Ерөнхий сайд “За тэгээд энэ жил чийг хэр байна” гэсээр машинаас бууж үрсэлгээ хийж буй талбай руу алхлаа. Энэ хавар чийг бага унасан ч газрын гүний чийг харин гайгүй байгаа гэнэ. Талбай дундуур алхах тэрээр “Намар алхахад халиураад мөн ч сайхан шүү. Тарианы чанар ямар байна. Цавуулаг энэ тэр гээд яригддаг шүү дээ. Ямар үрээр үрсэлгээ хийв” гэж асуув. “Түмэн бут” компани энэ жил “Алтайский-530” сортоор үрсэлгээ хийж байгаа юм байна. Чанарын хувьд өнгөрсөн жилийн тарианы чанар маш сайн, будааны гологдол гараагүйг хэлэв. Ерөнхий сайд “Бүх юм 100 хувь сайн байна гэж ч байхгүй дээ. Асуудал гарсан л байж таараа. Тэрийг нь яагаад ярихгүй байна” гэх. “Дэрст хонд”, “Цагаан чулуут” хэмээх хоёр газарт хийгдэж буй үрсэлгээний их ажлыг ердөө ганцхан трактор амжуулж байгааг харлаа. Үрсэлгээнийхээ ажлын 80 хувийг хийсэн, одоо гурав хоногт дуусчихна гэж тариаланчид ярьж байв. С.Батболд “Энэ тэгээд хаанахын, ямар хүчин чадалтай техник болоод ийм их ажлыг ганцаараа нугалдаг байна” гэв. “Атрын III” аяны хүрээнд хэрэгжсэн ажлын үр дүн гэнэ. Марк нь “ТМЗ-1221” гэдэг трактор ажээ. Үнэ нь 89 сая төгрөг ч “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн дэмжлэгээр 50 хувийн хямдралтай авчээ. Ийм өндөр үнэтэй техник хэрэгслүүд бусад аж ахуйн нэгжүүдэд 50 хувийн хөнгөлөлтөөр очсон байна.
“Түмэн бут” компанийн тариан талбай дээр Ерөнхий сайдтай уулзахаар тариалан эрхэлдэг 10 гаруй компанийн захирал иржээ. Тэдний санаа оноо ямар байгааг, энэ жилийн хүндрэл юу байгааг асуулаа. Тэд ярьж байна аа, “Өнгөрсөн жил шатахуун түлш хүнд байсан. Энэ жил төр засгаас шийдвэрлэсэн болохоор энэ тал дээр асуудал алга. Одоо хоёр асуудал бидний санааг зовоож байна. Өнгөрсөн жилийнх шиг үр тариа авах юм бол борлуулалт хэцүүднэ. Хоёрдугаарт агуулах савны хүрэлцээ тааруу байна. Энэ хоёр дээр төр засгаас анхаарвал бид тариагаа тариад хураагаад авчихаж чадна” гэж байв. Энэ яриаг сонсоод ердөө гуравхан жилийн өмнө “Тариагаа хаана агуулах, хаана борлуулах тухай ярих байтугай тариа, будаа зээлэхээр төр засгийн өндөрлөгүүд гадагшаа нисч байсан даа” гэж бодогдож байлаа. Ерөнхий сайдын амнаас Төв аймгийн Угтаалд 34 мянган тоннын агуулах сая ашиглалтад орсон, “Улаанбаатар гурил” компанийн 50 мянган тоннын агуулах Дарханд ашиглалтад орсныг сонслоо. Ийм байдлаар агуулах савны асуудал шийдэгдэж л байгаа юм байна. Дээр нь Т.Бадамжунай сайдын хэлэх нь урд хөрш рүү 100 мянган тонн тариа экспортлох гэрээ хийгээд байтал үнэ нь жаахан унасан юм байна. Одоо харин тавдугаар сар гараад үнэ нь өсч байгаа учраас тариагаа экспортлох бололтой. Өнгөрсөн жил манай улс түүхэндээ байгаагүй их ургац буюу 370 мянган тонн үр тариа хураасан билээ. Ингээд бодохоор 100 мянгыг нь экспортод гаргах юм байна. Үлдсэн нь Монголын ард түмний жилийн хэрэгцээг өлхөн хангаад илүү гарна. Дээрх тарианы агуулахууд ашиглалтад орсон, дээр нь энд тэнд шинээр агуулахуудыг аж ахуйн нэгжүүд барьсаар байгааг тооцоход үр тарианы хадгалалт, борлуулалтын асуудал ойрын хугацаанд шийдэгдээд явах юм байна гэж тариаланчид ойлголоо. Т.Бадамжунай сайдын яриагаар гэхэд бидний зогсож буй Баруунхараа орчимд гэхэд 4000 тоннын агуулах барих шийдвэр гарсан байх жишээтэй.
Тэнд ирсэн арваад аж ахуйн нэгжийн дээд тал нь 1000 гаруй га эргэлтийн талбайтай бол доод тал нь 300 га-д тариалалт хийдэг байна. “Шанд төв” ХХК-ийн захирал Б.Жанчивдорж Ерөнхий сайдаас “Атрын IV” аяныг эхлүүлэхийг хүсэхээр иржээ. Тэрбээр бид чинь “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д өртэй байх туйлын сонирхолтой шүү дээ. 400 га-д тариа тарихын тулд дөрвөн тонн шатахууны урьдчилгаа 30 хувийг төлөөд бусдыг тус сангаас зээлээр авна. Нэг тонн үрийн будааг 680 мянган төгрөгөөр бодож мөн сангаас зээлнэ. Намар харин зээлснийхээ оронд будаагаа өгдөг байхгүй юу. Тэгэхээр эднийхээс зээлтэй байхад санаа зовох зүйлгүй гэв. Тэдний өгсөн үр тариаг сангийн зүгээс экспортод өндөр үнээр гаргаж байвал болдог л наймаа аж. Ямартай ч гурван жилийн дотор дотоодын нийт хэрэгцээгээ 100 хувь хангадаг болсонд Ерөнхий сайд ч тэр, тариаланчид ч тэр баяртай байгаа нь тэдний хөөрөлдөөнөөс анзаарагдах. Тэд цаашдаа яахав гэдгээ ярилцацгаав. С.Батболд “Үр тариа, хүнс гэдэг бол стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Бид “Атрын III” аяныг өрнүүлснээр том үр дүнг үзлээ. Том ажлын ард гарч чадлаа. Одоо бидний өмнө дараагийн шат ахисан ажил болох газар тариалангийн салбараа бүрэн техникжүүлэх, агуулах саваар хангах, экспортод гаргах гэсэн асуудлууд байна. Эдгээрийг яриад явах бус эхнээсээ хийгдэж эхэлсэн ажлууд. Өнгөрсөн дөрвөн жилд улсын төсвийн эх үүсвэрээс 70 тэрбум төгрөгийн техникийн шинэчлэл хийгдсэн байна” гэсэн юм. Энэ салбарын албаны хүмүүс болон тариаланчдын яриагаар бол техник шинэчлэл төрийн дэмжлэгтэйгээр эрчимтэй хийгдэж байгаа нь наад захын жишээнээс харагдаж байгаа аж. Манай улсын үр тарианы аж ахуйн нэгжүүд Америк, Канад, Англи зэрэг улсуудад болдог томоохон үзэсгэлэн худалдаануудад өөрсдийн биеэр оролцож техникээ захиалаад авдаг болсон байна.
Монгол Улс өнөөдөр тариалалтын 700 мянган га эргэлтийн талбайтайгаас Сэлэнгэд 300 мянган га нь байгаа аж. Үүнийгээ сэлэнгэчүүд 100 хувь ашиглаж байгааг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Эрдэнэбат ярив. Сэлэнгэчүүд 7200 га-д улаан буудай тарьснаас ажлын явц нь өнөөдөр 42 хувьтай явна. Аймгийн техникийн шинэчлэл 68 хувь хийгджээ. Өнгөрсөн жил эднийхэн га-гаас 24-25 центр ургац авсан нь маш өндөр үзүүлэлт. Хавар, намарт Сэлэнгэ рүү Ерөнхий сайд байсхийгээд давхиж очоод байдаг нь улсын тариалангийн талбайн тал хувь энд байдаг, дээр нь энэ хавиас монголчуудынхаа хаврын тариалалтын ажлын ерөнхий ханыг харчихдагт учир нь байдаг бололтой. С.Батболд тариаланчдад хэлсэн “Манай үр тарианы томоохон аж ахуйн нэгжүүд хөл дээрээ зогсож, үйл ажиллагаа нь жигдэрч, бэхжээд авлаа. Одоо манай Засгийн газрын бодлого ямар байх вэ гэвэл энэ салбарын дунд, жижиг аж ахуйнууддаа хандсан дорвитой бодлого, үйл ажиллагаа явуулахад чиглэнэ. Ядаж эдгээр аж ахуйнуудаа орчин үеийн комбайнаар хангах ёстой. Ингэхийн тулд орж ирж буй техникийг аливаа татвараас чөлөөлөх, НӨАТ-ыг 2016 он хүртэл хөнгөлөх, зээлийн хүүг хөнгөлөх ч гэдэг юм уу, дорвитой арга хэмжээнүүдийг төрөөс авах ёстой. Ингэж дэмжих нь төр засаг, түүнд ажиллаж буй бидний үүрэг. Тийм болохоор миний бие газар дээр нь явж ажил байдалтай танилцаад байгаа нь энэ” гэлээ.
Тариан талбайнаасаа шууд Баянгол сумын урд захад байрлах Р.Дагвадорж гуайн чацарганын талбай дээр ирлээ. 2005 оноос хойш энэ газарт чацарганын аж ахуй эрхэлж эхэлжээ. “Миний долоон жилийн хөдөлмөрийн үр дүн гарсан нь энэ” хэмээн томоо хашаа дүүрэн чацарганын мод, ургасан байдалтай таницууллаа. Ноднин жилийн маань ургац өнөөдөр дуусч шинэ ургацтайгаа золгож байна. Та манай түрүү жилийн ургацаас амтал хэмээн ширээ дүүрэн ярайх чацарганаараа дайллаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чацаргана” хөтөлбөрийн хэрэгжилт, үр шим хөдөөд ийм байгаа аж. Тэднийх аж ахуйгаа өргөжүүлж байгаа гэнэ. “Маргааш Эрхүүгээс алимны 100 ширхэг мод ирнэ. Түүнийгээ тарина. Засгийн газрын дэмжлэгээр Солонгос улсад үйлдвэрлэсэн орчин үеийн таван хүлэмж өгсний нэгийг сая авчирлаа. Хүлэмжийн аж ахуй маш чухал. Төр засгийн дэмжлэг ийм сайн байхад бид хичээлгүй яахав. Аж ахуйгаа цааш өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн Дагвадорж гуай ярив. Баянгол сумын Засаг дарга Б.Энхбат “Манай сум 5700 хүн, 1700 өрх айлтай. Үүнээс 350 орчим өрх нь хүнсний ногооны аж ахуй эрхэлж байна. Үрийн төмсний шинэчлэлийг өнгөрсөн жил хийж дууссан. Одоо Баянгол сумын хөрсөнд ургасан төмснөөс вирустэй төмс гарахгүй” гэсэн юм. Сумандаа 266 сая төгрөгийн эх үүсвэртэй зээлийн сан байгуулж эдгээр өрхийн аж ахуйнууддаа нэг хувийн хүүтэй зээл олгож эхэлжээ. Энэ сумынхан ойрын хугацаанд “Ногоон сум” болох зорилт тавьжээ. Үүнийг нь Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас ногоон хөгжлийг дэвшүүлсэн. Тийм болохоор танай сумын энэхүү үйл ажилагааг бүх талаар дэмжинэ гэв. Мөн цугласан ногоочидтой “Та бүхэн хорших, нэгдэх хэлбэрээр цаашид ажллавал ямар вэ” хэмээн санал бодлоо солилцов. Тус сумын ногоочин С.Оюун “Бид хот руу ногоогоо зарахаар очдог. Олон хонож чаддаггүй. Сүүлдээ хотынхны аманд ногоогоо хямдхан зарахад хүрдэг. Хотын удирдлагуудтай ярилцаад нийслэл, дүүрэг, хороо, багуудтай биднийг шифлэж өгч болох уу” гэснийг Ерөнхий сайд “Маш сайн санаа байна. Үүнийг ажил болгох ёстой шүү салбарын удирдлагууд аа” гэж байлаа. С.Батболд “Та бүхний хотод ногоогоо аваачаад хадгалах, борлуулахад гардаг бэрхшээлийг сайн ойлголоо. Энэ асуудлуудыг чинь шийдчихэд бусдыг нь та нар хийчих юм байна” гэсэн юм. Мөн С.Батболд баянголчуудад хандаж хэлсэн нэгэн чухал үг бол “Дэлхий даяар хүнс улам хомсдож байна. Гэтэл та бүхний маань хөдөлмөр зүтгэлийн үрээр монголчууд гурилаар 100 хувь хангагддаг боллоо. Дээр нь хүнсний ногооныхоо дотоодын хэрэгцээг 70 хувь хангаад илүү гарсанаа хаана агуулах вэ, хаана борлуулах вэ гээд сууж байгаа нь нэг талаар сайхан байна. Та нарын дараагийн зорилго бол дэлхийг Монголын хөрсөнд ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах явдал юм шүү” гэсэн юм.
Ерөнхий сайдын тариалангийн бүсэд ажиллахдаа амжуулсан гурав дахь ажил нь тусхүү Баянгол сум нь “Монгол улсын тэргүүний сум”-аар шалгарсан батламж, 100 сая төгрөгийг баянголчуудад гардуулах ёслолын ажиллагаа байлаа. Баянгол сумын иргэд буюу баруунхараачууд олноор цуглажээ. Монгол Улсын 329 сумаас хоёр сумыг улсын тэргүүний сум хэмээн шалгаруулсны нэг нь эднийх юм. Сумын Засаг дарга Б.Энхбат “Тэргүүний сум болтлоо хөдөлмөрлөж байгаа Баянгол сумынхаа иргэд та бүхэндээ баярлалаа. Та бид үүнээс илүү ихийг хийж чадна. Бидний өмнө ногоон сум болох зорилго байна. Монгол түмнээ, цаашлаад олон улсад экологийн цэвэр хүнс гаргах зорилго зорилт гэхчлэн их ажил хүлээж байна. Үүний төлөө бүгдээрээ зүтгэнэ шүү” хэмээн дахин дахин хэлж байлаа. Шилдэг тэргүүний сумыг шалгаруулах үзүүлэлтэд Монгол Улсын Засгийн газар юуг голлох үзүүлэлт болгосныг сонирхлоо. Гол нь эдийн засгийн үзүүлэлт аж. Ажлын байр нэмэгдсэн. Өрхийн амьжиргааны орлогын үзүүлэлтүүд. Үүнийг дагасан ядуурал буурсан байдал. Явуулж буй үйл ажиллагаа нь байгаль орчинд хоргүй эсэх гээд гарцаа байхгүй өнөөдөр нийгэм нэхэж буй шаардлагуудыг баянголчууд хангажээ. Ийм учраас “Монгол Улсын тэргүүний сум Баянгол” гэсэн төрийн хүндэтгэлийг Ерөнхий сайд С.Батболд өөрийн биеэр хүрэлцэн очиж гардуулсан нь энэ аж.
Эх сурвалж: “Өдрийн сонин”