НҮБ-ын цөмийн шинжээч Иранд очжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

НҮБ-ын цөмийн шинжээч Иранд очжээ

Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хоригоос болж, нэг баррель нефтийн үнэ 160 ам.доллар хүртэл өсч болзошгүй талаар тус улсын Сангийн сайд анхааруулжээ. Дээрх анхааруулгын дараа НҮБ-ын цөмийн “Watchdog” агентлагийн тэргүүн дээд хэмжээний уулзалт хийхээр Тегеранд өнөөдөр очжээ. Ираны албаны хүмүүс өнөөдөр Цөмийн энергийн  олон улсын агентлагийн газрын дарга, генерал Юкия Аманог нисэх онгоцны буудалд угтаж авсан талаар тус улсын үндэсний IRNA агентлаг мэдээлсэн байна.

Ю.Амано Тегеранд тус улсын цөмийн эрчим хүчний байгууллагын тэргүүн Аббасси Давани, Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Саид Жалили, Гадаад харилцааны сайд Али Акбар Салехи нартай уулзах гэнэ. Дээд хэмжээний уулзалтаар Цөмийн энергийн олон улсын агентлагийн санаа зовж буй Ираны нууцлаг цөмийн хөтөлбөрийн асуудлыг ил болгож, цөмийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гарцыг хайх юм байна. Иран цөмийн хөтөлбөрийн хүрээнд цөмийн зэвсэг үйлдвэрлэхээр төлөвлөж буй гэдэг таамгийг анх  Цөмийн энергийн олон улсын агентлагийн шинжээчид гаргаж ирсэн билээ. Дээрх таамаглалыг дэвшүүлсний дараа АНУ, НҮБ, Европын холбоо Ираны эсрэг шат дараалсан хориг арга хэмжээ авсан юм. Ираны гадаад худалдаанаас олох ашгийн 80 хувийг газрын тосны экспорт бүрдүүлдэг. Европын  холбоо ирэх долдугаар сараас Ираны эдийн засгийг бүхэлд нь боомилох хориг тавихаар төлөвлөж байгаа билээ.

Ираны цөмийн хөтөлбөрийн тухай таамаглалаас болж АНУ, Ираны харилцаа ид хурцдах үед нэг баррель газрын тосны үнэ 110 ам.долларт хүрсэн юм. Харин өнгөрсөн долоо хоногт нэг баррель газрын тосны үнэ 92.50 ам.долларт хүрчээ. Кэмп Дэвид дэхь дэлхийн их гүрний уулзалтаар АНУ, Канад, Их Британи, Герман, Франц, Итали, Япон, ОХУ өнгөрсөн баасан гаригт Иранаас НҮБ-ын шаардлагыг хүлээн авч, цөмийн шинжээчдийг тус улсад оруулах асуудал дээр санал нэгджээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж