
Улаан данс нь Дэлхийн байгаль хамгаалах холбооноос (IUCN) тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу амьтан, ургамлын бүх зүйлийг ашигтай, ашиггүйгээр нь ялгаварлалгүй ижил түвшинд нарийн шалгуурын дагуу 10 үнэлгээний ангилалд дүйцүүлэн бүртгэдэг. Иймд энэ нь салбарын хэмжээнд баримтлах шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмж, лавлагааны шинжтэй мэдээллийн сан бүрдүүлэх материал болдог. 160 оронд гишүүнчлэлтэй Дэлхийн байгаль хамгаалах холбооноос барууны 200 гаруй орны ургамал, амьтны “Улаан данс”-ыг нэгтгэн гаргасан ба тодорхой хугацаанд тогтмол шинэчилдэг. Монгол Улсаас Хустайн байгалийн цогцолборт газар, Монголын байгаль орчныг хамгаалах холбоо гэсэн хоёр байгууллага тус холбоонд гишүүнчлэлтэй. Одоогоор Монгол орны хөхтөн, загас, хэвлээр явагчид, хоёр нутагтны “Улаан данс”, зүйлийн хамгааллын төлөвлөгөө хэвлэгдэж гарсан ба шувууны “Улаан данс” энэ онд хэвлэгдэхэд бэлэн болжээ.
Харин “Улаан ном” нь Амьтны аймгийн тухай хуулийн 6.1.2-д заасны дагуу нэн ховор, ховор амьтан, Байгалийн ургамлын тухай хуулийн 3.2-д заасны дагуу ургамлын нөөц, нөхөн сэргэх чадварыг харгалзан нэн ховор, ховор ангилалд оруулах замаар бүртгэн, хамгаалах арга хэмжээг тодорхойлдгоороо үндэсний хэмжээний бодлогын баримт бичиг юм. Монголын анхны “Улаан ном” 1987 онд хэвлэгдсэн. Үүний дараа 1997 онд хэвлэгдсэн “Улаан ном”-д нэн ховор, амьтан, ургамал нь дэлхийн ховор зүйлийн ангиллын статуст (IUCN) заасан “устсан” /Extinct/, “устаж болзошгүй” /Endangered/, “эмзэг” /Vulnerable/, “ховор” /Rare/ гэсэн ангилалттай тус тус тохирно гэсэн байдаг. Одоогоор ОХУ, Монгол, Казахстан, Австрали, Сингапур, БНАСАУ, Польш, Англи, Ирланд, Белорус, Чехословак, Изриаль, Турк, Ливан зэрэг 60-аад улс “Улаан ном”-той байна.
Уг ярилцлагаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн арга зүй, аргачлалаар өөрийн орны зэрлэг амьтан, ургамлыг данслан бүртгэж, Монгол орны хөхтөн, загас, хоёр нутагтан, хэвлээр явагчдын “Улаан данс” хэвлүүлж олны хүртээл болгосон суурь мэдээлэлд үндэслэн 1997 онд хэвлэгдсэн Монгол Улсын хоёр дахь “Улаан ном”-ыг шинэчлэх нь зүйтэй гэж эрдэмтэн судлаачид санал нэгдлээ. Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Л.Гансүх “Улаан ном”, “Улаан данс”-ны аль алийг шинэчлэн гаргахад салбарын эрдэмтэн судлаачдыг нэгдэн ажиллахыг зөвлөмж болгов.