Үндэсний аюулгүй байдал сэдвээр хэлэлцүүлэг хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Үндэсний аюулгүй байдал сэдвээр хэлэлцүүлэг хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран өнөөдөр “Үндэсний аюулгүй байдал ба хэвлэл мэдээлэл” сэдвийн дор хэлэлцүүлэг зохион байгууллаа.

УИХ-аас өнгөрсөн оны долдугаар сард Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн баталсан юм. Тус хуульд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах явдал төрөөс гадна иргэн бүрийн оролцоо чухал хэмээн зааснаараа 1994 онд баталсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаас онцлог болсон байна. Мөн улсын нууцад үл хамаарах бүхий л мэдээллээр иргэдийг бүрэн дүүрэн хангана гэж заасан юм байна. Энэ нь үнэн зөв мэдээлэлгүйгээс болж, иргэдийн дунд буруу ташаа ойлголт төрж мэдэх тул, мэдээлэл чөлөөтэй байх нь Үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал алхам болно гэж үзсэн юм байна.

Нөгөө талаас том гүрнүүд, том корпорациуд мэдээллээр дамжуулж үндэстэн улсыг хооронд нь хагаралдуулах, төрийг иргэдтэй нь дайсагналцуулах, эдийн засгийн эрх мэдлээ гүйцэлдүүлэх зэргээр улс үндэстний аюулгүй байдалд нөлөөлж эхэлсэн байна.  Тиймээс Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн цаад эздийг олон нийтэд зарлах. Үндэсний нийтлэл нэвтрүүлэгт мэдээллийн цагаа түлхүү зарцуулах зэрэг заалтуудыг оруулж өгчээ. Харамсалтай нь, хууль батлагдаад, бүтэн долоон сар болж байх энэ хугацаанд Засгийн газрын зүгээс хуулийг хэрэгжүүлэх хүрээнд ажиллаагүй байгаа нь хэлэлцүүлгийн шатанд тодорхой болсон юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж