэхийн зэрэгцээ хар дарсан зүүд шиг өнгөрсөн үеээ мартах гэж хичээж байгаа гэнэ. Гэр бүлийн хүчирхийллийн золиос болж, лалын хуучин ёс заншилд хүлүүлсэн бүсгүйд Өнгөрсөн 2011 онд АНУ улс төрийн орогнол олгожээ. АНУ-д очихдоо Аиша англиар ганц ч үг мэдэхгүй, тэр бүү хэл төрөлх Пашто хэлээрээ ч уншиж бичиж чаддаггүй байсан аж.

Аиша АНУ очсоныхоо дараа хиймэл хамар шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж, боловсрол эзэмшиж байгаа аж.  Талибаны дэглэмийн үед афган охидод боловсрол эзэмшихийг хүртэл хориглодог байжээ. Өнгөрсөн үеэс үлдсэн сэтгэлийн шархаа эдгээхэд Аишад сэтгэлзүйч тусалсан аж. Аиша хүчирхийллийн хар сүүдрээс ангижирч чадахгүй, өвдөлтийг дахин тэсвэрлэж чадахгүй байсан  тул хиймэл хамар шилжүүлэн суулгах мэс заслыг хойшлуулахаас өөр аргагүй болж байжээ. Аишаг 12 настайд нь аав нь өрийнхөө төлөөсөнд Талибаны нэгэн цэрэгтэй гэрлүүлэхээр сүй тавьсан аж. Харин хүчээр богтолж авсан хадмууд нь түүнтэй хэзээ ч хүн ёсоор хандаж байгаагүй бөгөөд хүчирхийлж, үхтэл нь зодсоныхоо дараа малын хашаанд хонуулдаг байсан гэдэг. НҮБ-ын шинжээчдийн мэдэгдэж буйгаар афган эмэгтэйчүүдийн 90 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийлэл дунд байдаг аж. Аиша харгислалыг тэвчиж чадалгүй зугатсан ч нөхөр нь барьж аваад хамар чихийг нь огтолсон юм.

Аиша сүүлд CNN –д өгсөн ярилцлагадаа  "Тэд миний хамар, чихийг огтлоход би ухаан алдсан. Шөнө дунд ухаан орох үед хамраас ус гарч байх шиг санагдаж, нүдээ нээх гэсэн боловч чадаагүй. Нүүр нил цус болсон байсан” хэмээн ярьсан юм. Ууланд үхлүүт хаягдсан Аиша мөлхсөөр гэртээ очсон бөгөөд аав нь түүнийг Афганистан дахь АНУ-ын цэргийн баазад хүргэсэн аж. Бүсгүй цэргийн эмнэлэгт 10 долоо хоног хэвтэж эмчлүүлсэн юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж