Дэлхийн уул уурхайн хэлэлцүүлэг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн уул уурхайн хэлэлцүүлэг эхэллээ

Монголчууд уул уурхайн салбарын олон улсын уулзалтуудад идэвхтэй оролцон, санал бодлоо илэрхийлж, түншлэгч байгууллагуудтай эн тэнцүү ярилцан, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Эдгээр үйл явдлыг The Mongolian Mining Journal сэтгүүл газар дээрээс нь сурвалжлан Монголын олон нийтэд мэдээлдэг туршлагатай бөгөөд энэ удаа Хонконгод нээгдсэн Mines&Money арга хэмжээний цуврал сурвалжлагыг уншигчдадаа хүргэж байна. Уг хуралдааны маргааш буюу 25-ны өдрийн бүхий л арга хэмжээ Монголд хөрөнгө оруулах нь сэдвээр өрнөх юм.  Хонконгийн Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа тун удахгүй арилжихаар бэлтгэж буй үндэсний компаниуд маань энэхүү хуралдаанд идэвхтэй оролцоно.

Хятадын үйлдвэрлэл өргөжихийн хэрээр, түүхий эдийн ялангуяа зэсийн эрэлт огцом өсөх тухай Айвенхоу Майнз-ын ТУЗ-ын дарга Роберт Фридланд “Mines and Money Hong Kong 2011” хурлын салхийг хагалсан “Дэлхийн уул уурхайн нөхцөл байдал” сэдэвтэй илтгэлдээ онцлов. Тэрбээр 2012 оны сүүлээр “Оюутолгой” төслийг ашиглалтад оруулах тухай танилцуулахын зэрэгцээ улс орнууд, тухайлбал Хятадын Засгийн газар болон Канадын Онтарио, Ванкуверын захиргаа цахилгаан хөдөлгүүрт машины үйлдвэрлэлийг онцгой урамшуулдаг болсон нь уг төрлийн машины эрэлт шатахуунаар ажилладаг унааныхаас 2-3 дахин их болоход хүргэнэ. Цахилгаан хөдөлгүүрт машины эрчим хүчний сав болох лити зай хураагуурыг хийхэд зэс хамгийн чухал үүрэгтэй хэмээн онцлов.

Австралийн төмрийн хүдэр үйлдвэрлэлийн магнат Fortescue Metals Group-ын Гүйцэтгэх захирал Andrew Forrest үргэлжлүүлэн “2011 оны зах зээлийн сорилт, үйлдвэрлэлийн өсөлтийн боломж” сэдвээр тавьсан илтгэлийнхээ эхэнд Хятадын төмрийн үйлдвэрлэлийн өсөлтийн төлөв байдлын судалгааг ярив. Судалгаагаар Хятадад жилд 20 жижиг болон дунд хэмжээний хот баригдаж буй ажээ.  Дундад улс өдгөө жилд 790 сая тонн ган үйлдвэрлэдэг бол 2015 онд 1290 сая тонныг бүтээдэг болохоор ажиллаж буй. Гэвч энэ зорилтод хүрэхэд төмрийн хүдрийн үнийн өсөлт л гол дэмжлэг болох тухай тэрбээр байр сууриа илэрхийлэв. Тус компани энэ жил 155 сая тонн төмрийн хүдэр олборлох бөгөөд хүчин чадлаа 355 сая тонн болгох боломжийг нэмэлт дэд бүтэц байгуулан бүрдүүлэх тухай мөн тайлбарласан юм. 

Мines and Money хурлын гуравдугаар сарын 23-ны эхний өдрийн “гол сонсгол” гэж тодотгосон дээрх хоёр илтгэлийн дараа CRU Strategies түүхий эдийн судалгааны компанийн Бүс нутаг хариуцсан Захирал Allan Trench “Mеталлын ханш, түүхий эдийн хэтийн төлөв” илтгэлээрээ зэс, хөнгөн цагаан, коксжих нүүрс, молибден, фосфат, цагаан алт зэрэг нь түүхий эдийн зах зээлийн орчин ойрын жилүүдэд хамгийн тааламжтай байх тухай судалгааны дүгнэлтээ танилцуулав.

 Хурлын танхимаас гармагц 150 гаруй компанийн танилцуулга бүхий том зааланд төлөөллүүд дор бүрнээ өөрсдийн үйл ажиллагаагаа уул уурхайн салбарын бизнесмэнүүдэд танилцуулна. Энэхүү танхимд Монголоос Хүннү Коүл, Haranga Resources, Prophecy Resource, Шарын гол, SouthGobi Resources, Aspire Mining, MicromineMongolia зэрэг компаниуд байраа эзэлжээ.

Ийнхүү нийтдээ 2000 орчим хүн энэ жилийн “Mines and Money Hong Kong” хуралд оролцож буй бөгөөд эхний өдөр дээрх сэдвээс гадна Уул уурхайн санхүү, Африк, Орос, Киргиз, Казахстан, Монгол зэрэг улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын орчин, Уул уурхайн төсөл дэх эрсдэлийг зохицуулах нь, Хөрөнгө оруулагчид юу хүсдэг вэ зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлүүлэг өрнүүлсний дээр 21 компани үйл ажиллагаагаа дэлгэн танилцуулав. Эдний дунд Хүннү Коүл, Prophecy Resource-ын төлөөллийн илтгэл олны анхаарлыг тун ихээр татсан билээ.
Хурлын хоёр дахь өдөр буюу өнөөдрийн  арга хэмжээнд Хятад, БНСУ, Филиппиний уул уурхайн байдлын талаар илтгэл тавихаас гадна Зүүн Ази, Өмнөд Америкийн уул уурхайн асуудлаар хэлэлцэх юм. Түүнчлэн мөнгө, ховор метал, уран зэрэг түүхий эдийн эрэлт, үнийн хандлагын талаар мэргэжилтнүүд саналаа хуваалцана. Mines and Money олон улсын арга хэмжээний баасан гаригийн хуралдаанаар Монголын уул уурхай дахь  хөрөнгө оруулалтын сэдвээр тун сонирхолтой ярилцлага өрнөх төлөвэй байна.

Б. Төгсбилэгт, The Mongolian Mining Journal, Хонконг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж